Б.Оюун-Эрдэнэ: Би яг хараацай шиг

Ихэнхдээ дүрслэх урлагийн орчин үеийн төрлүүдээр туурвиж, бүтээл бүрээс нь эрч хүч мэдрэгддэг Б.Оюун-Эрдэнэ хэмээх зураачийг нэлээд сураглаж, хайж олов. Өнгөрсөн хавар “Гүнд” хамтарсан үзэсгэлэнг нь үзсэнээс хойш түүнтэй уулзах хүсэл өөрийн эрхгүй төрсөн юм. Жижигхэн биетэй, шавилхан энэ бүсгүйн дотор үлэмж биетэн нуугдчихсан мэт. Тэр нь хүч чадал өгч, эрх чөлөө бэлэглэдэг шидтэн гэмээр. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Өнгөрсөн хавар гаргасан “Гүнд” үзэсгэлэндээ та өөрөө хэр ханамжтай байв?

-“Бум” арт галерейд дэлгэсэн. “Гүнд” үзэсгэлэнг минь үзээд Л.Бумандорж багш “Сэтгэл хангалуун байна” гэж үнэлсэн. Харин надад өөрт арай л болоогүй санагдаад байгаа. Зураач хүн өөртөө, хийж буй зүйлдээ ханачихвал дахиж сайн уран бүтээл “төрүүлэхгүй”.

-Мэргэжлээ хаана эзэмшсэн бэ?

-Багаасаа л зургийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурсан. Дараа нь СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг Д.Батмөнх багшийн удирдлага доор уран зургийн чиглэлээр төгссөн.

-Яагаад бүтээлүүддээ хараацайг түлхүү тусгадаг юм бэ. Олон бүтээлээс тань эл шувууг харлаа?

-Шувуу бол эрх чөлөөт байдлын бэлгэдэл. Би эрх чөлөөнд дурлагч. Хараацай жижигхэн биетэй ч, эрч хүчтэй шувуу. Яг л над шиг. Эрх чөлөө, эрч хүч гэдэг үгийг салгаж боломгүй мэт санагддаг. Нөгөө талаар хараацай маш бээрэг гэдэг. Хэчнээн гоё галбиртай, эрч хүчтэй ч тийм сул талтай гэхээр өрөвдөлтэй. Энэ нь надад яг л амьдрал шиг санагддаг юм.

-Бүтээлүүддээ улаан, цэнхэр өнгө их ашигласан байна билээ. Тод, “халуун” өнгөнд дуртай юм уу даа.

-Би эрс тэрс өнгөөр зурах дуртай. Өнгүүдийг хольж, найруулахаас илүү дангаар нь, шууд ашиглах дуртай. Зураач нар “түүхий өнгө” гэдэг юм. Бас цагаан өнгө их хэрэглэдэг. Сүүлийн үед цайвар цэнхэр өнгөөр “тоглох” дуртай болсон.

-Тэгвэл ашиглах дургүй өнгө байдаг уу?

-Неон гэрэл шиг ногоон өнгөнд дургүй. Хувцас загварт ашиглаж болох ч уран зурагт яаж хэрэглэх учраа олдоггүй юм.

-Уран бүтээлчийн тухайн үеийн сэтгэл хөдлөл бүтээлийн өнгө, аяст хэр нөлөөлдөг бол?

-Маш их нөлөөлдөг. Сонгосон өнгө, дүрс, бийрийн таталтыг нь харахад л андашгүй. Би жил хүрэхгүй хугацааны өмнө эмээгээ алдсан юм. Тэр үед “Эх шувуу” бүтээлээ зурж байлаа. Зурж дуусахаас өмнө минь эмээ өөд болсон доо. Нас барахынх нь өмнө болоод дараа нь сонгосон өнгө өөр. Яг л адилхан хараацай дүрсэлсэн хэрнээ өнгө нь ялгаатай гарсан гэхээр нөлөөлсөн байгаа биз.

-Уран зургийн ямар төрлөөр гочлон бүтээл туурвидаг вэ?

-Сюралст чиглэлээр түлхүү зурж байна. Гэхдээ залуу хүн болохоор олон чиглэлд уран бүтээл хийж, өөрийгөө сорихыг хүсэж байгаа. Арга барилаа өөрчилж, шинээр туршдаг. Яваандаа ур чадвар нэмэгдэж, улам онцгой болох байх.

-Зургийн санаа, зохиомжоо хэрхэн олдог вэ?

-Сэдэв мундахгүй ээ. Ер нь санаа, зохиомжийг хаанаас ч олж болно шүү дээ. Гэхдээ эскиз гаргахаас илүү дотроо бодоод л явдаг. Нэлээд удаан хугацаанд янз янзаар бодно. Тэгж байгаад буулгадаг.

-Зурж байхдаа юу мэдэрдэг вэ?

-Маш их эрх чөлөө мэдэрдэг. Үгээр хэлж, үйлдлээр үзүүлж чадахгүй байгаа зүйлээ бүтээлдээ шингээж чаддаг.

-Сүүлийн үед зураачдын бүтээлийн хэмжээ эрс жижгэрч байх шиг. Таны бүтээлийн хэмжээ өөрчлөгдөв үү?

-Ер нь тийм шүү. Олон улсын биеннальд оролцоход ч бүтээлийн хэмжээг заадаг болсон. Тиймээс шаардлагад нь нийцүүлэхээс аргагүй. Миний хамгийн том бүтээл 190х170 см хэмжээтэй.

-Та зургаа ямар нөхцөлд зурдаг вэ. Зарим зураач чимээгүй орчинд зурдаг юм билээ. Зургийн зохиомжоо гаргахын тулд холхиж анхаарлаа төвлөрүүлдэг зураач ч бий.

-Зурж байхдаа хөгжим сонсох дуртай. Хөгжим, зураг хоёр ямар гайхалтай хосолдог гээч. Урлангийнхаа хаалгыг дангинатал түгжээд, ганцаараа тухтай суух дуртай.

-Хөгжмийн хэмнэл зургийн зохиомж, өнгөнд нөлөөлдөг байх нь ээ?

-Хөгжимгүйгээр зурж чадах, эсэхээ ч төсөөлөхгүй байна. Би металл, рок хөгжим сонсдог. Энэ төрлийн хөгжим асар их эрч хүч мэдрүүлдэг. Тэр нь миний бүтээлд шингэдэг байх.

-Тэгвэл улирал, цаг агаар, байгалийн үзэгдэл бас нөлөөлдөг үү?

-Сэтгэлд нөлөөлнө. Гэхдээ бүтээлдээ тийм үзэгдэл тусгадаггүй.

-Зураач бүрт эхэлчихсэн хэрнээ дуусгаж чаддаггүй, эсвэл маш удаан хугацаанд зурсан бүтээл байдаг. Танд бий юү?

-Би ер нь их хурдан гартай. Хурдан зураад дуусгачихдаг. Хамгийн удаан нухсан бүтээлээ хоёр сарын хугацаанд зурсан.

-Монголд уран зураг идэвхтэй цуглуулагч 50 гаруй бий гэсэн. Тэд таны бүтээлийг хэр сонирхож байна вэ?

-Сонирхдог л юм. Гэхдээ эдийн засагтай холбоотойгоор ч тэр үү, сүүлийн үед багассан.

-Захиалгаар зурдаг уу?

-Тэгж зурмаар санагдвал л. Түүнээс биш, хэр баргийн захиалга авахгүй ээ. Өөртэйгөө зөрчилдөөд байдаг юм. Би бүтээлээ ямар ч шийдэл, өнгө ашиглан зоригтойгоор зурж чадна. Гэтэл захиалгаар зурахад өөр хүний таашаалд нийцүүлэх хэрэгтэй болдог. Тэр нь надад таагүй санагддаг юм. Гар хүртэл хөшсөн мэт удаан болчихдог.

-Бүтээлээ хүнд худалдахад харамлах сэтгэл төрдөг үү. Мэдрэмж, сэтгэлээ зориулсан зүйлээ өгөөд явуулахад хайран санагддаг болов уу?

-Харамсдаггүй. Миний бүтээлийг үнэхээр таалж байгаа хүнд өгөөд явуулах сайхан.

-Зураач нар бүтээлдээ нэр өгөх гэж их удаан боддог юм билээ. Бүтээлийг бүрэн илэрхийлэх, яг оносон нэр олох хэцүү юү?

-Их хэцүү шүү. Бүтээлийнхээс гадна үзэсгэлэнгийн нэр өгөх бас хэцүү, ярвигтай. Их удаан боддог. Бүх зураг бэлэн болчихсон атал тэднийгээ цогцоор нь илэрхийлэх үг олох хэцүү.

-Одоо загвар зохион бүтээгч болохоор суралцаж байгаа гэсэн. Зураач, загвар зохион бүтээгчид төстэй зүйл мэдээж бий. Хамгийн их ялгаатай тал нь юу вэ?

-Хувцас загвар их сонирхолтой. Загвар, уран зургийг хослуулах боломж ч бий. Цаашлаад энэ чиглэлээр ажиллах бодолтой. Өөрийн бүтээлийг зохиосон загвартаа шингээж, сонирхолтой хувцас урлах хүсэлтэй байгаа. Байхгүй зүйлийг бий болгодог учраас энэ хоёр маш төстэй. Нөгөө талаас, хүний биед зориулж “тоглох” болохоор хувцас загвар илүү адармаатай. Зотон дээр зурахад илүү дураараа шүү дээ.

-Тогтмол орлого, ажлын байргүйгээсээ болж гэр бүлийнхэндээ адлагддаг уран бүтээлч байдаг гэсэн. Таны мэргэжлийг гэр бүлийнхэн тань хэр үнэлдэг вэ?

-Дунд сургууль төгсөх үед гэрийнхэн маань намайг эмч болгоно гэдэг байлаа. Гэтэл би багаасаа л зураач болохоор шийдчихсэн. Тэгээд гэрийнхэндээ “Тэгвэл задлан шинжилгээний эмч болъё. Үгүй бол зураач л болно” гэж зөрж байж мэргэжлээ эзэмшсэн. Эхэндээ зураач болно гэхэд дургүйцэж л байсан. Яваандаа ойлгосон. Одоо бол сайн ойлгодог, дэмждэг.

-Залуу уран бүтээлчдэд ямар бэрхшээл тулгардаг вэ. Та юунд эмзэглэдэг вэ?

-Миний бүтээлийг заавал ойлгох албагүй. Гэхдээ хараад төрөх мэдрэмж, сэтгэгдэл нь сонирхолтой. Манайд 20 гаруй уран зургийн галерей үйл ажиллагаа явуулж буй ч үзэгч хангалтгүй. Хүмүүсийг дүрслэх урлагийн мэдлэг, мэдээлэл хомс байдагт эмзэглэдэг.

-Дараагийн үзэсгэлэнгээ хэзээ гаргах вэ?

-30 нас хүрэхээсээ өмнө гаргана даа. Нарийн тов хэлж чадахгүй нь.

-Өмнөхөөсөө ямар онцлогтой бүтээлүүдээр хүмүүсийн нүдийг хужирлах бол?

-Илүү шинэлэг, чанартай, намайг илэрхийлж чадахуйц бүтээл туурвихыг хичээж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)