Борис Жонсон сайд нараа сольжээ


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон зарим яамдын сайд нарыг өөрчилсөн тухай тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Сангийн сайд Сажид Жавид, Бизнесийн асуудал эрхэлсэн сайд Андреа Ледсом, Хойд Ирландын асуудал эрхэлсэн сайд Жулиан Смит, Ерөнхий прокурор Жеффри Кокс, Байгаль орчны сайд Эстер Маквэй, Шинжлэх ухаан, их дээд сургуулиудын асуудал хариуцсан сайд Крис Скидмор болон бусад хэд хэдэн сайд нарыг албан тушаалаас нь огцруулжээ. Гадаад хэргийн сайд Доминик Рааб, Дотоод хэргийн асуудал эрхэлсэн сайд Прити Пател, Хууль зүйн сайд Роберт Бакленд, Батлан хамгаалахын сайд Бен Уоллес, онцгой үүргийг хариуцсан сайд Майкл Гоув, Эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан сайд Мэтт Хэнкок нар Засгийн газарт суудлаа хадгалж үлдсэн байна. “Financial Times” сонинд бичсэнээр халаа сэлгээний гол шуугиан Сангийн сайдыг огцруулсан явдал болжээ. Борис Жонсон сангийн сайдыг өглөөний уулзалтын дараа халах шийдвэрээ гаргажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг уулзалтын үеэр Борис Жонсон Сангийн сайдаас тус яамны хэд хэдэн зөвлөхийг огцруулахыг шаардсан байна. Сажид Жавид үүнийг хийхээс татгалзсан бөгөөд Ерөнхий сайд өөрийг нь огцруулжээ. Шинэ Сангийн сайдад Борис Жонсоны ойрын хүн тус яамны  төрийн нарийн бичиг Риши Сунак болох аж. Шинэ сайд нарын томилгоог маргааш зарлах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)