Борлогдууч Ганга нууранд элбэг байна

Дарьганга дахь шувуу бөгжлөх суурин 20-30 метр урт, гурван тор ашиглан намрын ажилдаа оров. Наймдугаар сарын 26-наас өнгөрсөн ням гараг хүртэлх хугацаанд эл суурин 21 зүйлийн 336 шувуу бөгжилжээ. Торонд хамгийн эхэнд умардын дууч шувуу оржээ. Өдгөө тэд 59-үүлээ болсон гэнэ. Бөгжилсөн шувуудын 114 нь борлогдууч аж. Ганга нуур орчимд эл зүйлийн шувуу элбэг байна гэсэн үг. Харин банхар охил бялзуухай, өнгөлүүрт гургалдай тус бүр хоёрыг барьжээ.

Шувуу бөгжлөх удаан хугацааны мониторинг судалгааг шувуу нүүдэллэх хугацаатай давхцуулан хийснээр тухайн бүс нутгаар дамжин өнгөрч буй жигүүртний зүйлийн бүрдэл, тархалт, элбэгшлийг тогтооход ихээхэн дэмжлэг болдог гэнэ. Мөн нүүдэллэх стратеги, онцлогийг нь ч мэдэх боломж олгодог аж.

Дашрамд дурдахад, Ганга нуурын зүүн урд, Баянбулгийн орчимд байрлуулсан эл суурин байнгын үйл ажиллагаа явуулдаг, шувуу бөгжлөх хоёр дахь газар болж байгаа гэнэ. Ганга нуурын орчим 200 гаруй зүйлийн шувуу бүртгэгдсэн бөгөөд 40 орчим хувь нь боршувуутны багийн зүйл байдаг ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)