Боксын спорт аврагдсан ч...

Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны гүйцэтгэх зөвлөл 2020 оны олимпын наадмын хөтөлбөрөөс боксын спортыг хасахгүй байхаар шийдвэрлэсэн ч Олон улсын сонирхогчийн боксын холбоо (АИБА)-ны гишүүнчлэлийг түдгэлзүүлэв. Энэ талаарх эцсийн шийдвэрийг Лозанн хотод зургадугаар сарын 24-26-ны хооронд болох ОУОХ-ны чуулганаар гаргана. Өөрсдөд нь ногдуулсан айхавтар шийтгэлийг зөөллөнө гэдэгт АИБА найдаж байгаа ч тэдэнд аврагдах найдвар тун бага юм.

“Тамирчид мөрөөдлөө биелүүлж, 2020 оны зуны олимпын наадамд оролцоосой гэж бид хүсэж байна. Гэхдээ тусгай хорооны зөвлөмжийн дагуу АИБА-д зохих шийтгэл хүлээлгэх болно. Үүний зэрэгцээ тус холбоог гишүүнчлэлийн статусаа сэргээхийг санал болгосон бөгөөд үүний тулд тэд эрс шинэчлэлт хийх ёстой” гэж ОУОХ-ны хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Хэрэв ОУОХ-ны чуулганаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээвэл АИБА нь Токиогийн олимпын боксын тэмцээн төдийгүй олимпын эрх олгох тэмцээн зохион байгуулах эрхээ алдаж, өөр байгууллагад шилжүүлэх ёстой болох юм.

Ингэснээр Токиогийн олимпын наадмын боксын тэмцээний хувь заяа ОУОХ-ны гишүүн, Олон улсын гимнастикийн холбооны ерөнхийлөгч, хатагтай Моринари Ватанабэгийн гарт орж байна. Чухам түүнд “Токио-2020”-д тамирчин оролцуулах журам батлах, олимпын эрх олгох тэмцээн зохион байгуулах, цаашлаад олимпын боксын тэмцээнийг зохион явуулах ажлыг хариуцуулжээ. Гэвч энэ бүхнийг зохион байгуулах боломж М.Ватанабэд төдийгүй ОУОХ-д байхгүй. Ингэх бүх дэд бүтэц, нөөц боломж одоогоор зөвхөн АИБА-д бий.

Ийм тохиолдолд ОУОХ гишүүнчлэлийг нь түдгэлзүүлсэн хороотойгоо хамтрах хүсэлт гаргах эсвэл өөр байгууллагатай түншлэх шаардлага гарч ирнэ. Гэхдээ тэрхүү байгууллага нь чухам ямар байгууллага байх талаар ямар ч санал алга байна. Мөн ОХУ-ын Екатеринбург хотод ирэх есдүгээр сарын 7-21-ний хооронд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь “Токио-2020”-ийн эрх олгох, эсэх нь тодорхойгүй. ОУОХ-ны хэвлэлийн мэдээнээс үзвэл тус тэмцээнээр олимпын эрх олгохгүй байх магадлал харагдаж байна. Энэ бүхэн тамирчдад тодорхойгүй байдал үүсгэж байгаа нь ойлгомжтой.

Мэдээж сонирхогчийн бокс нь олимпын наадмаас нэгмөсөн хасагдах эрсдэлтэй байсан. Гэсэн ч олимпын наадмын түүхэнд ийм хачирхалтай явдал тохиолдож байгаагүй юм.

ОУОХ болон АИБА-ийн хоорондох сөргөлдөөн сүүлийн хэдэн жил үргэлжилж буй. Сонирхогчийн боксын бараг бүх том тэмцээнийг дуулиан, будлиан дагалдаж байсан нь ОУОХ-д таатай санагдаагүй учир энэ бүхнийг хянан шалгах тусгай хороо байгуулсан юм. Улмаар 2020 оны олимпоос боксын спортыг хасах, эсэх талаар авч үзэхээ 2018 оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн. Өмнөх ерөнхийлөгч Чинг Куо Вугийн үеэс эхлэн хуримтлагдсан өр, АИБА-ийн ерөнхийлөгчөөр АНУ-ын хоригт орсон Г.Рахимов сонгогдсон гэх мэт олон асуудал тус холбоонд байв.

2020 оны олимпын наадмын дараа гишүүнчлэлээ сэргээх боломжийг АИБА-д ОУОХ олгож байгаа ч энэ нь тун удаан үргэлжлэх амаргүй үйл явц байх юм. Тэгээд ч ийм хүнд цохилтыг тус холбоо тэсвэрлэж чадах, эсэх нь эргэлзээ дагуулж байна. Магадгүй тамирчдын санаа амарсан байж болох ч Токиогийн олимпын эрх олгох журам, тэмцээний хуваарь, шүүгчдийн сонгон шалгаруулалт гэх мэт маш олон зүйл тодорхойгүй хэвээр үлдлээ.

Н.Энх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)