Боловсролын салбарт эрэгтэй багш эрэлттэй хэвээр

Монголд Улсад эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа бараг л тэнцүү байна. Гэхдээ тодорхой салбаруудад жендерийн эрх тэгш байдал алдагдсан. Үүний нэг нь боловсролын салбар. Сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж буй багш нарын 95, ерөнхий боловсролын сургуулийн хувьд 80 гаруй хувь нь эмэгтэй байна. Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд өнгөрсөн хичээлийн жилд 640 449 сурагч суралцсаны 50 хувь нь эрэгтэй.

...Боловсролын салбарт хүйсийн тэгш бус байдлаас гадна чанар тулгамдсан асуудал болсон. Багш нарын ур чадвар, заах арга барил сул байгаа нь нийгэмд шүүмжлэл дагуулдаг. Багшийн мэргэжил эзэмшсэн хүүхдүүдийн цөөнгүй нь хүссэн ангидаа орж чадаагүй учраас сонгосон гэдгээ нуудаггүй...

Өөрөөр хэлбэл, 100 эрэгтэй сурагчид 100 эмэгтэй ногдож буй гэсэн үг. Харин тэдэнд 32 085 багш хичээл зааж байгаагийн 26 149 буюу 81.5 хувь нь эмэгтэй, 18.5 хувь нь эрэгтэй байгаа юм. Түүнчлэн цэцэрлэгт ажиллаж буй үндсэн болон туслах 14 928 багшийн ердөө 268 нь эрэгтэй бол их, дээд сургуульд энэ байдал арай өөр. Тодруулбал, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуульд 7315 багш ажиллаж байгаагийн 2833 нь эрэгтэй. Энэ нь цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийнхтай харьцуулахад хавьгүй өндөр үзүүлэлт. Үүнээс харахад цэцэрлэг, тэр дундаа бага ангид эрэгтэй багш яагаад өдрийн од мэт ховордов. Үүнийг салбарынхан нь багш мэргэжлийн нэр хүнд унасан, цалин хангамж нь амьдралд хүрэлцдэггүй хэрнээ ачаалал маш их зэрэг шалтгаантай холбож тайлбарладаг юм билээ. Багш гэхээр л эмэгтэй хүн байх ёстой мэт ойлголт нийгэмд түгээмэл. Сургуулийн багш нарын олонх нь эмэгтэй учраас эрэгтэй хүүхдийн толгойд багш болно гэсэн бодол төдийлөн орж ирдэггүй болов уу. Охид голдуу “Том болоод багш шигээ багш болно” гэж ярих нь түгээмэл.

Хүүхдүүд ээжийнхээ өврөөс салаад л эмэгтэй багшийн гарт шилжиж буй. Гэрт нь ээжийн оролцоо их, цэцэрлэг, сургуульд ч дан эмэгтэй багш байгаа нь эрэгтэй хүүхдийн зан төлөв, биеэ авч яваа байдал, сэтгэл зүйд өөрөөр нөлөөлж буйг боловсрол судлаач нар үгүйсгэдэггүй. Эр хүн өрх гэрийн ноён нуруу, түшиг тулгуур болдог. Ааваасаа суралцдагтай ижил уужуу ухаан, холч хараа, асуудлыг томоор харах чадварыг хүүхдүүд эрэгтэй багшаас мэдэж авдаг бол аливаад эмх цэгцтэй, нягт нямбай хандах ухааныг ээжээсээ өвлөдөг гэж ярьдаг. Тэгэхээр боловсролын салбарт “аав”-ууд хэрэгтэй байна. Айл гэр бүтэн бол хүүхдүүд жаргалтай байдаг шиг боловсролын салбарт жендерийн харьцаа тэгш болбол сурагчдад эерэг нөлөө үзүүлэх боломжтой байх нь. Хэдийгээр үүнийг баталсан шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байхгүй. Гэхдээ эрэгтэй хүүхдүүд зан төлөв, гаднах байдлаараа эмэгтэйлэг болж буй нь зарим талаар бүсгүй багш олон байгаатай холбож тайлбарлах нь ч бий.

Багш бэлтгэн нийлүүлдэг эх уурхай нь Монгол Улсын боловсролын их сургууль. Тус сургууль жилд 57 мэргэжлээр 2000 орчим багш бэлтгэдэг аж. Эрэгтэй багш нарын тоог нэмэхийн тулд 2015-2016 оны хичээлийн жилээс эрэгтэй оюутанд тэтгэлэг олгож эхэлжээ. Бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын болон математик, байгалийн ухааны мэргэжлээр элсэж буй эрэгтэй оюутныг нэгдүгээр курсийн сургалтын төлбөрөөс 50 хувь чөлөөлдөг аж. Харин өнгөрсөн жилээс багш мэргэжлээр элссэн бүх эрэгтэй хүүхдэд уг тэтгэлгийг олгож эхэлсэн. Энэ талаар МУБИС-ийн Оюутны хөгжлийн албаны дарга Г.Батсууриас тодруулахад “Их, дээд сургуулиудын 50 орчим хувь нь багш бэлтгэдэг ч манайх гол цөм болдог. Жендер гэхээр зөвхөн эмэгтэй хүйсийн тухай ярих ёсгүй. Боловсролын салбарын тулгамдсан асуудал нь жендерийн тэгш бус байдал. Манай сургуульд элсэж буй оюутнуудын 80 гаруй хувь нь эмэгтэй. 2015-2016 онд 2590 хүүхэд элссэнээс 508 нь эрэгтэй байв. 

Өнгөрсөн хичээлийн жилд 1689 хүүхэд элсүүлснээс 446 буюу 26.4 хувь нь эрэгтэй. Үүнээс харахад тэтгэлэг олголоо гээд эрэгтэй хүүхдийн тоо огцом нэмэгдээгүй ч 5-6 хувиар өссөн. Нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан эрэгтэй хүүхэд багшийн мэргэжил сонгохгүй байх талтай. Ерөнхий боловсролын сургууль, түүн дотор цэцэрлэг, бага ангийн багш нарын цалин эрчүүдийн хувьд өрх гэрээ авч явах хэмжээнд хүрэлцэхгүй байгаатай холбоотой. Зарим сэтгэлзүйч, судлаачийн судалгаанд дурдсанаар, тухайн газарт хүйсийн байдал тэнцвэртэй бол уур амьсгал тайван, ялангуяа хүүхдүүдийн хүмүүжил зөв голдирлоор явдаг гэсэн байдаг. Эрэгтэй багш нарын эрэлт их ч нийлүүлэлт хангалтгүй. Математик, мэдээлэл зүй, биеийн тамирын багшийн ангид эрэгтэй оюутан цөөнгүй. Бусад мэргэжил, цэцэрлэг, бага ангийн багш нарын тухайд эрэгтэй багш ховор болсон. Боловсрол, эрүүл мэндийн салбарын гол ачаа эмэгтэйчүүдийн нуруун дээр байна. Хэрэв тэнд ажиллаж буй эрчүүдийн цалинг бодлогоор нэмбэл ирээдүйд багш, эмч болох хүүхдүүд олширно. Энэ нь эргээд эмэгтэйчүүдээ дэмжсэн хэрэг шүү дээ. Докторын зэрэг хамгаалж буй багш нарын тухайд эрэгтэйчүүд давамгайлдаг байсан бол сүүлийн үед эмэгтэйчүүд олшрох болсон. Айл гэрийг авч явах үүрэгтэй гэдэг утгаараа эрчүүд цалин өндөртэй салбарт ажиллах сонирхолтой байдаг” гэв.

Боловсролын салбарт хүйсийн тэгш бус байдлаас гадна чанар тулгамдсан асуудал болсон. Багш нарын ур чадвар, заах арга барил сул байгаа нь нийгэмд шүүмжлэл дагуулдаг. Багшийн мэргэжил эзэмшсэн хүүхдүүдийн цөөнгүй нь хүссэн ангидаа орж чадаагүй учраас сонгосон гэдгээ нуудаггүй. Сургалтын төлбөр дээр л их, дээд сургуулиуд оршин тогтнож буй учраас сурлага тааруу хүүхдүүдийг элсүүлдэг гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг. ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан, багш мэргэжил сонгосон хүүхдүүд Засгийн газрын тэтгэлгээр дөрвөн жил үнэ төлбөргүй сурдаг. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд сурлага сайтай хүүхдүүд МУБИС-д элсэх болсныг Г.Батсуурь дарга онцолсон. Тэрбээр, “Манай сургуульд элссэн хүүхдүүдийн ЭЕШ-ын дундаж оноо 600-610. ЭЕШ-д 480-аас дээш оноо авсан бол элсэх эрхтэй. Хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд бага ангийн багш багтдаг. Гэхдээ зарим газарт багш илүүдсэн бол хэсэгт нь дуу хөгжмийн зэрэг төрөлжсөн мэргэжилтнүүд дутах нь бий” гэсэн юм.

Мөн тус сургуулийн Багшийн сургуулийн багш Н.Үүрийнтуяа “Монгол Улс дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу төрийн бодлого, эрх зүйн орчноо сайжруулан Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан. БСШУСЯ-наас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын жендерийн нэгдсэн бодлого (2017-2025)-ыг батлан хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд багш мэргэжлээр суралцах оюутнууд, тэр тусмаа эрэгтэй оюутныг сургалтын 50-100 хувийн тэтгэлэгт хамруулахад элсэн суралцагчдын хүйсийн болон чанарын түвшинд ахиц гарч байгаа. Гэвч хангалттай түвшинд хүрээгүй хэвээр. Багш мэргэжилтэн бэлддэг улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудад жендерийн мэдрэмжтэй бодлого, сургалтын хөтөлбөрийг сайжруулах хэрэгтэй байна. Орон нутагт ажиллаж буй 17 265 багшийн 80.1 хувь нь эмэгтэй, 9.9 хувь нь эрэгтэй байна” гэв.

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 35.4 хувь нь 30-39 насныхан бол 60 ба түүнээс дээш насынхан 1.2 хувийг эзэлж байна. Ерөнхий боловсролын сургуульд зургаа дахь жилдээ багшилж буй, “цөөнх”-ийн төлөөлөл Б.Очирсүрэнтэй уулзсан юм. Тэрбээр “Би бага ангийн багш мэргэжилтэй. Багшийн сургуульд 2010 онд элсэхэд нэгдүгээр дамжаанд 10 эрэгтэй оюутан байсан. Бид нэгдэн “Багшийн сургуулийн эрэгтэй оюутны зөвлөл” нээн, оюутнуудын дунд тэмцээн, уралдаан зохиодог байв. Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа бага ангийн эрэгтэй багш нарын дунд “Бага боловсрол дахь эрчүүдийн манлайлал” өдөрлөгийг жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг юм. Ахмад багш нартайгаа залуу үеэ танилцуулан, эрэгтэй багш нарын заах арга зүй, ур чадвар, нэр хүндийг өсгөх зорилготой. Аавгүй өссөн хүүхдүүд зориг муутай, бодолдоо үнэнч бус, тулгарсан бэрхшээлээс амархан няцаж байгааг багшлах явцдаа ажигласан.

Эрэгтэй багш нар тэдэнд үлгэр дуурайл болж, дутуу орон зайг нь нөхөх хэрэгтэй байна. Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд бага ангийн эрэгтэй багшийн эрэлт, хэрэгцээ их. “Digest of education statistics 2020” судалгаанаас харахад, дэлхий нийтээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 76 хувийг бага ангийн эмэгтэй багш, 24 хувийг эрчүүд эзэлж байна. Бага ангийн эрэгтэй багшийн тоог нэмэхийн тулд маш сайн менежмент хэрэгтэй. Бага ангийн багшаар эрэгтэй хүн ажиллах дэмий, цалин бага гэсэн бодолтой хүн цөөнгүй. Тухайн хүний хичээл зүтгэлээс их зүйл шалтгаалдаг” гэлээ.

Хүмүүс ижил хүйсийн хүнтэйгээ илүү нээлттэй харилцаж, үгийг нь хүлээж авдаг байна. Энэ байдал ч сурагчдад ялгаагүй илэрдэг аж. Орон нутагт ажилладаг ерөнхий боловсролын сургуулийн нэгэн багш “Хөвгүүд эрэгтэй багшийн үгийг илүү сонсож, дуулгавартай байгаа нь ажиглагддаг. Биеийн тамир, технологийн багшийн олонх нь эрэгтэй ч анги дааж ажилладаггүй. Анги даасан багш нар ихэвчлэн эмэгтэй учраас энэ нь хөвгүүдийн сэтгэл зүйд нөлөөлж, аливаад эмэгтэйлэг байдлаар ханддаг болохыг үгүйсгэхгүй” гэв.

Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын 2184 багшийн 623 нь эмэгтэй. Бидний багад ихэвчлэн технологи, зураг төслийн хичээлийг эрэгтэй багш заадаг байсан бол сүүлийн үед энэ талбарт ч бүсгүйчүүд хүч түрэн орж ирж байгаа нь тоон мэдээнээс харагдсан. Харин их, дээд сургуулийн багш нарын бараг 40 орчим хувь нь эрэгтэй байна. Энэ нь бага, дунд ангийн багшаас их, дээд сургуулийнх нь илүү нэр хүндтэй, цалин хангамж өндөр байдагтай нь холбоотой гэдэг юм билээ. Их, дээд сургуульд ямар “бүтээгдэхүүн” нийлүүлэх нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ур чадвар, заах арга барилаас шууд хамааралтай учир цалин хангамж, хүйсийн тэгш байдалд нь ялгаварлалгүй хандах цаг болжээ.