“Борнеод гарсан түймэр орангутангийг мөхөлд улам ойртууллаа”

Индонезийн Борнео арлын ширэнгэ хүмүүсийн буруу­гаас болж сүйдэж байна. Өргөн уудам талбай хамарсан ойн түймрийн улмаас тэндхийн амьтан, ургамал сүйдэж, аюулын харанга дэлдэж байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан олон улсын со­норт хүргэсээр буй. Тиймээс амьтны эрх хамгаалагч сайн дурынхан болон байгууллагууд тэнд очиж, тусалж байгаа аж. Тэдний нэг “International animal rescue” (IAR) багийн  сайн дурын аврагчид түймрээс дайжиж байгаа амьтдыг авран, анхны тусламж хүргэж байгаа бөгөөд ийм нэгэн зургийг цахим ертөнцөөр цацжээ. Төрөөд удаагүй байгаа орангутанг олон хоног угаартаж, эцэж туйлдсан ч бяцхан моншио өврөөсөө салгалгүй явсаар ачтай хүмүүстэй таарсан нь энэ аж. Анхны тусламж үзүүлэхээр моншийг салгах гэхэд эх нь зуураад тавихгүй байсан гэнэ. Ээж, хүү сармагчин нэлээд тэнхэрч байгаа талаар тус багийнхан ч мөн мэдээлжээ. Мөн сүүлийн долоо хоногт 10 орангутангийг түймрийн голомтооаос гарган, тусламж үзүүлэн, тусгай байранд асарч байгаа аж. Газар тариаланд ашиглах газрыг шатаах явцдаа хүмүүс гал алдаж, түймэр тавьсан нь ийнхүү даамжирч, их хэмжээний хохирол учруулаад байна. Өдгөө түймрийн голомтыг дарсан ч, хоол тэжээлгүй болж, дээрээс нь олон хоног угаартаж, туйлдсан амьтдын амь үхлийн ирмэгт тулаад байгаа нь хамгийн том асуудал болжээ.  IAR багийн гишүүн Кармеле Санчес “Индонезид болж буй үйл явдлыг экологийн хямрал гэхээс аргагүй. Энэ аймшиг зөвхөн тус улсын гамшиг биш, дэлхий нийтэд хамаатай. Орангутанг бол эрчимтэй мөхөж буй амьтны жагсаалтад багтсан амьтан. Эл түймэр тэднийг мөхөлд улам ойртуулсанд туйлаас харамсаж байна” гэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)