Бохирдуулагчдыг хамгаалсан хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардлаа

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар “Эко танхим”-д уулзалт зохион байгууллаа. Уулзалтад БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын засаглалын хөтөлбөр хариуцсан менежер Д.Эрдэнэчимэг, “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа, Төв аймгийн Заамар сумын IV багийн иргэн З.Мөнхбат нар оролцлоо.

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж БОАЖЯ-ыг иргэний нийгмийн байгууллагууд шүүхэд өгсөн. Хурал нь удахгүй (Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-ны баасан гарагт) болох гэж байна. Яг ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бэ?

Д.Эрдэнэчимэг: -Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталснаас хойш хэрэгжүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Хэрэгжүүлээгүй гол шалтгааныг салбарын яамны мэргэжилтнүүд эдийн засгийн хямралын үед аж ахуйн нэгжүүдэд дарамт болох учир Засгийн газар журам батлаагүй гэсэн шалтаг хэлдэг. Иргэний нийгмийн байгууллагын зүгээс өнгөрсөн хугацаанд БОАЖЯ-ыг журмаа батлуулж, төлбөрийг бохирдуулагч нараас аваад хуулиа хэрэгжүүл гэдэг шаардлага тавьсаар байсан боловч үр дүн гараагүй. Иймд Засгийн газар, БОАЖЯ-ыг хариуцагчаар татан, хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй үйлдлийнх нь төлөө шүүхэд нэхэмжлэл гаргасан.

-БОАЖЯ эдийн засгийн хямралтай үед энэ хуулийг батлах нь аж ахуйн нэгж, байгууллагуудад дарамт болно гээд ус бохирдуулсны төлбөрийн доод хязгаарыг 50-60 хувь бууруулах хуулийн төсөл боловсруулжээ. Уг нь тус хууль хэрэгжсэнээр аж ахуйн нэгжүүдэд хэрхэн дарамт болж байгаа асуудал хөндөгдөж, үүний дагуу бодит байдлыг харуулсан судалгаа, тооцоолол дээр үндэслэн нэмэлт, өөрчлөлт хийх, эсэх асуудал тавигдах ёстой юм биш үү?

Л.Эрдэнэбулган: -Та бүхнийг энэ асуудалд анхаарлаа хандуулж буйд баяртай байна. Энэ хэлэлцүүлгийг өрнүүлснээр ус бохирдуулагч төлбөр төлөх ёстой гэх хуулийг нийгэмд ойлгуулж, таниулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Эхлээд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй болов уу. Бид бүгд байгаль орчноо хамгаалах зорилготой. Байгалиа сүйтгэх, усны нөөцийг багасгах зэрэг бодлогоосоо ухарсан зүйл байхгүй гэдгийг онцолъё.

... 40 гаруй мянган аж ахуйн нэгжийн гаргаж байгаа бохирын хэмжээг яг таг тооцно гэдэг боломжгүй. Яагаад гэвэл аж ахуйн нэгжээс гарч буй бохирын дээжийг шинжлэх, өндөр хүчин чадалтай лаборатори манай улсад байхгүй.... 

Яамны зүгээс хуулийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газарт хоёр удаа хүсэлтээ хүргүүлсэн боловч 2015 оны 39 дүгээр тэмдэглэлээр буцаасан. Эл хууль иргэнээс хүртэл төлбөр авах зохицуулалттай байсан. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар иргэдээс төлбөр авах нь эдийн засагт дарамт учруулна гэж үзээд түр хойшлуулсан. Дараа нь 2016 оны хоёрдугаар сард БОАЖЯ-наас иргэдээс татаас авахгүйгээр аж ахуйн нэгжүүдээс нөхөн төлбөр авахаар тогтъё гээд төслөө өргөн барьсан боловч хэлэлцэлгүй байсаар тухайн үеийн Засгийн газар солигдсон.

Шинэ Засгийн газар байгуулагдаад мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг нэн даруй хэрэгжүүлэхээр болсон. Гэхдээ тухайн үед хуулийг эргэж харах, засаж сайжруулах хэд хэдэн үндэслэл байсан юм. Улсын хэмжээнд 150-160 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Харин Улаанбаатарт 40 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага бий. Гэтэл эдгээр нь ус бохирдуулж буй хэмжээг хэрхэн тооцох аргачлал тодорхойгүй байсан юм.

-Эдийн засагт дарамт болж буй, эсэхийг тогтоогоогүй байтлаа яагаад төлбөрийн хэмжээг бууруулсан юм бэ?

-Үнийн доод, дээд хязгаарыг өөрчилсөн. Их бохирдол гаргадаг “нөхдүүдийн” төлбөрийг хэвээр үлдээх үүднээс бохирдол стандартаас давбал төлөх мөнгөн дүнг гурав дахин нэмэх байсныг 2-5 болгон өөрчилсөн. Тэгэхээр гурав дахин үржүүлж байсныг тав дахин болгож байна гэсэн үг.

-Дээд хязгаар гэдэг бол өнгөн тоо. Гурав байсныг тав болголоо гэлээ. Доод хязгаар хоёр гэж байна. Төлбөр тооцохдоо хоёроор тооцох нь тодорхой биз дээ?

-Нөхөн төлбөрийн хэмжээг бодъё л доо. Бохирдолтын хэмжээ стандартаас давсан тохиолдолд нөхөн төлбөр төлнө. Төлбөр нь хоёр сая төгрөг гардаг байсныг гурав дахин нэмэхэд зургаан сая болно гэсэн үг.

Д.Эрдэнэчимэг: -Эрдэнэбулган даргад нэг асуулт тавимаар байна. Таны ярьж байгаа зүйл логикийн хувьд алдаатай байна. Манай улсын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол гадаадын зах зээл дэх бүтээгдэхүүний үнэ. Эдийн засаг 2011-2014 онд дэлхийд байхгүй өсөлттэй гарсан үе. 2015 оноос хямрал эхэлсэн. Тэгвэл 2012-2015 онд яам хуулиа хэрэгжүүлэх талаар ямар алхам хийсэн бэ. Анхны тогтоол 2015 онд гарсан гэж байна. Эдийн засаг таатай үед энэ хуулиа хэрэгжүүлэхэд яагаад анхаараагүй, юу ч хийгээгүй юм бэ. Ингээд үзэхээр ярьж байгаа зүйл чинь хоорондоо зөрчилдөөд байна шүү дээ.

Л.Эрдэнэбулган: -Хууль гарахад эдийн засгийн өсөлт 11.9 хувь байсан. 2016 онд буюу хуулийн нэмэлт, өөрчлөлт ярихад энэ тоо 11 дахин буурчихсан байсан. Энэ логикгүй байна гэж үү?

Д.Эрдэнэчимэг: -Хуулийг төлбөрийн хэмжээ их, багаас үл хамаараад хэрэгжүүлэх нь чухал гэж ярьж байна. Хэрэгжүүлэхэд энэ хуулийнхаа дутагдалтай зүйлийг боловсруулах нь амархан юм уу? Байхгүй хуулийг батлуулах нь илүү хялбар уу? Хуулиа хэрэгжүүлнэ гэдэг хүсэл, зоригтой бол тэс хөндлөнгөөр нь өөрчлөх гэж хичээх бус Засгийн газраас буцаагдсан, бэлэн байгаа дүрэм журмаа батлуулах нь илүү хурдан баймаар юм.

Л.Эрдэнэбулган: -Хууль хэрэгжүүлэхийн тулд стандарт байх ёстой. Ус бохирдолтын хэмжээ стандартад нийцэж байвал ус бохирдуулсны төлбөр авна. Стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн бол нөхөн төлбөр авна. Хоёр янзын төлбөр байгааг анзаарах хэрэгтэй. Хүрээлэн буй орчинд нийлүүлэх хаягдал усны стандарт гээд БОАЖЯ-наас боловсруулж, батлуулсан стандарт байгаа. Ариутгах татуургын шугам сүлжээ, төвлөрсөн шугамд нийлүүлэх 65, 61 дүгээр стандарт гэж бий. Энэ хоёр стандартаа тухайн хугацаанд боловсруулаад батлуулчихсан юм. Энэ байхгүй бол хууль хэрэгжихгүй. 2014-2015 онд Засгийн газар бидний өргөн барьсан хуулийн төслийг буцаасан. Ийм нөхцөлд бид яаж ч чадахгүй.

-Салбарын яамнаас 2017 онд гаргасан судалгаагаар нийслэл хотод байнгын үйл ажиллагаатай 40.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэгджээ. Тэгвэл БОАЖЯ-ны мэдээлснээр нэг аж ахуйн нэгжид дунджаар 3.3 сая төгрөг ногдоно гэж тооцоод дээрх 40 мянгаар үржүүлбэл бүр 132 тэрбум төгрөг болж байна. Тэгэхээр 3.3 сая гэдэг тун цөөхөн тооны томоохон аж ахуйн нэгжид ногдох тооцоолол гэдэг нь харагдана. Дийлэнх нь буюу аж ахуйн нэгж, байгууллагын бараг 90-ээд хувь нь ус бохирдуулсны төлбөрт маш бага мөнгө төлөх дүр зураг гарч байна. Тодорхой хэлбэл, бохирдуулсны төлбөрөөр улсын төсөвт 3.9 тэрбум төгрөг орно гэсэн үг. Тэгвэл энэ дүнг 40 мянган аж ахуйн нэгж, байгууллагадаа хуваахад нэг компанид дунджаар 97 мянга 500 төгрөг ногдож байна. Бүтэн жилийн турш төлөх мөнгө шүү дээ?

Л.Эрдэнэбулган: -50 шоо метрээс дээш бохир ус гаргадаг аж ахуйн нэгжүүдэд бохирдуулагч бодисынх нь тоогоор төлбөр төлүүлнэ. Үүнээс бага гаргадаг нь манай аж ахуйн нэгжүүдийн 90-ээс дээш хувь нь. Хоногт 50 шоо метр ус бохирдуулна гэдэг маш их. Тэр ч утгаараа 40 гаруй мянган аж ахуйн нэгжийн гаргаж байгаа бохирын хэмжээг яг таг тооцно гэдэг боломжгүй. Яагаад гэвэл аж ахуйн нэгжээс гарч буй бохирын дээжийг шинжлэх, өндөр хүчин чадалтай лаборатори манай улсад байхгүй. Тиймээс түүвэр аргаар судалгаа хийсэн. Махны, сүүний, арьс ширний, ноос ноолуур гэх зэргээр. УСУГ-аас гаргасан долоон чиглэлийн 240 гаруй байгууллагад хийсэн шинжилгээнд үндэслээд ус бохирдуулагчийн нөхөн төлбөрийг дунджаар 3.3 сая гэж тооцсон. Аж ахуйн нэгжүүдийн орлого янз бүр. Тэгэхээр бүх аж ахуйн нэгжийн гаргаж байгаа хаягдал усанд агуулагдах бодист ногдуулах төлбөр өөр. Жишээ нь, “Харгиа” цэвэрлэх байгууламжид бохироо нийлүүлдэг арьс, ширний 26-28 үйлдвэр байна. Тэдэнд ойролцоогоор 1.3 тэрбум төгрөг ногдох тооцоо гарсан.

-Уул уурхайн компаниуд яагаад ус бохирдуулагч биш болчихов оо. Хаягдлын сан томоохон компаниудад л байдаг. Ингэхэд өөрөө алтны олборлолт явагдаж буй газруудаар хэр явсан бэ?

-Уул уурхайд ус бохирдуулсны төлбөр ногдуулахгүй гэж ойлгосон бололтой. Ногдуулахгүй гэдгийг хаягдлын сан дээр л ярьсан. Маш олон газраар явсан. Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Өвөрхангай гээд. Ер нь бол уул уурхайн компаниудыг төлбөрөөс чөлөөлнө гэсэн нэг ч өгүүлбэр хуульд тусгаагүй.

“АЛТНЫХАН ГОЛЫН УСЫГ ХҮН БАЙТУГАЙ МАЛ УУХ АРГАГҮЙ БОЛГОЖ БАЙНА”

-Хуулийн төслийн танилцуулгад “Уул уурхайг оролцуулахгүйгээр 40 000 аж ахуйн нэгжээс ус бохирдуулсны төлбөр авахаар хуульд тусгалаа” гэсэн байсан. Тэрчлэн зөвхөн алт олборлодог 500 гаруй аж ахуйн нэгжийн 140-өөд нь л хаягдлын сантай шүү дээ?

-Нэг салбарт чиглэсэн хууль гэж хаана ч байхгүй. Нэгдүгээрт, эл хууль байгальд шууд нийлүүлж байгаа бохир уснаас төлбөр тооцно. Хоёрдугаарт, бохирыг шууд байгальд нийлүүлэхээс сэргийлж хаягдлын сантай болохыг аж ахуйн нэгжүүдээс шаарддаг. Энэ сан усыг дахин ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Гэтэл хаягдлын сантай болчихсон уул уурхайн компаниудаас бохирдлын төлбөр авна гэдэг нэг талаар өрөөсгөл ойлголт. Хэрвээ хаягдлын сан руу орж байгаа уснаас төлбөр авбал сан байгуулахын тулд давхар мөнгө үрэх шаардлагагүй болно. Аж ахуйн нэгж, байгууллагын эзэд бохироо шууд байгальд цутгаад мөнгөө төлөөд явах эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй.

Гуравдугаарт, хуулийг дагаж дүрэм, журам гарна. Уул уурхайд хаягдлын сангийн стандартыг бид боловсруулж байгаа. Тэр стандартыг баталчихвал хаягдлын сангаа байгуулсан аж ахуйн нэгжээс төлбөрийг тодорхой хэмжээгээр хөнгөлнө гэх зэрэг зохицуулалт бий болно. Тиймээс уул уурхайн компаниудыг төлбөрөөс чөлөөллөө гэж ойлгож болохгүй. Хаягдлын санг яаж боловсронгуй болгож, хөрсөнд нэвчдэггүй, дээшээ ууршдаггүй, усаа дахин ашигладаг болгох вэ гэдэгт анхаарах ёстой.

-Энэ асуудлаа хуулийн төсөлд тусгаагүй байна. Анхнаасаа оруулсан байх ёстой биш үү?

-Үгүй ээ, үүнийг дагаад гарах журамд тусгах ёстой.

Б.Баярмаа: Хуульд тусгаагүй бол журамд тусгана гэдэг худлаа.

-Уул уурхайнхан төлбөрөөс чөлөөлөгдөж байхад малчид яагаад ус бохирдуулагч болчихов оо?

З.Мөнхбат: -Эрдэнэбулган дарга уул уурхайн олборлолт хийдэг олон газраар явсан гэлээ. Тэгвэл нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн газраар явсан хүн ийм зүйл ярьж байгаад харамсаж байна. Заамар сумын Хайлааст багт уух усны асуудал хэцүүхэн болоод байна. Туул гол яаж бохирдсоныг ч та харсан байх. Туул голоос хүн байтугай мал ундаалахаа больсон. Ийм үед БОАЖЯ бохирдуулагчдыг хазаарлах хууль гаргаж байгаад баярлаж суулаа. Гэтэл ус бохирдуулагч аж ахуйн нэгж, байгууллагуудын “толгойг илэх” хууль батлуулах гэж зүтгэж байх юм.

Уурхайнууд хаягдлын сан байгуулаад бохирдуулсан усаа дахин ашиглана гээд ярихад амархан, сайхан ч сонсогдож байна. Та бодит байдлыг харсан бол энэ санг ашиглаад байгаль орчноо бохирдохоос сэргийлдэг уурхай үнэндээ байдаггүй. Олборлолтын үе эхлэхэд Заамарт бүртгэлтэй алтны 52 аж ахуйн нэгж дээр бичил уурхайчид нэмэгдээд 70 гаруй болчихдог. Хаягдлын сантай, сангүй бүгд адилхан усыг маш ихээр бохирдуулдаг. Гэтэл хаягдлын сантай гэдгээрээ төлбөрөөс чөлөөлөгдөж, нэг ёсондоо өршөөгдөх юм байна.

ХУУЛИЙГ ГАЦААСАН БУРУУТАН НЬ БОАЖЯ

-Бид БОАЖЯ-ыг бодлогоосоо ухарч, дэлхийн зарчмаас хазайгаад байна гэж хэлсэн шалтгаан нь аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь бүтэн жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт маш бага төлбөр төлөхөөр байна. Уг нь дэлхийн бусад орон төлбөрийн хэмжээг өндөр тогтоож, шахалт үзүүлдэг бодлогыг төр, засаг нь хэрэгжүүлдэг.

Б.Баярмаа: -Туул голыг олон жил бохирдуулсан уул уурхайн том компани Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд ямар хариуцлага хүлээх талаар нэг ч үг дурдаагүй байгаа нь хачирхалтай. Үүнийг иргэний нийгмийн байгууллагын гишүүд лобби гэж харж байгаа. Маш олон жил уул уурхайн компаниуд ганцхан Туул гол биш, устай болгоныг сүйтгэсэн. Ингэж голоо бохирдуулахгүйн тулд компаниудаас ус бохирдуулсны төлбөр авч, байгалиа хамгаалах нөхцөлийг хуулиар бүрдүүлэх учиртай байсан. Энэ төлбөрийг зохистой хэмжээнд байлгаснаас бохирдлоо бууруулах сонирхлыг аж ахуйн нэгжүүдэд бий болгох юм.

Эдийн засгийн маш их өсөлттэй үед хуулиа хэрэгжүүлээгүй атлаа одоо аж ахуйн нэгжүүдэд дарамт болгохгүйн тулд төлбөрийг 50-60 хувь бууруулсан гэж ярьдаг. Гэтэл одоо өөр олон тайлбар хэлэх боллоо. “Байгальд бохир ус нийлүүлэх харилцааг зохицуулж буй юм” гэх зэрэг. Малчид, тариаланчид ямар усыг бохирдуулаад, түүнийгээ байгальд нийлүүлэв гэхээр бүр ч сонин тайлбар хэлж байна.

Хамгийн гол нь Л.Эрдэнэбулган дарга ингэж өөр өөр тайлбар хийснээр нэгдүгээрт, нийгмийг, хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийг төөрөгдүүллээ. Энэ чухал хуулийг концепцын хүрээнд хэрэгжүүлээгүй атлаа төлбөрийн хэмжээг бууруулж байгааг хуралдаа суудаггүй зарим гишүүн ойлгоогүй явна. Анхны хуралдааны тэмдэглэлийг харахад л энэ хуулийг хэрэгжиж байгаа мэтээр ойлгож, асуултаа асууж байна шүү дээ. Х.Нямбаатар гишүүн гэхэд “Урьд нь авсан төлбөрөө юунд ашигласан бэ” гэж асуух жишээтэй. Зарим гишүүн уул уурхайгаас ус бохирдуулсны нөхөн төлбөр авч байгаа мэтээр хүртэл ярьжээ.

БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга энэ чухал ажлын хэсгийг ахалж, хуулийн үзэл баримтлалыг боловсруулж, тооцоог нь хийдэг хүн. Гэтэл нийгмийг төөрөгдөлд оруулж, ийм хууль батлуулах гэж зүтгэж байгаа нь ус, байгаль орчноо хамгаалахын эсрэг үйлдэл хийж байна гэж үзэхээс аргагүй. Ус хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, хамгаалалтыг хуулиар зохицуулдаг чухал үүрэгтэй байж хэлэлцүүлэг бүрт тайлбараа өөрчилж, хүмүүсийн тархийг угаадаг. Тухайлбал, та “Энэ хууль царцсан” гэж ярих боллоо. Ус бохирдуулагчид төлбөрөөс зайлсхийхийн тулд захиалгаар эл хуулийг царцаасан болохоос хууль өөрөө царцахгүй.

Тэрчлэн “Та нар доод хязгаарыг бууруулсан тухай л ярьдаг. Дээд хязгаар байгаа шүү дээ” гэх юм. Хуулийн төсөлд бичсэнээр, дээд хязгаарыг энэ удаа хэрэглэхгүй, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад Засгийн газар тухайн үедээ дээд хязгаараа хэрэглэх, эсэхээ шийднэ гэжээ. Тэгэхээр дээд хязгаар хэрэглэхгүй гэсэн үг. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй зургаан жил болчихоод хувь хэмжээг нь 2.5 дахин бууруулсныг нийгэм болон УИХ-ын гишүүдэд ойлгуулах нь чухал байна. Мөн энэ хууль хэрэгжвэл хуулийн үр дагавраар эрх ашиг нь хөндөгдөх талуудтай хэлэлцүүлэг хийх ёстой. Зөвхөн арьс, ширний үйлдвэрүүдтэй хэлэлцүүлэг хийсэн. Энэ нь бидний анхаарлыг их татаж байгаа.

2015 онд Өргөдлийн байнгын хороо хуралдаад Засгийн газарт “Энэ журам, аргачлалаа батлаад хуулиа хэрэгжүүл” гэсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэхдээ “Агаар, ус, орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Үүнтэй холбоотой хуулиа хэрэгжүүл, хариуцлагаа чангатга” гэсэн. БОАЖЯ усаа хамгаалах бодлогоо барьж, хуулиа боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал. Түүнээс биш арьс, ширний үйлдвэрүүд хаалгаа барих, эсэхэд санаа зовох нь БОАЖЯ-ны хийх ажил, бодлого ч биш. Тэдний эрх ашгийг хамгаалдаг яам байдаг юм. Гэтэл салбарын яам нь ундны усгүй болчихсон малчдын эрх ашгийг ярих ёстой байтал тэс хөндлөн асуудалд анхаарлаа хандуулж буй нь хардах бас нэг шалтгаан болж байна.

ТӨЛБӨРИЙН ДООД ХЯЗГААРЫГ ӨСГӨХ БОЛОМЖТОЙ

-БОАЖЯ энэ хуулийн төслийг эргүүлэн татаач гэж гуймаар байна. Ус бохирдуулсны төлбөрөө хуучнаар нь тогтоогоод, нэн даруй батлуулж, хэрэгжүүлэхэд нь бид, сэтгүүлчид тусалж болно шүү дээ?

Л.Эрдэнэбулган: -Бидний өргөн барьсан төсөлд ус бохирдуулсны төлбөрийг багасгахаас гадна өөр чухал үзэл баримтлалууд бий. Ус бохирдуулагч гэдэгт хаягдал ус гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүгдийг нь хамааруулна. Үүнд нарийн боовны үйлдвэр, уул уурхай гэдэг чухал биш. Бохирдуулж буй усны хэмжээ л чухал. Энэ хэмжээнд таарсан татварыг нь ногдуулж, ус бохирдолтыг багасгах эдийн засгийн хөшүүргийг бий болгох л зорилготой.

Б.Баярмаа: -Уул уурхайн компаниудыг байгальд шууд нийлүүлэх бохир усны сантай байхыг шаарддаг. Хаягдал усан сан технологийн үйл явцын нэг хэсэг болж байгаа учраас энэ сангийн усанд төлбөр ногдуулахгүй. Хэрэв хаягдлын сангаас байгальд шууд нийлүүлж байвал төлбөр ногдуулна гэж ярьсан. Гэтэл байгаль орчныг бохирдуулдаггүй компани ховор. Газрын тосны “Петра Чайна Дачин тамсаг” ХХК хаягдлын хэчнээн сантайг мэдэх үү. Дэвсгэр нь маш нимгэн, хуруугаараа хатгахад л цоорохоор. Угаасаа биднийг очиход маш олон цоорхой байсан. Түүгээр бохир урсаж тэр хэмжээгээр хөрсөнд шингэж, дэлхийд данстай Хялганат хээрийн экосистемийг доройтуулж байна. Ийм нөхдөөс ус бохирдуулсны төлбөр яагаад тооцож авдаггүй, яачихсан БОАЖЯ бэ.

Л.Эрдэнэбулган: -Төлбөрийн доод хязгаарыг 100 байсныг 50 төгрөг болгосон. Хэрвээ 50 нь багадвал Засгийн газрын тогтоолоор дахиж оруулаад 150, 200 болгох боломжтой. Мөн энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр хэрвээ стандартын шаардлагад нийцэж байвал төлбөрөөс тодорхой хугацаагаар чөлөөлнө гэдэг үзэл баримтлал оруулсан. Хуулийн төслийг УИХ батлаад, Засгийн газрын тогтоол гарсны дараа уул уурхайд хамаатай журам гаргана. Журамдаа уул уурхайн хаягдлын сангаас хэрхэн нөхөн төлбөр авах вэ гэдгийг нарийн тусгана. Хаягдлын сангүй, байгальд шууд бохир ус нийлүүлж байвал нөхөн төлбөр авна.

З.Мөнхбат: -Энэ хуулийн төслийн судалгааг маш дутуу хийсэн гэж харж байна. Манай сумын 5000 гаруй иргэнийг хуулиас гадуур орхичихлоо. Ядаж уул уурхайн олборлолтын нөлөөлөлд автсан иргэдийн саналыг сонссоныхоо дараа хуулиа боловсруулаач ээ. Алтны 500 гаруй аж ахуйн нэгжээс 100 гаруйхан нь л хаягдлын сантай байхад яагаад ийм хууль батлах гээд байна вэ. Учир дутагдалтай хууль баталчихвал маш олон хүн хохирох эрсдэлтэйг бодолцож үзсэн үү.

-Хуулийн төслөөр дахин хэлэлцүүлэг зохион байгуулах уу. Хэлэлцүүлэгт ялангуяа эрх ашиг нь хөндөгдөх салбарынхан, нутгийн иргэдийг оролцуулах зайлшгүй шаардлагатай талаар яриад байна?

Л.Эрдэнэбулган: -Та бүхэн яамнаас зохион байгуулах хэлэлцүүлэгт оролцоорой. Хуулиараа бол эхлээд Засгийн газрын тогтоол гарна. Тогтоол гарсны дараа сайдын тушаалаар журам батална. Тэрхүү журмаар уул уурхайн салбараас яаж төлбөр тооцохыг хэлэлцэнэ.

Д.Эрдэнэчимэг: -Өнөөдрийг хүртэл эл хууль хэрэгжээгүй гацсан шалтгаан нь аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсээд, төлбөр төлж чадахгүйд хүрнэ гэсэнтэй холбоотой гэж бодохгүй байна. Зөвхөн бохирдуулагч бодисын хэмжээг тооцдог аргачлал дээр үндэслэн төлбөрийн хэмжээг сав газар бүрт ялгаатай тогтоох Засгийн газрын журмаа батлуулчихвал болох байсан юм. Тиймээс хуулийн төслөө эргүүлэн татаж аваач ээ. Дүрэм журмаа батлуулаад хэрэгжүүлэх ажилдаа илүү анхаараасай. Энэ ажилд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд дэмжлэг үзүүлээд явж болно. Нөгөө талаар хууль яаж хэрэгжихээс үл хамаараад зургаан жил гацаасан хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Салбарын яам нь хуулиа хэрэгжүүлэхгүй юм бол иргэдээс хариуцлага шаардах эрх байна уу.

Б.Баярмаа: -УИХ-ын гишүүд энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Хэрэв энэ чигээрээ батлагдчихвал ямар үр дагавартай байхыг маш сайн бодолцох хэрэгтэй. Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс “Нийтийн эрх ашиг уу, нэг хүний эрх ашиг уу гэдгийг бодож үзээд, хуулийн төслийг битгий дэмжээрэй” гэж УИХ-ын гишүүдэд хандаж шаардлага хүргүүлсэн. Шуудхан хэлэхэд, энэ бол маш том лобби бүлгийн түлхээсээр орж ирж байгаа хууль гэж бид хардаж байгаа. Хэрэв батлагдчихвал Монгол Улсын Ерөнхийлөгчийг хориг тавиасай гэж хүсэлт гаргана. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 2012 онд баталсан энэ хуулийг хэрэгжүүлээгүй атлаа ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувиар бууруулах гэж буй төслөө УИХ-аас татаж авна уу гэж танай сониноор дамжуулан уламжилмаар байна.

-Ярилцлагаа энэ удаад үүгээр дуусгая. “Эко танхим”-ын уулзалтад оролцож, нээлттэй ярилцсан Та бүхэнд баярлалаа.

Тэмдэглэсэн Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН, Г.БАЯСГАЛАН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)