Боломжид дулдуйдаж, бодлогоос гээгдсэн дотоодын жуулчлал

Эртнээс очихыг хүсдэг байсан Хар зүрхний хөх нуурыг өнгөрсөн наадмын өдрүүдэд зорилоо. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт, Цэнхэрийн голоос холгүй орших түүхэн, үзэсгэлэнт тогтоцтой энэ газар жил жилийн зун аялагчдын хөлд дарагддаг ч энэ удаа гойд олон хүн тийш явж буйг замчлагч залуу хэллээ. Зүүн бүсийн төв замаас салж, жуулчдын гаргасан байгалийн “ориг” замаар 40-өөд км явахад нэгийнхээ хөдөлгөөнийг хязгаарлан, түгжрэл үүсгэх автомашины уртаас урт цуваа түүний хэлснийг батлах мэт. Хаа очиж энэ шороон зам энхэл донхол бага, “улсын чанартай” гэх зарим замын байгууламжаас дээр учир аялагчдын унаа унаш гологдох зовлон үгүй аж. Мотоциклтой залуус ч хажуугаар сүнгэнэн давхиж байв.

Хар зүрхний хөх нуур орон нутгийн тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг учраас байгаль хамгаалагч автомашины жолооч бүрээс 5000 төгрөгийн хураамж авч, дотогш нэвтрэх эрхийн тасалбар олгодог. Дараа нь майхан барих уу, жуулчны баазад байрлах уу хэмээн асууж нутаг заана. Нуурын зүүн талд амралтын газар, жуулчны баазууд төвлөрдөг бол эсрэг зүгт майхан “хорооллынхон” ярайна. Асар барих газрыг тусгайлан хашсан нь догь санагдав. Тусгай хамгаалалттай газруудад ийм л эмх цэгц, зохицуулалт хэрэгтэй гэж саяхан сайшаан, бахадсан сэтгэгдэл 30 минут ч бололгүй замхран одлоо.

Эмх цэгцийн “үлгэр” болсон өнөөх майхан “хорооллын” хашаанд энд тэндгүй ялгадас үзэгдэв. Олны хөлөөс зайдуу хэсэгт майхнаа хатгасан нь бурууджээ. Аялагчид хүн сийрэг, хөдөлгөөн багатай ийм газарт ил задгай бие засчихдаг аж. Ариун цэврийн цаас, хэрэглэл хөглөрнө. Тулга тавих гэж буй аятай хэд гурван чулуу тойруулж байгаад л дунд нь бие засаад, дээрээс нь мод, шороо, чулуугаар далдалдаг “жишиг” тэнд тогтжээ. Хүн багатай газар хянуур, болгоомжтой явах үүрэг оногдлоо. Охиноо өвсөн дээр хөл нүцгэн алхуулах хүсэл талаар болсон учир майхнаа шилжүүлэн барьсан юм. Ингээд л их хотынхоос ялгарахгүй их чимээ шуугианд айлсав. Хөгжим, биенээ давах гэсэн залуусын чанга яриа, хүүхдийн уйлаан, тогоо, шанага хангинах чимээ сонсогдоно. Дээрээс нь хар ялаа нүүр нүдгүй шавалдаж, шумуул, дэлэнч хоргоох нь бачуурмаар, тухгүй. Энэ бүхнээс болоод бушуухан харих тухай ч бодож амжив. Гэвч энэ үед нар шингэх ойртсон байлаа.

Уг нь жуулчны бааз, майхантай энгэрийн уулзвар хэсэгт нийтийн жорлон бий. Гэвч тэр нь үе үе “амарчихдаг” аж. Өглөө бие засах гэж хоёр цаг гаруйн хугацаанд хүлээсэн нэг бүсгүй “Наадахаа хүлээгээд нэмэргүй ээ. Болохоо байгаад, энүүхэнд бие засчихлаа. Өөр арга бод” хэмээн тийш зүглэх залууст зөвлөж байв. Жуулчны баазууд боловсон жорлонтой ч ихэнх үед түүнийгээ цоожилдог, зөвхөн үйлчлүүлэгчдэдээ л ашиглуулна гэсэн хатуу хуультай учир аялагчид нийтийн жорлон нээхийг хүлээхээс аргагүйд хүрчээ. Ингэж удтал хүлээлгэсний эцэст 10.00 цагт ариун цэврийн байгууламжийг нээв. Энэ хооронд уртаас урт дараалал үүссэн юм. Үүнийг хүлээж түвдэхгүйгээ ойлгосон зарим нь дээл, хувцас нөмрөөд олны хөлөөс зайдуу газарт очиж байгаа нь харагдлаа.

Ариун цэврийн байгууламжийг яагаад ийм орой нээж буй шалтгааныг хяналтын цэгийнхнээс тодруулахад “Бусад ажлаа амжуулж байгаад ирлээ. Энэ их аялагчдын хогийг цэвэрлэж, эргэж тойрох амаргүй” гэв.

Увс, Хяргас, Тэлмэн, Улаагчны хар, Тэрхийн цагаан гээд томоохон нуурыг зорин аялсан найз минь мөн л сэтгэл дундуур буцжээ. Тэрбээр “Нууруудын орчимд жуулчны бааз олон байх ч ямар ч үйлчилгээ, тав тух алга. Очсон газар болгон хог, ариун цэврийн байгууламжийн асуудалтай. Хариуцсан газрууд орчныг нь цэвэрлэх нэрийдлээр 300-3000 төгрөг авсан ч хаа сайгүй хог. Жорлонгууд нь бүгд цоожтой. Бухимдахаас аргагүй. Элсэн тасархай бол шээс шивтрийн үүр болчихож. Элсэн дээр жаахан суухад л халуун наранд эвгүй үнэр хамар сэтлэх шахаж байна лээ. Жуулчдад унуулдаг морь, тэмээнүүд нь энд тэндгүй шээж, баагаад, жуулчид ч хаа сайгүй бие засаад, элсээр булчихдаг юм байна. Үнэхээр бохир” хэмээн толгой сэгсрэн ярилаа. Аялахаар бол маш сайн төлөвлөж, очих газраа урьдчилан судлах хэрэгтэйг тэр дахин дахин сануулсан юм.

Цар тахлын улмаас энэ жил Үндэсний их баяр наадмыг даруухан тэмдэглэх чиглэлийг төр, засгаас өгсөн ч монголчууд өргөн дэлгэр наадлаа. Баярын нээлтийн ёслол, эрийн гурван наадмаа зурагтаар үзэх сонголттой нүүр тулсан иргэд ийн хөдөөг зорьцгоосон. Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, гол усны зураг нийтэлж, хаагуур, ямар чиглэлээр аялснаа тайлагнах хүн сошиалаар дүүрэн. Үүнтэй зэрэгцээд аялал жуулчлалын салбарын тушаа болсон ариун цэврийн байгууламжийн хүртээмж, хог хаягдлын асуудлыг хөндөх, ил болгох идэвхтэн “байгаль хамгаалагч” ч олшров.

Энэ бүхэнд дотоодын жуулчдын боловсрол нимгэн, байгальд ээлгүйг гайхацгаана. Аялагчдын боловсролыг дээшлүүлье, зөрчил гаргасанд нь хатуу хариуцлага тооцъё гэж хашхирах хүн олон. Зарим нь “Үзэсгэлэнт байгальтай газруудаа онгон дагшнаар нь авч үлдэхийн тулд тухайн чиглэлд дэд бүтэц тавихгүй байх хэрэгтэй” гэсэн санал дэвшүүлэв. Олонх нь “БОАЖЯ ажлаа хий” хэмээн сануулга өгч буй. Өөр хэсэг нь “Хуулиа чангатгая” гэж байна. Иргэд энэ мэтчилэн дор бүрнээ шийдэл эрэлхийлж, аялал жуулчлалыг зохистой хөгжүүлэх шаардлагатайг сануулах болов. Харин одоо салбарын бодлого зангиддаг, хууль, журам, стандартын хэрэгжилтэд санаа тавьдаг байгууллагууд дорвитойхон “хөдлөх” цаг иржээ. Ингэхдээ шинэ стандарт, журам батлах, эсхүл доод шатны байгууллага, албан тушаалтанд үүрэг, чиглэл өгөх төдийхнөөр аргацаах биш, орон нутаг дахь нэгж байгууллага, түүний эд эс болсон байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагчидтай “тулж ажиллах” шаардлага тулгарав.Энэ талаар дэлгэрүүлье.

Жуулчин олноор зорьж очдог түүхэн дурсгалт, үзэсгэлэнт газруудын дийлэнх нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад харьяалагддаг. Тийм ч учраас тусгай хамгаалалттай газар бүхэн хариуцсан хамгаалалтын захиргаатай. Тухайн бүсийн байгаль орчныг харж хандах, хамгаалах үүрэг энэ захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулагч нь БОАЖЯ-ны хэн нэгэн албан тушаалтнаас илүү Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааныхан, тэр дундаа байгаль хамгаалагчид юм. Гэвч ийм чухал ажилтай мэргэжилтний орон тоо хангалтгүйгээс тэд үүргээ биелүүлэхэд хүндрэл учирдаг аж. Хэдэн зуу, мянган км-ээр хэмжигдэх өргөн уудам газар нутаг, олноор “шавсан” аялагчдыг ганц, хоёрхон байгаль хамгаалагч харгалзана гэдэг мэдээж амаргүй. Үүнээс үүдээд тэдний ажил үнэгүйдэх, цаашлаад байгаль орчны зөрчил ихсэх, орчны бохирдол гаарах үндэс болж байна.

Амралтын өдөр мянга, мянган хүний хөлд дарагддаг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч С.Баасанхорлоо “Бидний ажил зөвхөн хог цэвэрлэхээр хязгаарлагддаггүй. Уул, ус, ургамал, амьтдадаа санаа тавина. Эргүүл хийнэ. Аялагчдад хүртэл санаа тавих ажилтай болсон. Гэтэл яг одоо бидний нөхцөл бололцоо амралтын өдөр үүсдэг хог цэвэрлэхэд ч хүчрэхгүй байна. Хүн хүч үнэхээр дутмаг” гэсэн юм. Харин орон нутгийн тусгай хамгаалалттай Хар зүрхний хөх нуурын байгаль хамгаалагч “Жил болгоны наадмаар оргил ачаалалтай байдаг. Тасалбараар тооцоход яг одоо (долдугаар сарын 12-ны 16.00 цаг) 3000 орчим автомашин ирээд байна. Дунджаар 6000-8000 аялагч ирсэн гэсэн үг. Майхантай энгэр, жуулчны баазуудаас гадна нуурын эрэг орчмыг хянах, энэ олон хүнийг гал, усны аюулаас сэрэмжлүүлэх, эргэж тойрох ажлыг хоёулхнаа хийж, амсхийх, цай уух ч завгүй ажиллаж байна” хэмээн учирлав.

Ийм, тийм газрыг улс, орон нутгийн тусгай хамгаалалтад бүртгэлээ гэсэн мэдээлэл түгэх бүрт иргэд сайшаан хүлээж авдаг. Тухайн бүсийг тусгайлан хамгаалалтад авч, хариуцах эзэнтэй болголоо хэмээн бодсоных тэр биз. Гэвч өнөөдөр энэ сүржин “титэм” зүүсэн Хөвсгөл далай, Монголын хамгийн том Увс нуур, төрийн тахилгат уул Алтай Таван богд, түүхэн, дурсгалт Хар зүрхний хөх нуур, нийслэлчүүдийг тэжээн тэтгэгч Горхи, Тэрэлж, гурван аймгийн нутаг дамнан орших үзэсгэлэнт Элсэн тасархай, нүүдлийн шувуудын даллагатай Өгий нуур экологийн доройтолд их, бага хэмжээгээр өртсөнийг, дийлэнх нь эзэнгүй шахам байгааг аялал жуулчлалын салбарынхнаас эхлээд жирийн иргэд ч хэлэх боллоо. Жуулчид зорин очдог энэ мэт газруудаа тусгай хамгаалалтад авсан шиг авч, түүнийг хамгаалагч байгууллагыг хүн хүчээр сэлбэж, чадавхжуулах цаг ирснийг энэ бүхэн сануулж байна. Харин БОАЖЯ, БОАЖГ зэрэг төрийн захиргааны байгууллагынхан “Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж, орон нутгийн онцлогт түшиглэн, аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлнэ. Жилд нэг сая жуулчин хүлээж авдаг болно” гэж тооны араас хөөцөлдөж, томдсон бодлого ярихаасаа урьтаад аялал жуулчлалын идэвхтэй бүсүүддээ байнгын ажиллагаатай, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж бий болгоход анхаарвал зохилтой. Хэчнээн сайхан, эко жорлон байгаад ганц, хоёрхон тасалгаатай, хүртээмж муу, эсвэл ажиллуулдаг хүн нь дуртай цагтаа хаачихдаг (Хар зүрхний Хөх нуурынх шиг) бол жуулчдын муу “зуршлыг” өөрчлөхөд нэмэргүй. Энэ тохиолдолд жуулчдыг буруутгах нь ч өрөөсгөл шүү дээ. Цаашлаад хүссэн газартаа майхан хатгаад тухлах боломжтойг иргэдэд сануулах гэсэн шиг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тэнгэрт хадсан үнэ тогтоочихоод, ирвэл ир, үгүй бол яах вэ хэмээн ханддаг жуулчны бааз, амралтын газруудын үйл ажиллагааг бодлогоор зохицуулах хэрэгтэй. Орон нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой дотоодын аялал жуулчлалын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн уян хатан байдал юу юунаас ч чухал.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрынхнаас ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөснийг лавлахад “Отгонтэнгэр, Улаагчны хар нуур, Хөвсгөл далай, Увс, Хяргас нуур гээд тусгай хамгаалалттай 20 газарт отоглох, зам дагуух хэсэгт үйлчилгээний 34 цэг энэ онд багтаан байгуулахаар төлөвлөж, эхний ээлжид отоглох гурван цэг ашиглалтад оруулсан” гэв. Төслийг бүрэн хэрэгжүүлснээр ариун цэврийн байгууламжийн хүртээмж, хог хаягдлын асуудал давхар шийдэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж буй бол аялал жуулчлалын салбарынхан “Энэ ажил дэндүү удаашралтай байна. Хагас жилийн хугацаанд дөнгөж гурвыг нь ашиглалтад орууллаа. Бусад төслийн адил замхарч магадгүй” хэмээн хардаж буй юм.

Цар тахал намжсан ч утаагүй үйлдвэрлэлийн салбар хэсэгтээ хүндхэн нөхцөлд байна. Тиймээс улс орнууд хязгаарлагдмал хүрээнд, эсвэл бүс нутагт тулгуурласан аялал жуулчлалыг бодлогоор хөгжүүлэх нь зүйтэй гэсэн чиглэлийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас өгч буй. Энэ зураглалаар манай улсад ойрын жилүүдэд хүссэн ч, эс хүссэн ч дотоодын аялагчид жуулчлалын салбарын гол амин зуулга, тоглогч нь байна. Өөрөөр хэлбэл, дотоодын жуулчлал аяндаа хөгжих “таатай” боломжийг коронавирус бүрдүүлсэн. Харин энэ салбартай холбогдох төр, хувийн байгууллагууд жуулчдын наад захын хэрэгцээ, тав тухыг бүрдүүлэхийн тулд идэвхийлэн хичээх цаг нь иржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)