Бондын арилжаанд батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдүүлнэ

Монголын хөрөнгийн бирж болон Зээлийн батлан даалтын сан нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гаргах өрийн хэрэгсэл буюу бондод батлан даалт олгох эрх зүйн орчин бүрдүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Мөн хоёр байгууллага үнэт цаасны зах зээлд батлан даалттай шинэ бүтээгдэхүүн бий болгох талаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох аж. Энэ үйл явдлыг тохиолдуулан Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааг нээн, цан цохижээ.

Хөрөнгийн зах зээлд хувьцааны арилжаа сүүлийн үед идэвхжиж, шинээр болон нэмж үнэт цаас гаргах компанийн тоо олширсон. Хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжлийг дэмжихийн тулд хувьцаанаас гадна хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүнүүдийн нэг болох өрийн хэрэгслийн арилжааг идэвхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм. Хөрөнгийн зах зээлд өрийн хэрэгсэл гаргах нь банкны зээлээс хямдаар санхүүжилт татах, хөрөнгө оруулагчдын хувьд хадгаламжийн хүүгээс өндөр хувиар мөнгөө өсгөх боломж олгодгоороо давуу талтай.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар компанийн нийтэд санал болгох бондын үнийн дүн нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байх шаардлагатай байдаг. Эрх зүйн орчин бүрдүүлснээр хуулийн холбогдох шаардлагыг хангахгүй байгаа бизнес эрхлэгчид Зээлийн батлан даалтын сангаас олгох батлан даалтын тусламжтайгаар шаардлагатай санхүүжилтээ татах боломж бүрдэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)