Боловсролын сангийн зээлээр суралцсан 13 000 иргэн дипломоо гардана

Засгийн газрын хуралдаанаар Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хэд хэдэн асуудал шийдвэрлэгдсэнийг тус Яамны сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.

Үүнд Боловсролын сангийн зээлээр 2004-2016 онд суралцаж төгсөн, диплом нь зээлийн сангийн барьцаанд буй 13 000 иргэнийг зээлээс нь чөлөөлөх журмыг УИХ-д өргөн барихаар болжээ. Дээрх иргэд,

-Голч дүн 3.5 дээш,

-Төрийн байгууллагад 5-аас дээш жил ажилласан,

-Эсвэл дотооддоо нийгмийн даатгалын шимтгэл 5-аас дээш жил төлсөн,

-Амжилт гаргасан зэрэг гэрээний үүргээ биелүүлсэн байгаа аж. Тус 13 000 иргэний зээлд 16 тэрбум төгрөгийг олгосон байдаг байна. Өмнө нь 2003, 2008 онуудад мөн оюутнуудыг зээлээс чөлөөлж байжээ. Харин 2008 онд Дээд боловсролын салбарт суралцагчдын нийгмийн баталгааны хууль гарснаар Боловсролын сангийн зээлээс чөлөөлөх журмыг УИХ-аар батлуулна гэсэн учраас энэ асуудал зогссон байсан аж.

Мөн тус хуралдаанаар Шинжлэх ухааны салбарт хийх ажлуудтай холбоотой тогтоолуудыг баталжээ. 2015 оноос ШУ-ны хүрээлэнг цөөлж, чиглэл өөр хэд хэдэн хүрээлэнг нэгтгэн бүтэц, орон тоог цөөлсөн байна. Ингээд зогсохгүй тус хүрээлэнгийн байр, газар зэргийг хувийн хэвшилд шилжүүлсэн тохиолдол гарчээ. Иймээс ШУ-ны салбарын  чиг үүрэг, менежментийг тодорхой болгох, тус салбарыг хөгжүүлэхэд санхүүгийн зорилтот түвшинг хангах, хүний нөөц, инновацийн зардлыг Улсын төсөвт тусгах зэргийг холбогдох Яамдад чиглэл өгсөн тогтоолыг баталжээ. Энэхүү ажилтай уялдуулан ШУ-ны байгууллагуудын анхдугаар зөвлөгөөнийг ирэх есдүгээр сард зохиох, тус салбарын нэгдсэн парк байгуулах зардлыг Улсын төсөвт тусгах зэргийг шийдвэрлэх тогтоолыг баталсан байна.

Энэ 10 сард “Чингис хааны угсааныхны эрдэнэс” нэртэй үзэсгэлэн гаргахаар болсныг ч дээрх хурлаар эцэслэжээ. Эрмитажид хадгалагдаж байгаа, олонд ил болоогүй Алтан ордны түүхтэй холбоотой өөрөөр хэлбэр Монголын түүхийн үзмэрүүдийг ОХУ-ын Санкт-Петербургээс авчирч дэлгэх аж. Энэхүү ажлыг ОХУ-аас анх санал тавьсан бөгөөд олон жил дамжсаны эцэст ийнхүү шийдэгдэж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)