Борис Жонсон хэлцэлгүй "Brexit"-ийн сурталчилгаанд 100 сая фунт зарцуулна


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тус улсыг Европын Холбооноос хэлцэлгүйгээр гарах бэлтгэл ажлын хүрээнд сурталчилгааны кампанит ажил явуулж түүндээ дараагийн гурван сард 100 сая фунт зарцуулах гэж байгаа тухай The Guardian сонин эх сурвалжийг дурдан мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Британийн Сангийн сайд Сажид Жавид энэ долоо хоногт тус улсыг Европын Холбооноос хэлцэлгүй гарах бэлтгэл ажилд 1 тэрбум фунт стерлингийн нэмэлт зардлын төлөвлөгөөг танилцуулах гэнэ. Эл зардлын аравны нэгийг зар сурталчилгаанд зарцуулах бөгөөд үүнд айл болгонд мэдээллийн ухуулах хуудас хүргэх аж. Энэ кампанит ажил нь жишээлбэл 1980-аад онд Британичуудыг төрийн “British Gas” компанийн хувьцааг худалдаж авахыг уриалсан алдарт "Tell Sid" ажиллагаанаас ч илүү өргөн цар хүрээтэй болох төлөвтэй талаар сонин онцолжээ. “Дэлхийн II дайнаас хойш үүнээс илүү том сурталчилгааны кампанит ажлыг би санахгүй байна. Энэ бол асар их хөрөнгө юм” гэж эх сурвалж ярьжээ. Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайд болсныхоо дараа өөрийн хөтөлбөрийн тухай хэлсэн үгэндээ ирэх аравдугаар сарын 31-ний дотор тус улсын Европын Холбооноос ямар ч байсан гаргана хэмээн амласан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)