Боулингийн “Winners” клуб анхны тэмцээнээ 5 саяар байлаа

Боулингийн спортод дуртай, өмнө нь клубын харьяалалгүй байсан хэсэг залуусын шинэхэн байгуулсан “Winners” клубээс өнгөрөгч амралтын өдрүүдэд “Big bowling” төвд өөрсдийн нэрэмжит анхны тэмцээнээ амжилттай зохион байгуулж, 5 сая төгрөгөөр байллаа.

“Winners” клубын нэрэмжит анхны тэмцээний аваргаар “Winners-1” баг шалгарч 2,4 сая төгрөг, аваргын цом, алтан медаль өргөмжлөл хүртлээ. Хоёрдугаар байранд “Strikes-1” баг орж 1,5 сая төгрөг, мөнгөн медаль, өргөмжлөлөөр шагнуулж, гуравдугаар байранд “Big bowling-1” баг орж 900 мянган төгрөг, хүрэл медаль, өргөмжлөлийн эзэн болцгоов. 

Нэг баг 6 гишүүнээс (4 эрэгтэй, 2 эмэгтэй) бүрдсэн. Баг тус бүр 2 тоглолт гүйцэтгэж хамгийн бага оноо авсан 2 багийг хассаар шилдэг 4 баг үлдэж 1-ээр гарсан нь 4-өөр гарсантайгаа халз тоглож, хожсон багууд нь аваргын төлөө хүч сорьсон юм.

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс “Big bowling” клубын тамирчин, спортын дэд мастер Б.Батхүү (218 оноо), эмэгтэйчүүдээс “Strikes” клубын Т.Долгормаа (195 оноо) нар тодорлоо. Шилдэг тамирчид маань тус бүр 100 мянган төгрөг хүртсэн.

Ийнхүү боулингийн хүчирхэг клубуудтэй ана мана өрсөлдөж чадах “Winners” клуб шинээр мэндэлсэн нь Монголын боулингийн спортын хөгжилд шинэ өнгө төрх нэмж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)