Боловсролын тэгш бус байдлыг илчилсэн ЭЕШ

2020 оны элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг улс орон даяар онцгой нөхцөлд, чанд дэглэм дор зохион байгуулав. Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс тухайн жилийн шалгалтын нэгдсэн дүн, тойм мэдээллийг 8-9 дүгээр сард гаргадаг. Өнөө жилийн дэлгэрэнгүй тайлан нь хараахан гараагүй ч эцэг, эхчүүд, багш нар, төгсөгчид ЭЕШ-ын үр дүнг янз бүрээр үнэлж, дүгнэж байна. Өмнөх жилүүдийнхээс онцлох өөрчлөлтүүд ч гарсан. 2019 онд монгол хэлний шалгалтын онооны дундаж үзүүлэлт ахиж, сурагчдын эх хэлний мэдлэг дээшилснийг олон нийт сайшааж байлаа. Харин энэ жил орос хэл, математикийн шалгалтад сурагчид өндөр оноо авав. Улсын хэмжээнд 196 төгсөгч 800 оноо авсны 67 нь орос хэл, 27 нь математикийнх байлаа. Эсрэгээрээ монгол хэл, түүхийн шалгалтын дүн өмнөх жилүүдийнхээс буурчээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд шалгалтын 50 байранд ЭЕШ зохион байгуулсан бол энэ жил цар тахлын улмаас буюу зай барих дэглэмийг мөрдөх үүднээс тоог нь нэмж, 85 болгосон юм. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийнхан болон өмнөх жилүүдийн шалгалтаас хоцорсон 30 902 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлснээс ирц 89.5 хувьтай байж. Шалгуулагчдын ирц өмнөх жилүүдийнхтэй дүйж буйг БҮТ-ийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан хэлэв. Нэг шалгуулагч дунджаар 2-3 хичээлээр шалгалт өгсөн байна. Энэ жил шалгалт зохион байгуулахад давхардсан тоогоор 20 мянга гаруй хүн ажиллажээ. Зохион байгуулагч нар хүүхдүүдийн гарыг ариутгаж, биеийн халууныг нь хэмжих, бээлий өмсгөх зэргээр ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу шалгалт зохион байгуулсан юм. Энэ сарын 2-5-нд зохион байгуулсан ЭЕШ-ын үеэр долоон сурагчийн биеийн халуун 37.1-ээс дээш заасан тул тэднийг тусгаарлаж, шалгалтыг нь өгүүлснийг МХЕГ-ынхан мэдээлсэн. Мөн шалгалтын байранд гар утастай нэвтэрсэн, орондоо өөр хүнээр шалгалт өгүүлсэн зэрэг зөрчил бүртгэгджээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Цэцэг сумд байгалийн гоц халдварт тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор 27 сурагч орон нутагтаа хөл хорионд орсныг албаныхан аймгийн төвд шуурхай авчран, шалгалтад нь хамруулсан билээ. Зохион байгуулалтын хувьд эдгээрээс өөрөөр ноцтой зөрчил гараагүйг албаныхан хэлсэн. Энэ удаагийн ЭЕШ-д ч засаж, сайжруулах зүйл өмнөх жилүүдийнх шиг олон байлаа. Жишээлбэл, зарим хичээлийн шалгалтын даалгаврууд хэт хөнгөн, эсвэл хүнд, сорилыг хугацаандаа амжиж бөглөж чадахгүй байгаа зэрэг эсэргүүцлээ ширээгээ өшиглөж илэрхийлсэн тохиолдол гарсан.

Хүн төрөлхтнийг түгшээж, туйлдуулж буй “Ковид-19” цар тахлын улмаас манай улс өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, бүх шатны боловсролын байгууллагын сургалт, хичээлийг цахимаар зохион байгуулсан. Энэ нь ялангуяа төгсөх ангийнханд хүнд туссаныг эцэг, эхчүүд, багш нар шүүмжилсээр байна. Нөгөө талаар цахим сургалт танхимынхаас зарим талаараа үр дүнтэй байсныг сайшаасан нь ч цөөнгүй. Ямартай ч БШУЯ-ныхныг өнөөгийн хүнд, хэцүү цагт ЭЕШ-ыг сайн зохион байгуулсан гэж үнэлж, дүгнэх нь нийтлэг байгаа юм.

Гэхдээ ЭЕШ-ын агуулгыг үндсээр нь өөрчлөх, үнэлгээ, шалгуурыг өндөрсгөх зэрэг хэрэгцээ, шаардлага байсаар. “Орхон эмпати” сургуулийн математикийн багш Ш.Амартүвшин “ЭЕШ-ын зарим зүйлийг зайлшгүй өөрчлөх цаг болсон. БҮТ-ийнхөн тухайн жилийн шалгалтын дасгал, даалгавруудтай төстэй сорилыг жилийн турш сурагчдаас авах хэрэгтэй. Бүх сурагчийг монгол хэл, түүхийн хичээлээр заавал шалгалт өгүүлдэг болгох, оноо нь тэнцээгүй бол их, дээд сургуульд элсүүлэхгүй байх зэрэг зохицуулалт хиймээр байна. Гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах хүүхдүүдийг ЭЕШ-ын дүнгээс нь хамаарч, сонговол үр дүнтэй болов уу. Жил бүрийн элсэлтийн шалгалтын дараа эцэг, эхчүүд сурагчдын дунд дасгал, даалгавартай холбоотой маргаан, шүүмж тасардаггүй. Зарим хичээлийн сорилын агуулга хүнд байхыг үгүйсгэхгүй ч миний анзаарснаар харин ч улам хялбар болоод байх шиг. Тиймээс шалгалтын сэдвийн агуулгуудыг хүндрүүлэх, аль болох мэргэжлийн түвшинд ойртуулах хэрэгтэй. Түүнчлэн албаныхан тухайн жилийн ЭЕШ-ын материалыг намар нь ном болгоод багш нарт шахахаас илүүтэй сурагчдад тараадаг болгох нь зүйтэй. БҮТ өдгөө ашгийн төлөө байгууллага л болж хувирсан. Элсэлтийн шалгалт зохион байгуулахаас өөр хийх ажилгүй нь нууц биш. Тус байгууллага үндсэн чиг, үүргийнхээ дагуу ажиллахгүй байна. Бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй л бол татан буулгах хэрэгтэй юм шиг санагддаг. Цаашлаад ЭЕШ их, дээд сургуульд элсэх шалгуур болж буй мэт харагдавч эсрэгээрээ шаардлагагүй болоод удаж буй. Учир нь их, дээд сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд зохих хяналтыг тавьж чадахгүй байгаагаас ЭЕШ-ын оноо хамаарахгүйгээр оюутан элсүүлдэг жишиг тогтсон. Их сургуулиудын босго оноог ч жил ирэх тусам бууруулдаг нь сурагчдын хичээл зүтгэл, сурлагын амжилт, чанарыг муутгах сөрөг үр дагавартай” гэж ярилаа.

Өнөө жил цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа урт хугацаанд тасалдсан. Үүнийг дагаад ЭЕШ-ын агуулга, бүтцэд томоохон өөрчлөлтүүд оруулсан билээ. Тухайлбал, 85 байранд тоног төхөөрөмж хүрэлцээгүйгээс зарим хичээлийн шалгалтын үеэр сурагчийн сонсох чадварыг үнэлж чадаагүй. Тодруулбал, англи, монгол, орос хэлний хичээлийн сонсох чадварын сорилыг энэ жилийн ЭЕШ-аас хассан. Түүнчлэн теле хичээлийн хамралтын үр дүнг хянаж чадаагүйгээс төгсөх ангид сүүлийн улиралд үзсэн хичээлүүдийн агуулгыг шалгалтад оруулаагүй. 2019 оны ЭЕШ-ыг шилэн технологиор буюу хариултын хуудсуудыг тэр дор нь засаж, мэдээлсэн бол энэ жил 2-3 байрны дунд дүн унших нэг машин суурилуулсан.

Шалгуулагчдын амжилт, чанарын тухайд нэгдсэн дүн мэдээллийг хараахан нэгтгээгүй ч хичээл тус бүрийн оноо тодорхой хэмжээнд ил болов. Дээр өгүүлсэнчлэн улсын хэмжээнд ЭЕШ-д 800 оноо авсан 196 сурагчийн 121 нь нийслэлийнх. Хичээл бүрээр ангилбал, газар зүйгээр нэг, Монголын түүхийнх хоёр, биологийнх зургаа, физикийнх 11, химийнх 17, монгол хэлнийх 22, нийгэм судлалынх 26, англи хэлээр 27, орос хэлээр 67, математикийнх 27 байна. ЭЕШ-д хэмжээст оноо гэгчийг 2006 оноос хойш ашиглаж ирсэн. БҮТ-ийнхөн үүнийгээ элсэлтийн шалгалтын жил бүр боловсруулдаг даалгаврын хүндрэлийн зөрүүнээс болж хүүхдүүдийг хохироохгүй гэсэндээ тэр гэсэн. Харин багш нар хүүхдүүдийг хэмжээст бус, анхны (тухайн шалгалтын даалгаврыг 100 хувиар үнэлэх) оноогоор нь жагсаах саналыг удаа дараа тавьсаар буй юм.

2019 онд математикийн хичээлийн элсэлтийн шалгалтад 18 хүүхэд 800 оноо авсан бол энэ жил 27 болж нэмэгдэв. Тэдний 14 нь Улаанбаатар хотынх, бусад нь орон нутгийн сурагч байв. Тус хичээлээр өндөр оноо авсан сурагчид нийслэл, орон нутагт бараг тэнцүү шахам байгаа нь боловсролын чанарын бүсийн ялгааг нэг талаар багасгаж буйг харуулах эерэг үр дүн гэдгийг багш нар тодотгосон. Бусад хичээлийн шалгалтын даалгавруудыг ч судлаачид сургалтын хөтөлбөр, сурагчдын мэдлэг, чадварт ойртсон хэмээн дүгнэв. Харин сурагчид шалгалтын даалгаврыг өөр өөрсдийнхөөрөө үнэлж байна. Тухайлбал, англи хэлний шалгалтын даалгаврыг маш хүнд байсныг шүүмжилсэн. Олон хүүхэд “Унаган англи хэлтэй хүн ч “унахаар” хэмжээний сорилууд оруулсан” хэмээн егөөдсөн бол эсрэгээрээ тус хичээлийн шалгалтад 700-гаас дээш оноо авсан сурагчид даалгаврыг бүрэн уншиж, ойлгосон бол маш амархан байсан тухай ярив.

Ерөнхийдөө, хичээлүүдийн шалгалтын даалгаврууд өнгөрсөн жилүүдийнхтэй давхцаагүй, ерөнхий боловсролын 12 жилийн турш үзсэн хичээлүүдийн мэдлэгийг сорьсноороо онцлог болсныг төгсөгчид үнэлж байна. Тэд “Коронавируст халдварын улмаас сургууль олон сараар завсардаж, хүүхдүүд тодорхой хэмжээнд хичээлүүдээсээ хоцорсон. Гэхдээ теле хичээлээ сайн үзсэн, БҮТ-өөс боловсруулсан ЭЕШ-тай холбоотой гарын авлага, цахим даалгавруудыг тухай бүрт нь хийсэн, танхимын давтлагад хамрагдсан хүүхдүүд шалгалтдаа өндөр оноо авсан гэсэн. Аав, ээж, багш нар энэ жилийн шалгалтад хүүхдүүдээ олигтой амжилт үзүүлж чадахгүй байх гэж сэтгэл их зовниж байсан. Гэвч энэхүү онцгой дэглэмтэй нөхцөлд төгсөгчид сайн шалгуулсан, ЭЕШ-ыг ч сайн зохион байгуулсан юм шиг санагдсан” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Орон нутгийн сурагчид ЭЕШ-д хэрхэн амжилт гаргасныг тандвал, математикийн шалгалтын хэмжээст онооны дунджаар Өвөрхангай аймаг 521.3-аар тэргүүлсэн бол Увс 516.3, Дорнод 513.6, Сүхбаатар 511.4, Өмнөговь 511-ээр эхний таван байрт жагсаж, Говьсүмбэр, Баян-Өлгий, Булган аймгийн сурагчид сүүл мушгисан. Тэгвэл бүх хичээлийн шалгалтад амжилт гаргасан аймаг нь Хөвсгөл байв. Тус аймгийн хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын 32 сургуулийг 1452 сурагч төгссөнөөс 1352 нь ЭЕШ-д хамрагджээ. Тэдний 13 нь монгол хэл, математик, биологи, хими, физик, орос хэлээр 800 оноо авснаар аймгуудаа тэргүүлсэн юм. 800 оноо авсан шалгуулагчийн дүнгээр эхний байруудад Орхон (10), Өвөрхангай (8), Архангай (6), Хэнтий (6), Дархан-Уул (5) бичигдэв. Харин Баян-Өлгий, Сэлэнгэ, Дорнодод ЭЕШ-ыг 100 хувь бөглөсөн сурагч тус бүр нэг нэг л байснаар сүүлийн гурван байрт “цоллуулжээ”.

Сүүлийн жилүүдэд орон нутгаас Өвөрхангай, Хэнтий, Увс аймгийн сурагчид ЭЕШ-д манлайлж, Архангай, Баянхонгорынхон адагт орж байсан бол өнөө жилийн хувьд жагсаалтад нэлээд “хөдөлгөөн” орсныг дээрх жишээ харуулна. Гэхдээ 2020 оны элсэлтийн шалгалтын үр дүн математикийнхаас бусад хичээлийн сургалтын чанар, хүүхдүүдийн сурлагын амжилт зэрэг нь нийслэл, орон нутагт өмнөх жилүүдийн адил ялгаатай хэвээр байгааг “хэлэв”.

БШУЯ-наас их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноог жил ирэх тусам бууруулж ирсний “ачаар” шалгалтдаа 50 хувийн буюу хуучнаар муу дүн үзүүлсэн сурагчид ч хоосон хоцрохоо больсон нь ЭЕШ-ыг улам үнэгүйдүүлж байгааг учир мэдэх хүмүүс шүүмжилдэг. Их, дээд сургуулиудын босго оноог сүүлд 410-480 гэж тогтоогоод буй. Энэ үнэлэмжээр бол өнөө жилийн шалгуулагчдын 85 орчим хувь нь их, дээд сургуульд элсэх магадлалтай аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)