Боловсролын “хувьсгал”-ыг эхлүүлье

XXI зууны дэлхийн хүүхдүүд бидний төсөөлснөөс ч гоц ухаантай болсон. Монгол багачууд ч тэднээс дутахгүй. Хоёр, гуравхан насандаа англи хэлээр чөлөөтэй ярьдаг хүүхдүүд олширсон гэвэл та итгэх үү. Бүр дөрвөн нас ч хүрээгүй хэрнээ 2-3 орны хэлээр уншиж, бичиж байна. Үнэхээр гайхалтай. Өөр нэг жишээ дурдъя. Дэлхий нийтийг шуугиулж буй Белла Девяткина охины талаар уншигчид дуулсан нь лавтай. ОХУ-ын бяцхан “од” Белла дөрөвхөн настайдаа долоон орны хэлээр чөлөөтэй ярьж, уншиж, бичдэг болсноор өдгөө дэлхийн хүн гэгдэж буй. Түүнийг 20 насандаа 150 гаруй орны хэлээр ярина гэж судлаачид таамаглажээ.

Энэ олон хэлийг нэвтэрхий толины хэмжээнд сурсан Белла охины нууц маш энгийн. Тэр бусдаас онцгой төрөөгүй. Оюуны хөгжил, ой тогтоолт нь ч өндөр түвшнийх байгаагүй гэдэг. Харин түүний ээж өнөө цагийн гоц авьяастай гэгдэх хүүхдүүдийн хэрхэн сурч, боловсорч буй нууцыг олж мэдэн хэрэгжүүлж, охиныхоо ухааныг ийнхүү “задалжээ”.

...1990 оноос өмнө ЗХУ болон Зүүн Европын орнуудад 50 мянга гаруй иргэнээ сургаж, аж үйлдвэрийн салбараа босгосон гэдэг. Харамсалтай нь, ардчилсан хувьсгалаас хойш инженер, техникийн мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийг үндэсний хэдэн сургуульд бэлдэх нэрээр мэдлэг, чадваргүй “арми” бүтээсэн гэдэг...

Тэр нь дэлхий даяар алдаршаад буй Гленн Доманы арга буюу гурван сартайгаас зургаан нас хүртэлх хүүхдийг уншуулж, тоо бодуулах, гадаад хэл сургах, бие бялдрыг нь хөгжүүлэх ухаан юм. Гленн Доман бол АНУ-ын Хүний хөгжлийн хүрээлэнг үндэслэгч, нэрт сэтгэгч, эмч хүн. Тэрбээр “Хүний тархины үйл ажиллагаа 6-7 нас хүртэл идэвхтэй хөгждөг” гэсэн дүгнэлтэд хүрснээр сургалтын аргаа нээсэн аж. Дэлхийн бараг бүх улсад орчуулагдсан түүний “How to teach your baby to read” ном тархины хүнд гэмтэлтэй төрсөн Томми хүүгийн түүхээр эхэлдэг. Эмч нар түүнийг амьдралынхаа турш хэзээ ч ярьж, явж чадахгүй гэсэн ч аав, ээж нь Гленн Доманы сургалтын арга барилаар хүүхдэдээ уншиж, бичихийг заасан гэдэг. Томми зургаан настайдаа хөлд орохдоо VI ангийн хүүхдийн түвшний мэдлэг хэдийн эзэмшиж, улмаар гоц хүүхдүүдийн сургуульд элссэн түүхтэй.

Бага насны хүүхдэд үсэг заахгүйгээр шууд үг, холбоо үг, богино, урт өгүүлбэр уншуулж, хамгийн сүүлд номтой нөхөрлүүлдэг Гленн Доманы эл арга нь маш үр дүнтэй бөгөөд шинэ цагийн хүүхдүүдийн тархи, оюун ухааны хөгжлийг тэлж, түргэсгэх шилдэг сургалт болж буйг эрдэмтэд баталсаар байна. Үүнтэй төстэй аргуудыг өдгөө ОХУ, БНХАУ, Япон, Индонез, Европын орнуудад хэрэгжүүлэн, улсынхаа ирээдүйг эртнээс бэлддэг аж. Харин бид хаана явна вэ. Үр хүүхдийнхээ ирээдүйг арай өөрөөр хардаг зарим эцэг, эх нэгдэж, Гленн Доманы дээрх номыг орчуулан, сургалт явуулж эхэлснийг эс тооцвол манайд сургуулийн өмнөх боловсрол гэх юм байхгүй. Цэцэрлэгийн 50-70 хүүхэдтэй ангид юун тархи, оюун хөгжүүлэх сургалт явуулах. Багш нар нь хүүхдүүдээ хооллож ундлах, бие засуулан, ээж, аавыг нь иртэл манаж суухаас хэтэрдэггүй. Дэлхий нийтийн чиг хандлагыг харахад бүх боловсролын суурь нь зургаа хүртэлх насанд тавигдаж байна шүү дээ.

Монголд аль ч шатны боловсролын системийн хоцрогдол, дампуурал нь тийм ч шинэ, сонирхолтой сэдэв биш. 1990 оноос хойш амтай болгон энэ талаар ярьсаар дээрдүүлсэн ч юмгүй, сүүлдээ үнэ цэнгүй болгож хувиргасан. Хэн дуртай нь сонгуулийн сурталчилгаагаа болгож л байдаг. Дэлхийн хөгжлөөс бүтэн зуунаар хоцорч буй энэ салбарыг өөд нь татчих хүн өнгөрсөн хугацаанд олдоогүй гэвэл худал хэлсэн болох биз. Гагцхүү монголчуудыг боловсролгүй, харанхуй бүдүүлэг чигээр нь “хатаах” үзэл баримтлал Монголын төрд өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байгаа гэвэл үнэнд харин ч дөхнө.

Ерөнхий болон дээд боловсролын сургалтын хөтөлбөрүүдээ улс өнөөг хүртэл дэлхийн жишигт нийцүүлэн боловсруулж чадаагүй. Тогтвортой ч мөрддөггүй. Суурь мэдлэг өгөх үүрэгтэй сурах бичгүүд нь чанар, стандарт хангадаггүй, тоймгүй алдаатайн дээр сургалтын хөтөлбөртэйгөө авцалддаггүй. Номын хангамж, хүртээмж муу, их, дээд сургууль, коллежуудынх нь сургалтын орчин, бааз хангалтгүй. Мэргэжлийн багшийн хүрэлцээ дутмаг зэргээс болж өнөөдөр бүх шатны боловсролын байгууллагын чанар дээр дурдсанчлан маш муудсан. Нийгэмд жил ирэх тусам “дипломын гол” хэдэн мянгаараа нийлүүлэгдэж байхад хэн ч, юу ч хийхгүй, эхлүүлдэггүй нь сонин.

Нийгэм харанхуй, бүдүүлэг иргэдээр хахаж байна. Хүн хүнээ хайрлах, хүндлэх ойлголт өнөө цагт үгүй болсон. Чихэндээ ч итгэмгүй жигшүүрт хэргүүд үйлдэгдэж, хүмүүжил, ёс суртахууны доройтолд нийтээрээ нэрвэгдчихлээ. Хаа сайгүй архидалт, ажилгүйдэл, ядуурал нүүрлэж. Нэг ёсондоо монголчууд оюун санааны мөхөл рүүгээ ойртож байна гэсэн үг. Энэ бүхнээс аврагдах хамгийн үр дүнтэй арга бол нийгмээ, хүн ардаа, хүүхэд, залуусаа соён гэгээрүүлэх, боловсруулах явдал гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тиймээс “Өнөөдөр” сонин шинэ мянганы гурав дахь аравны босгон дээр боловсролын хувьсгал эхлүүлэхийг төр, засаг, салбарын сайд, эрдэмтэн, судлаач, багш нарт уриалж байна.

Өнгөрсөн хугацаанд бид цагаан, ногоон, атрын, ардчилсан гээд олон аян, хувьсгал өрнүүлсэн. Үр дүнгээ өгсөн нь ч бий. Өөрөөр хэлбэл, манайх социалист гэгдэх олон оронтой нэг гараанаас гарч, ардчилсан нийгэмд шилжсэнээр орчин үед олон зүйлийн үүд, хаалгыг нээсэн ч ганцхан боловсролын реформ л хийж чадсангүй. Бидэнтэй зэрэг шахам хөдөлсөн тэдгээр орны эдийн засаг, улсын болон хувь хүний хөгжил нь “тэнгэрт” тулчихаад байхад Монголынх л 1990 ондоо гацсан.

Өөрөөр хэлбэл, техник, технологийн асар хурдтай энэ эринд дэлхийн бараг бүх улс хүнээ боловсруулахад, мэдлэг, чадвартай болгоход гол бодлогоо чиглүүлж байна. Зөвхөн боловсролын чанараа дээшлүүлснээр улсаа хэрхэн хөгжүүлж болдгийг харуулсан жишиг ч мундахгүй олон. Жишээлбэл, бидний сайн мэдэх Бүгд Найрамдах Чех Улс социалист нийгмийг халсныхаа дараа эрдэмтэн, судлаач нараа цуглуулан, эх орноо хэрхэн хөгжүүлэх талаар хуралдаж, олон улсад туршлага хүртэл судлуулсан байдаг. Тэгэхэд эрдэмтэд нь залуусаа гадаадад шинжлэх ухаан, инженер, техникийн чиглэлээр боловсрол эзэмшүүлэхэд анхаарах ёстойг эрх баригчдадаа уламжилснаар тус улс 5000 иргэнээ харь улсад сургасан түүхтэй. Тэдгээр залуус эх орондоо ажиллах гэрээтэйгээр улсынхаа зардлаар суралцсан. Чех улсын өсөж, өндийсөн жишээ энгийн мөртлөө хэрэгжүүлэхэд хялбар байгаа биз.

Манайх боловсролын салбараа шинэчлэхэд мэдээж олон талын оролцоо чухал. Энэ чиглэлийн хөгжлийн чиг хандлагаа зөв тодорхойлохоос эхлээд сургуулийн өмнөх болон ерөнхий, дээд боловсролын хөтөлбөрөө дэлхийн жишигт нийцүүлэх, бүх шатны сургуулийн сургалтын орчныг боловсронгуй болгох, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээгээ сайжруулах, инновац, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, багш, эрдэмтдээ дэмжих, оюутан, сурагчийг хөгжүүлэх зэргээр олон асуудлыг шийдэх шаардлагатай. Үндсэндээ манай улс 1990 оноос өмнө ЗХУ болон Зүүн Европын орнуудад 50 мянга гаруй иргэнээ сургаж, аж үйлдвэрийн салбараа босгосон гэдэг. Харамсалтай нь, ардчилсан хувьсгалаас хойш инженер, техникийн мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийг үндэсний хэдэн сургуульд бэлдэх нэрээр мэдлэг, чадваргүй “арми” бүтээсэн гэх. Тэгсэн хэрнээ гадаадад сурсан цөөн хэдэн эрдэмтэн, мэргэжилтэндээ ажиллах орчин нөхцөл, цалин хангамж, бааз, хэрэглэгдэхүүнийг нь хангаж өгөхгүй байсаар харь улсад алдсаар.

Эдүгээ дэлхий дахинд аж үйлдвэрийн IV хувьсгал өрнөж байна. Огцом өсөлтийн гэгдэх эл шилжилтэд улс орнууд хэрхэн нэвтрэх, өөрсдийгөө яаж бэлдэх талаар олон судалгаа, хэлэлцүүлэг, мэтгэлцээн дэлхий даяар өрнөж буй. Нөгөөтээгүүр, шинэ зуунд боловсролын байгууллагууд дангаараа бус, компани, институтүүд, Гленн Доман шиг хүмүүс иргэдэд мэдлэг түгээх болж. Тодруулбал, боловсрол эзэмшихэд өнөө цагт орон зай, цаг хугацаанаас хамаарахгүйгээр хялбар бөгөөд сонголтуудтай болсон гэсэн үг. “Бостон консалтинг” компанийн судалгаагаар 2050 он гэхэд АНУ-ын ажлын байрны 50 хувийг хиймэл оюун ухаан, робот гүйцэтгэх аж. Тиймээс тус улс ирээдүйгээ “тэдэнтэй” хамт ажиллах хэмжээний мэдлэг, чадварыг эзэмшүүлэхээс гадна нано, биотехнологи гэж юу болох талаар эрчимтэй сургах болжээ. Ингэхдээ заавал танхимын сургалтыг голчлохоо больж.

Орчин цагийн эцэг, эхчүүд ч хамгийн үр дүнтэй, хүссэн хөтөлбөрөөр нь хүүхдээ суралцуулж байна. Адаглаад л англи, хятад хэл эзэмшүүлснээр дэлхийн хүн амын тэн хагастай харилцуулж чадна гэдгийг ухаарч. Бүр цаашлаад ирээдүйд багш мэргэжил үгүй болно гэж байгаа. Одооноос хүүхдүүд тусгай программ, аппликэйшнээр бие даан суралцах болж. Өөрөөр хэлбэл, өнөө цагт тухайн хүний авьяас, мэдлэг, ур чадварыг илүүд үзэх болсон тул бид энд, тэндхийн ном, товхимлоос хуулсан сургалтын хөтөлбөрүүд, хагас дутуу боловсруулсан сурах бичгүүдээр хол явахгүй нь нэгэнт тодорхой боллоо. Дэлхийн хөгжил, өөрчлөлттэй хөл нийлүүлэх, улс орноо тэр зэрэгтэй хөгжүүлэхийн тулд боловсролын хувьсгал бидэнд ямар чухал болохыг “Өнөөдөр”-ийн хэлэлцүүлгээр цаашид хүргэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)