Боулингийн “Strikes” клубын нэрэмжит тэмцээний шагналын сан 5 сая төгрөг байлаа

Г.Ууганболд ерөнхийлөгчтэй боулингийн “Strikes” клубын нэрэмжит тэмцээн энэ жил 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Өчигдөр болсон тус тэмцээнд 12 багийн 70 шахам тамирчин оролцсон бөгөөд бүх баг зонд хуваагдаж, шалгарсан багууд хасагдах журмаар тоглож аваргаа тодруулсан. 

5 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээний багийн төрөлд “Winners” клубын нэгдүгээр баг түрүүлж, удаах байранд “ТЭЦ-3” клубын баг, гуравдугаар байранд “Big bowling” клубын нэгдүгээр баг шалгарлаа. 

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрчүүдээс гэмтэл бэртлээс эргэн ирсэн “ТЭЦ-3” клубын тамирчин Ч.Элбэгзаяат ойрд харагдаагүй 245 оноогоор тодорлоо. Харин эмэгтэй шилдэг тамирчны шагналыг “Strikes” клубын тамирчин Т.Долгормаа (216 оноо) хүртсэн юм. 

Боулингчдын дунд брэнд болсон уг тэмцээний медалиас зохион байгуулагч “Strikes” клубын багууд энэ жил анх удаагаа мултарлаа. Учир нь том клубуудын эсрэг олон залуусын нэгдэл болсон “Winners” клуб өчигдрийн тэмцээнд ч хүчтэй өрсөлдөгч болохоо харуулсан билээ. Мөн боулингийн спортын мастер С.Хандаагийн ахалсан “ТЭЦ-3” баг бэлтгэл сайтай байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)