Боулингийн УАШТ тамирчдын чансаа өссөнийг илтгэв

Үүсч хөгжөөд 22 жилийн ойтойгоо золгож байгаа Монголын боулингийн холбоо 13 дахь удаагийнхаа улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 10-12-нд “Big Bowling” төвд амжилттай зохион байгууллаа.

Эрэгтэй мастерс ангилалд спортын мастер М.Түвшинсанаа түрүүлж, спортын мастер Ц.Лхаасүрэн удаалж, өсөж яваа залуу тамирчин Б.Оюунболд гуравдугаар байранд орсон.

Эмэгтэй мастерс ангилалд спортын мастер Ш.Гэрлээ аваргалж, дэд мастер Т.Нансалмаа хоёрдугаар байранд, залуу тамирчин Л.Оюунбаяр гуравдугаар байранд шалгарсан болно.

Гурвалсан хосын төрлийн аваргаар боулингийн спортын мастеруудаас бүрдсэн Ж.Содномдорж, Д.Нацагдорж, Ш.Гэрлээ нарын баг шалгарч, мөнгөн медалийг спортын мастер С.Хандаа хүү Э.Чүлтэмжамц, Э.Энхбадрал нарын хамт хүртлээ. Харин хүрэл медалийг спортын мастер Ц.Лхаасүрэн, дэд мастер Ц.Молор, залуу тамирчин З.Гэрэл нарын баг авсан.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Ц.Лхаасүрэн манлайлж, спортын мастер Ш.Баатар удаалж, Б.Оюунболд гуравт багтлаа. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Т.Нансалмаа, Б.Оргилмаа, Ш.Гэрлээ нар тэргүүллээ.

Эрэгтэй хосын төрөлд Б.Оюунболд, Б.Батхүү нарын баг аваргаар тодорч, А.Батжаргал, Г.Золбоо нар аман хүзүүдэж, Ц.Лхаасүрэн, Ц.Молор нарын баг удаалсан юм. Эмэгтэй хосын төрөлд Т.Нансалмаа, Н.Отгон-Эрдэнэ нар түрүүлж, Ш.Гэрлээ, Ш.Мөнхжаргал нар хоёрлож, Б.Оргилмаа, З.Гэрэл нар хүрэл медалийн эзэд болов.

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрчүүдээс “Big Bowling” клубын Ц.Лхаасүрэн /255 оноо/, бүсгүйчүүдээс “Шонхор” клубын С.Ариунжаргал /226 оноо/ нар шалгарлаа.

Тамирчдын шагналыг Монголын боулингийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч Т.Батсайхан гардуулж, тэдэнд спортын улам өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Боулингийн спортыг сурталчлах, олон нийтэд таниулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, 2019 онд тив, дэлхий, олон улсын тэмцээн уралдаанд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой тус тэмцээнд 80 гаруй тамирчин өрсөлдсөн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)