Бокс 2017: Доржнямбуугийн Отгондалай ХҮРЭЛ медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгарлаа

Германы Хамбург хотноо боксын ДАШТ явагдаж байгаа билээ. Манай улсаас 49 кг-д Ганхуягийн Ган-Эрдэнэ, 60 кг-д Доржнямбуугийн Отгондалай, 64-т Баатарсүхийн Чинзориг, 69-д Бямбын Түвшинбат нар бүгд медалийн төлөө өрсөлдсөн юм.

Риогийн олимпын хүрэл медальт Д.Отгондалай эхний тойрогт хийлж, шөвгийн 16-д Израилийн Павел Ишченког 5:0-ээр буулган авсан. Улмаар хагас шигшээд шалгарч үлдэхийн төлөө Венесуэлийн Луис Кабрераг 4:1-ээр илүүрхэв. Оки маань эхний үед өрсөлдөгчийнхөө хүнд цохилтод өртөж, тоолуулсан ч аргагүй туршлагатай боксчин тул дараагийн хоёр үед сэргэж, илүү ажилласаар оноогоор ялсан юм. Ийнхүү тэрбээр ДАШТ-ээс Монголын боксчдын 10 дахь медаль, тус тэмцээнээс медаль зүүсэн найм дахь тамирчин боллоо. Сонирхуулахад, 2007 онд Э.Бадар-Ууган мөнгөн медаль зүүснээс хойш ДАШТ-ээс медаль авсан боксчид бүгд олимп, дэлхийн хос медальтнууд байв. Тодруулбал, Э.Бадар-Ууган 2008 оны Бээжингийн олимпын аварга, П.Сэрдамба Бээжингийн олимпоос мөнгө, ДАШТ-ээс алт, хүрэл, 2009 онд мөнгөн медаль зүүсэн Н.Төгсцогт Лондоны олимпоос мөнгөн медаль, Миланы ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн У.Мөнх-Эрдэнэ Лондоноос хүрэл, хамгийн сүүлд 2013 оны ДАШТ-ээс мөн хүрэл медаль хүртсэн билээ.

Д.Отгондалай одоо хагас шигшээд Риогийн олимпын мөнгөн медальт Францын Софьян Умиатай тулалдана. Түүнтэй манай боксчин Риогийн олимпын хагас шигшээд таарч, 3:0-ээр ялагдаад хүрэл медаль дээр буусан түүхтэй.

  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)