“Босоо” Ганбаа буруугүй

Үнэндээ сонгуулийн үр дүн ийм гарна гэж олон хүн таамаглаагүй л болов уу. Магадгүй МАН-ынхан ч өөрсдөө УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн аль алинд нь үнэмлэхүй олонх болно гэж төсөөлөөгүй биз. МАНАН гэж муулдаг ч МАН, АН гэсэн хоёр нам хамгийн олон суудлыг ойролцоо тоотой авч, үлдсэнийг нь “топ” улстөрчид эзлэх биз гэсэн таамаглал цөөнгүй хүнд байсан нь үгүйсгэгдлээ. Дээрх хоёр намаас гадна МАХН-ын ганц гишүүн, нэг бие даагчаас бүрдэх энэ удаагийн парламентад “топ”-ууд яагаад багтсангүй вэ.

Рейтинг тогтоосон бараг бүхий л судалгаанд дээгүүр давхиж байсан улстөрчдийг энд “топ” хэмээн тодотгоод буй. УИХ-ын чуулганы танхимд ч босоогоороо үг хэлдэг байсан С.Ганбаатар сонгуулийн жил гарахаас өмнө ч, дараа ч рейтингээрээ “босоо” байв. Гишүүн асан Х.Баттулга, Г.Уянга, дуучин С.Жавхлан нар түүний урд, хойноо орон “уралдаж” байсныг санаж буй биз ээ. Тухайлбал, харьцангуй ханатай судалгаа хийдэг гэгддэг “Сант марал” сангаас өнгөрөгч гуравдугаар сард гаргасан политбарометрт “Эх орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг, нөлөөтэй оролцоосой гэж хүсдэг вэ” гэсэн асуултад хариулагчдын бараг гуравны нэг нь С.Ганбаатарыг нэрлэж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Х.Баттулга, С.Жавхлан, Ж.Батсуурь (Сүхбаатар аймгийн Засаг дарга) зэрэг эрхэм удаалсан байх юм.

“Топ”-ууд тоосоо өргөж чадаагүйн шалтгааныг шууд нэрлэх нь түвэгтэй ч сонгуулийн тогтолцооны өөрчлөлт тэдэнд “шавар хаасан” гэдгийг судлаачид шуудхан хэлж байна. Сонгуулийн жил гарахтай уралдан баталсан Сонгуулийн тухай хуулийн амин сүнс болох тогтолцоог тавхан сарын дараа, ээлжит сонгууль болохоос сар гаруйхны өмнө 180 градус эргүүлж, 48:28 гэсэн холимог хувилбарыг 100 хувь мажоритар болгон өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, дийлэнх олонхын буюу “ялагч бүгдийг” гэсэн зарчимтай мажоритар тогтолцоогоор хоёр нам, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоогоор олон намын засаглал тогтдогийг онол ч, амьдрал ч баталчихсан. Харамсалтай нь С.Ганбаатар, Г.Уянга тэргүүтэн АН, МАН-аас нэр дэвшээгүй. Тиймээс “босоо” Ганбаа хүртэл унасан байх нь. Судалгааны үр дүн зарим хүчин зүйлийн улмаас бодит байдлаас хол зөрж болдгийг түүний уналт харууллаа.

Гэвч Монголд үйл ажиллагаа явуулж буй судалгааны байгууллагууд, тэр дундаа улс төрийн чиглэлийнхэн дутуу ажиллаад байна уу даа гэсэн хардлага байсаар. Улс төрийн зорилготой буюу улстөрчдийн рейтинг тогтоох элдэв судалгаа сонгуулийн сургаар борооны дараах мөөг мэт олширдог нь үнэн. Тэдгээр нь сонгуулийн циклийн богино хугацаанд хэтэвчээ зузаалах гэсэн хэт ашгийн төлөө үйл ажиллагаа болж хувирдаг нь ч нууц биш. Тухайлбал, зорилтот бүлгийн 500 хүнийг хамруулсан утсаар авах судалгааны төлбөр гурван сая төгрөгөөс эхэлж байна. Анкетын судалгаа хамгийн хямд нь үүнээс даруй хоёр дахин үнэтэй байдаг аж. Ингэхдээ энэ төрлийн судалгааг ихэвчлэн маркетинг, бизнес, эдийн засгийн чиглэлийн судалгааны байгууллагууд гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн улс төр судлаач, эсвэл улс төр, социологийн арга зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн хүн л энэ чиглэлийн судалгаан дээр төвлөрч байгаа нь ажиглагдаж буй.

Үнэндээ манайд үйл ажиллагаа явуулж буй судалгааны байгууллагууд зөвхөн рейтингийг нь тогтоогоод орхичихдог. Өөрөөр хэлбэл, судалгааны үр дүнд анализ хийж, магадгүй тухайн улстөрч ямар тактикаар сонгуульд оролцох, кампанит ажлаа хэрхэн зохион байгуулах талаар зөвлөх цогц үйлчилгээ санал болгодоггүй. Магадгүй энэ нь судалгаа явуулж буй арга зүй, ажиллах хүчинтэй нь ч холбоотой байж болох. Судалгааны мөн чанар үр дүнд нь анализ хийж, бодлого боловсруулахад л чиглэдэг. Зарим талаар зөвхөн хэдэн анкет бөглүүлээд л судалгаа хийчихлээ гэж байгаа нь хэт өрөөсгөл, дэндүү амар хялбараар төсөөлж буй хэрэг юм. Анкетын арга судалгааны мэдээллийн ихэнх хувийг бүрдүүлдэг ч угтаа мэргэжлийнхний хэлдгээр чанарын болон судалгааны аргыг хослуулж, ажиглалт, ярилцлага, анкет гэхчилэн маш олон зүйлээр дамжуулан сонгогчдын санаа бодлыг илэрхийлэх ёстой. Ингэснээр бодит байдалд илүү ойр үр дүн гарна.

Б.ЭРДЭНЭДАЛАЙ: РЕЙТИНГ ӨНДӨРТЭЙ БАЙСАН ХҮМҮҮС УИХ-Д СОНГОГДОХ БОЛОМЖТОЙ БАЙСАН

Улс төр судлаач, доктор Б.Эрдэнэдалайгаас зарим зүйл тодруулав.

-Улстөрчдийн рейтинг тогтоосон зарим судалгааны дүн сонгуулиар эсрэгээрээ гарсан нь юутай холбоотой вэ?

-Энэ нь юуны түрүүнд сонгуулийн тогтолцоотой холбоотой. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд Засгийн газар тогтворгүй байсан, иргэдийн амьдрал муудсан зэрэг хандлага давамгайлсан байх талтай. Өөрөөр хэлбэл, нэг нам олонх болсон тохиолдолд Засгийн газраа дангаараа бүрдүүлж, тогтвортой ажиллаж чадах юм байна гэж ойлгож илүүтэй итгэл хүлээлгэсэн байж болох. Хэрэв энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан бол МАН болон АН-ын УИХ дахь суудал харьцангуй ойролцоо гарах байсан. Судалгаагаар рейтинг нь өндөр гарсан Г.Уянга, С.Ганбаатар нар ч парламентад орж ирэх боломжтой байсан. Гэхдээ сонгогчид судалгаа бөглөх, сонгуульд оролцох хоёр ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь “хөвдөг” сонгогчид буюу сонголтоо хийж амжаагүй хүмүүс Монголд маш олон байдаг. Тэд хэдхэн өдрийн өмнө сонголтоо хийдгийг судалгаанууд харуулдаг. Энэ нь “Та маргааш сонгууль болоход саналаа өгөх үү” гэсэн асуултад “мэдэхгүй”, “оролцохгүй” гэх зэрэг хариулт өгч буй хүмүүсийг хэлж байгаа юм.

-Манай сонгогчдын боловсрол тийм ч сайн биш гэдэг. Энэ утгаараа нэг нам Засгийн газраа дангаараа бүрдүүлбэл тогтвортой ажиллана гэхчилэн алсыг харж, сонголт хийх хүн хэд бий бол гэж эргэлзээд байна л даа.

-Сонгууль бол нэг талаас эрх барьсан намын үйл ажиллагаанд дүн тавьж буй хэрэг. “Монголчууд ходоодоороо сонголт хийдэг” гэлцдэг байсан. Мөнгө авч сонголт хийгээд амьдрал нь дээшлэхгүй байгаа нь сонгуулиас сонгуулийн хооронд иргэдэд дам байдлаар нөлөөлсөөр байдаг. Энэ нь иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлдэг.

-Тэгвэл сонгогчдын ирц харьцангуй өндөр байхад энэ нь нөлөөлсөн хэрэг үү?

-Тийм. Иргэдийн амьдрал хэцүү байгаа учраас “Ер нь ингэж байхаар нөгөөхөд нь өгөөд үзье” гэсэн хандлага маш их байна. Огцом эргэлт хийхийг хүссэн гэх үү дээ.

-Сонгуулийн үеэр төрөл бүрийн судалгаа хийдэг. Эдгээрийн ихэнх нь хэт ашгийн төлөө байдаг гэдэгтэй санал нийлэх үү?

-Ямар ч, ялангуяа сонгуулийн судалгааны ард гарахад тодорхой хугацаа хэрэгтэй. Гэтэл сонгуулийн сургаар рейтинг тогтоох үйл ажиллагаа идэвхиждэг нь яавч бодитой үр дүн дагуулахгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)