Боомтоор 60 автомашин нэвтэрчээ


БНХАУ татан авалтаа багасгасантай холбоотойгоор урд хөрш рүү нүүрс тээвэрлэн хүргэх автомашинуудын дараалал 90 орчим км-т хүрээд буй. Өмнөд хөршийн хил гаалийн байгууллага “Ухаалаг гарц” технологи нэвтрүүлж байгаагаас үүдэн боомтынхоо нэвтрүүлэх чадварыг бууруулснаа мэдэгдэж байгаа юм. Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс томилогдсон ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж, шуурхай зохицуулалт хийж байгаа аж. Тухайлбал, нүүрсээ буулгасан автомашинуудыг Оюутолгойн замаар явуулж, Гашуунсухайтын авто замын эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг түр хааж, Цагаан хадны гаалийн бүсэд буулгах ачаатай тээврийн хэрэгслүүдийг хоёр эгнээгээр явуулах болжээ. Ингэснээр урсгал сөрж, осол гаргахаас сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаас гадна урт цуваа үүсгэхгүй байхад нөлөөтэй хэмээн үзэж буй юм байна.

Урт дараалал үүссэн тул улам нэмэгдэхээс сэргийлж Тавантолгойн уурхайгаас нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоогоод байна. Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Ажлын хэсэг боломжит зохицуулалт хийж байгаа” гэв. Өчигдөр 16.00 цагийн байдлаар 60 автомашин хилээр нэвтэрснийг тэрбээр хэллээ. Уг нь өдөрт 200-300 автомашин нэвтрүүлэхээр талууд тохиролцсон ч ийм дүнд хүрэхгүй байгаа гэсэн үг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)