Боловсролын салбарыг шинэчлэх “Боловсролын Реформ Хөдөлгөөн” байгуулагдлаа

Монгол Улсын боловсролын салбарыг шинэчлэх “Боловсролын Реформ Хөдөлгөөн” ТББ байгуулагдсанаа өнөөдөр зарлалаа.

Тус хөдөлгөөнийг ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга, доктор, профессор  Д.Бадарч,  МУБИС-ийн ректор асан  Б.Жадамба, боловсрол судлалын магистр Г.Орхон, З.Энхмөнх, эдийн засагч Ө.Ганзориг, сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар санаачлан эхлүүлж байгаа юм.

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан “Дэлхийн өрсөлдөх чадвар 2019” судалгаанд дүгнэснээр өндөр ур чадвартай мэргэжилтний олдцоороо Монгол Улс 141 орноос 139, мөн тус байгуулллагын 2017 оны “Хүний хөгжлийн тайлан”-д манай улсын боловсролын чанарын үзүүлэлт 187 улсаас 101-т жагссан зэрэг нь Монголын боловсролын салбар бүхэлдээ хангалтгүй байгааг харуулах олон статистик, судалгааны нэг юм. Түүнчлэн 2018 онд танилцуулсан ядуурлын үзүүлэлтүүдэд боловсрол эзэмшээгүй иргэдийн ядуурлын хамрах хүрээ хамгийн өндөр буюу 52.8% байна.

Эдгээр нөхцөл шалтгааныг үндэслэн боловсролын салбарт шинэчлэл бус РЕФОРМ хийх шаардлагатай гэж үзэн “Боловсролын Реформ Хөдөлгөөн” байгуулагдажээ.

Тус хөдөлгөөн цаашид дараах зургаан стратеги барьж ажиллана. Үүнд:

  1. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах 
  2. Үнэт зүйлд тулгуурласан, суралцагч төвтэй, сэтгэлзүйд суурилсан боловсролыг хөгжүүлэх
  3. Дижитал суурьтай боловсрол
  4. Тооноос чанарт шилжих биш, тоо бүрийг чанар болгон хувиргах стратеги
  5. Багшийн боловсрол, хөдөлмөрийг төгөлдөржүүлэх
  6. Эцэг, эхчүүдийг бэлтгэх

“Боловсролын Реформ Хөдөлгөөн” боловсролын реформыг найман жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймээс ч цаг алдалгүй энэ реформыг эхлүүлэхийн тулд тус салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтарсан форумыг удахгүй зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)