Б.ОДОНЧИМЭГ ӨДИЙ ХҮРТЭЛХ амьдралын минь ЗУРАГЛАЛ НАДАД ТААЛАГДДАГ

“Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны киноны гол дүрээр үзэгчдийн танил болсон, УДЭТ-ын залуу жүжигчин Б.Одончимэгийг энэ удаагийн зочноор урилаа.

-Урлагтай амьдралаа хэзээнээс холбосон бэ?

-Би бага байхдаа нэлээд даруухан, бүрэг хүүхэд байлаа. Аав, ээжийн ажлаас шалтгаалан гэр маань байнга нүүдэг. Тэр болгонд л миний сургууль солигддог байсан юм. Нүүж явсаар хамгийн сүүлд нийслэлийн 78 дугаар сургуульд аравдугаар ангиа төгссөн. Урлагийн хүн болох шалтгаан бол миний аав. Өвөө минь Улаанхүүгийн Осор гэж мундаг жүжигчин байсан. Түүний тоглосон кинонуудыг аав маань надад их үзүүлдэг байсан нь намайг мөрөөдөлтэй болгосон гэж хэлж болно. Өвөөгийнхөө амилуулсан дүр болгоныг харж бахархаад л, би яагаад мундаг жүжигчин болж болохгүй гэж хэмээн бодох болсон. Харин энэ хүслийг гэр бүлийнхэн минь улам оргилуулж, дэмжин, урам өгсөн. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөөр 2003 онд СУИС-ийн жүжигчний ангид элсэж орсон юм. Энэ миний аавын ч бас мөрөөдөл байсан.

-СУИС-ийн оюутнууд бусад сургуулийнхныг бодвол их хөдөлгөөнтэй байдаг. Сургууль дээрээ хонох ч гэх юм уу, хөгжилтэй явдал зөндөө байсан байх даа?

-Оюутан насны хөгжилтэй явдлууд олон бий. Сургууль дээрээ хонох тохиолдол ч байдаг. Урлагийн хүн ганцаараа амжилт олно гэж хэзээ ч байхгүй. Багаар ажиллаж байж л жүжгээ давтана. Тиймээс маазрах гэхээсээ илүү шалгалтандаа бэлдэн, жүжгээ давтаж, ангиараа сургууль дээр хонох үе зөндөө байсан шүү. Намайг оюутан байх үед урлагийн сургуулиудын хооронд “Театр ба шинэ үе” гээд ганцхан “чанартай” тэмцээн болдог байсан юм. Харин манай ангийнхан тэмцээн, уралдаанд орох их дуртай, идэвхтэй хамт олон байлаа.

-Монголын урлагийн гал тогоо залуу уран бүтээлчдэд хэр ээлтэй вэ. Амжилтад хүрэхийн тулд нэлээд бэрхшээл туулдаг уу?

-Урлагт арын хаалга байдаггүй. Тиймээс зөвхөн авьяас, чадвар л урлагийн гал тогоонд орох уу, үгүй юү гэдгийг шийддэг. Уран бүтээлч хүн өөрийгөө үргэлж хөгжүүлж, шинэ зүйл эрэлхийлж байх ёстой. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр хэл ам гэх зүйлтэй хүн бүр тулгардаг байх. Харин урлагийн хүн түүнийг давах хангалттай ухаантай бас чадалтай байх хэрэгтэй. Миний хувьд хүмүүс намайг юу ч гэж ярьж байсан тоохыг хүсдэггүй. Харин ч надад илүү ихийг хийх хүсэл бий болдог. Нэг ёсондоо ташуур минь болдог гэж хэлж болно.

-Тэгвэл таныг нэлээд хор шартай гэж тодорхойлж болох уу?

-Урлагийн хүн хор шартай байх ёстой. Гэхдээ энэ зан зөвхөн уран бүтээлд нь байх хэрэгтэй. Тэрнээс биш хэн нэгний өмссөн хувцас, унадаг машинд нь атаархаад яах юм бэ. Хор шартай зангаа эд зүйл дээр гаргах ямар ч шаардлагагүй шүү дээ. Би СУИС-д элсэж орсон цагаасаа л охиноо мундаг жүжигчин болгох гэсэн аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлчих юмсан гэж өөрийнхөө хор шарыг өөртөө гаргадаг байлаа. Зүгээр л нэг урлаг сонирхогч ч юм уу, урлагийн нэр зүүсэн хүн байхыг би хүсээгүй. Үүний төлөө одоо ч хичээдэг. Жүжигчин хүн бүх талын авьяастай байх хэрэгтэй. Энэ бүхнийг сурахын тулд хор шартай байх хэрэгтэй.

-Та их дайчин бүсгүй юм. УДЭТ-ын өндөр босгыг давж ороход энэ зан нөлөөлсөн үү?

-Магадгүй л юм. Сургуулиа төгсчихсөн л бол УДЭТ-т орчихно гэж байхгүй. Мэдээж амаргүй. Харин энэ гэр бүлийн гишүүн болсон бол дээд түвшинд ажиллах шаардлагатай. Уран бүтээлчдийнхээ дунд үргэлж тэмцээн, уралдаан зохион байгуулж, тэр дундаас шалгарч чадаж байгаа нь дээшээ шат ахидаг. Өөрөөр хэлбэл, залуу уран бүтээлчдэд үргэлж боломж олгодог. Тиймээс би энэ хамт олны нэг болсондоо өөрийгөө маш азтайд тооцдог юм.

-Таныг телевизэд дуу оруулагч хийж байсан гэж сонссон?

-Би хоёрдугаар курсдээ UBS телевизэд хичээлийнхээ хажуугаар дуу оруулагч хийдэг байсан. Урлагийн гал тогоонд анх ажиллаж үзсэн минь тэр. Хамт олон гэж ямар байх ёстойг тэндээс ойлгож билээ. Сонирхуулахад, би “Шинэ үе” продакшнд хоёр жил жүжигчин хийсэн шүү. Маш их туршлага хуримтлуулсан сайхан жилүүд өнгөрсөн.

-Тэгвэл та дуу оруулагч, хошин урлаг, драмын жүжигчин гээд мэргэжлийнхээ олон төрөлд өөрийгөө сорьж үзсэн юм байна. Эдгээрээс хамгийн их ур чадвар шаарддаг нь аль вэ?

-Бүх мэргэжил ур чадвар шаарддаг. Ямар ч мэргэжлийг басаж болохгүй. Энэ нь арай илүү гэж хэлэх эрх надад байхгүй шүү дээ. Хүн бүр өөрийн мэргэжлийнхээ ур чадварыг гаргаж ажиллаад түүгээрээ бахархах шиг сайхан зүйл байхгүй. Гэхдээ миний хүсэл зоригийн жагсаалтын нэгдүгээрт драмын театр бичигдэнэ. Би театртаа хайртай. Ер нь уран бүтээлч хүний зовлон эсвэл онцлог гэх юм уу бид амьдрал дээр ч гэсэн хатуу байх шаардлагатай болдог. Үүний нэг жишээ бол театр дээр хүүхдийн жүжиг тоглож байхдаа би аавыгаа бурханд алдаж байлаа. Тайзан дээр хүн бүр өөр өөрийн гэсэн дүртэй. Түүнийг хоосон орхих эрх хэнд ч байдаггүй учраас аавыгаа бурхны орон руу үдэж, ирэнгүүтээ постерийн зураг авхуулах ёстой байсан. Тэр үед тайзны ард нэг сайн уйлчихааад, хамт олонтойгоо тэврэлдчихээд л юу ч болоогүй юм шиг инээгээд зургандаа орж билээ. Уран бүтээлч хүн хатуу байх ёстой, сэтгэл хөдлөлөө барьж сурах хэрэгтэй, урлагийн төлөө өөрийгөө золиосолж байж уран бүтээлч болно гэдгийг тэр үед ойлгосон. Үнэхээр олон зүйлсийг золиосолж уран бүтээлч болдог учраас би энэ театрын хамт олноороо маш их бахархдаг.

-Таны өвөө урлагийн хүн. Саад бэрхшээл бүхнийг эерэг бодол, тэвчээртэй зангаар давж чаддаг болоход гэр бүлийн хүмүүжил их нөлөөлсөн байх гэж бодлоо. Та ер нь хэнээс үлгэр дуурайл авдаг вэ?

-Миний өвөө намайг төрөхөөс өмнө өөд болчихсон учраас би кинонд бүтээсэн дүрээр нь л мэддэг. Түүний амьдруулсан дүр бүхнээс ур чадварын хувьд үлгэр дуурайл авалгүй яах вэ. Мөн миний аавын төрсөн дүү нь О.Бат-Өлзий гээд мундаг жүжигчин бий. Энэ бүхнээс маш их үлгэр дуурайл авч, би урлагийн удамтай шүү хэмээн бахархах дуртай. Харин эмэгтэй жүжигчний хувьд бага байхын л хошин урлагийн жүжигчин И.Одончимэг эгчийг хүндэлж, уран бүтээлийг нь алгасалгүй үздэг байлаа. Нэр нэгтийн чих нэг гэдэг үг бий. Жүжигчин Одончимэг гэхээр намайг хэлээд ч байгаа юм шиг их сайхан мэдрэмж төрдөг байсан юм. Хошиг урлагт нэрээ мандуулсан Одончимэг байхад би драмын урлагт нэрээ үлдээх Одончимэг байхыг маш их хүсдэг. Мөн драмын театрынхаа бүх мундаг эгч нараас үлгэр дуурайл авдаг даа.

-Багш маань “Урлагийн хүн амьдрал дээр ч гэсэн хүн шиг хүн байх ёстой” гэж сургадаг хэмээн та өмнө нь ярьж байсан шүү дээ. Танд энэ эрхэм мэргэжлийг зааж, сургасан багшийнхаа тухай ярихгүй юу?

-Би СУИС-д С.Сугар багшийн удирдлаган дор суралцаж байсан юм. Багш минь “Жүжигчний мэргэжил бол хүн судлал” гэж хэлдэг юм. Багшийнхаа тухай ярих гэхээр уйлчих гээд байдаг юм аа. Миний муу багш шавь нартаа жүжигчин хүн ямар байх ёстой вэ гэдгийг сургахын хажуугаар амьдрах ухаан заасан. Багш минь байгаагүй бол би өдий зэрэгтэй явахгүй байсан байх. Бүх талаараа үлгэр дуурайл болохоор их сайхан хүн дээ. Багшийнхаа олон сургаалийг амьдралдаа хэрэгжүүлэх юмсан гэж боддог.

-Та “Аз жаргалын шок” киноны хүйс нь солигдсон эхнэрийн дүрээр үзэгчдэд танигдсан. Энэхүү кинонд их эршүүд дүр бүтээсэн болохоор таныг тэр дүрээр чинь л төсөөлж байлаа.

-Жүжигчин хүн өөрт оногдсон бүх л дүрийг амьдруулах үүрэгтэй. Найруулагч маань “Энэ дүрийг чи гаргаж чадна” гээд итгэж өгсөн болохоор би үзэгчдэд хүргэхийн тулд ажиллах ёстой. Энэ бол дэлгэцийн бүтээлд тоглосон анхны гол дүр. Одоо харахад “ингэсэн бол, тэгсэн бол” гээд л засчихмаар зүйл олон байдаг шүү. Бодит амьдралдаа бол гоё сайхан болохын төлөө хэн нэгнийг дуурайж, дагадаггүй. Зөвхөн өөрөөрөө байхыг хүсдэг. Эмэгтэй хүн болж төрсөн л бол сайн мэргэжилтний хажуугаар сайн гэргий, ээж байх үүрэгтэй байдаг юм билээ. Мөн сайхан эмэгтэй байхын тулд бусдыг дуурайж олон хувирах хэрэггүй.

-Та өөрийн одоо байгаа амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Өдий хүртэл туулж ирсэн амьдралын зураглал маань их таалагддаг. Хүсэж, мөрөөдөж байгаа зүйл маань ч гэсэн дандаа биелдэг. Ер нь их сайхан хүмүүс эргэн тойронд минь байдаг болохоор би их азтай бүсгүй гэж өөрийгөө тодорхойлмоор байна. Амьдрах үнэхээр сайхан шүү.

-Таныг нэг хүүтэй гэж сонссон. Ээж болохын өмнөх Одноо, ээж Одноогийн амьдрал хоорондоо хэр ялгаатай вэ?

-Нэг их ялгаагүй байх аа. Ээж болохоосоо өмнө юманд жааахан хуумгай ханддаг ч гэх юм уу, дэврүүн байсан юм шиг санагдаж байна. Гэхдээ ээж болсноор бүх зүйлийг ухаараад мундаг болчихно гэж байхгүй л дээ. Харин ээж болсон анхны мэдрэмж бол өөрийнхөө ээжийг л хамгийн ихээр хайрлах ёстой юм байна гэдгийг ойлгох юм билээ. Энэ мэдрэмж хүн бүрт адилхан байдаг байх.

-Нийгэмд болж бүтэхгүй зүйл олон байна. Харин та амьдралд их хайртай юм шиг ээ. Энэ нийгэмд таныг аз жаргалтай болгодог зүйл юу вэ?

-Би болохгүй, бүтэхгүй гэсэн сөрөг мэдээлэл сонсох, үзэх үнэхээр дургүй. Аль болох сайхан зүйл харахыг хичээдэг. Найз нартаа ч гэсэн би энэ маягаар л ханддаг. Нэг, хоёр удаа зовлон яриад ирэхэд нь байдаг чадлаараа туслаад л явуулж таараа. Харин гурав дахь удаа зовлонгоо ярьсаар ирвэл надад үнэхээр хэцүү санагдана. Тэр асуудлаа шийдэж чадахгүйнх нь төлөө би давхар өөрийгөө стресст оруулах дургүй. Ямар ч бэрхшээлийг ер нь гүн рүү нь орж бодох шаардлагагүй шүү дээ. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг бэрхшээлийг асуудал болгоод байх юм бол амьдралаас сайхныг нь олж харахаа болих байх. “Аз жаргалын шок” кинонд тоглосноос хойш надад киноны олон санал ирсэн. Тэр дунд аймшгийн киноны санал байсан боловч би хүлээж аваагүй. Надад эргээд өөрийгөө харахад таатай биш санагдсан. Магадгүй байнга эерэг зүйл рүү тэмүүлдэг зантай маань л холбоотой байх. Би хийж байгаа уран бүтээлээсээ их жаргал мэдэрдэг. Төрөхөөс үхэх хүртэл хүний амьдралын бүх л дүрд хувирдаг учраас миний мэргэжил сайхан шүү.

-Хүмүүс хайрыг маш олон янзаар тайлбарладаг. Таны хувьд?

-Хэдэн жилийн өмнө манай уран бүтээлчид Солонгос руу тоглолтоор явж байсан юм. Тэр үед манай хөтчөөр ажилласан солонгос охид “Монголчууд хүнтэй эрт суух юм” гээд л их гайхацгааж байсан. Солонгост хайр дурлалын асуудал хаалттай, нууцлаг юм билээ. Харин Монголд сүүлийн жилүүдэд нэлээд задгайраад байгаа юм шиг санагдаад байгаа шүү. Цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл нэгэндээ хайр “зарлаад” л гүйдэг болчихож. Энэ бүхэн хайр гэдэг үгийн үнэ цэнийг унагаад байгаа юм болов уу. Бас цахим ертөнц рүү хэтэрхий их туйлшраад, амьд харилцаа байхгүй болоод байгаа юм шиг. “Өнөөдөр манай цахилгаан тасарч интернэт байхгүй болчихоор нь гэрт байгаа хүмүүстэйгээ харилцаж үзлээ. Гайгүй хүмүүс байдаг юм байна” гэдэг онигоо шиг амьдралтай болчихсон шүү дээ. Амьд харилцаа буй газар л жинхэнэ хайр байдаг. Намайг бага байхад ангидаа дурсгалын дэвтэр аялуулж, нэгэндээ сэтгэлийн үгээ бичдэг байсан. Энэ бүхэн нэгнийгээ хайрлах хайр бий болгож байсан юм шиг.

-Танд хайрын захиа олон ирсэн байхдаа?

-Би анх хайрын захиагаа долдугаар ангидаа авч байсан. Тэр үед одоогийнх шиг ийм задгай байгаагүй болохоор ч тэр үү захиа авсандаа их л ичиж билээ. Захиа өгсөн хөвгүүндээ баярлалаа гэж ч хэлээгүй юмдаг. Таалагддаг хөвгүүн маань надад сайн гэдгийг нь мэдээд баярлаад байгаа мөртлөө л сайхан хандаж чаддаггүй байсан. Одоо бодоход хүүхэд нас минь их нандин, гэгээлэг байж дээ. Эрэгтэй хүүхдийн өөдөөс хараад хоол идэж ч чаддаггүй даруухан охин байлаа.

-Одончимэгээс асуухгүй өнгөрч болохгүй зүйл бол өөрийн тань намирсан урт үс юм. Олон бүсгүй үсээ хэрхэн арчилдгийг тань мэдэхийг хүсэж байгаа болов уу?

-Миний ээж залуу байхдаа их сайхан намирсан, өтгөн үстэй байсан. Ээжийнхээ гил хар үсийг авч төрсөн азтай охин шүү, би. Тиймдээ ч үсэндээ их хайртай. Урлагийн хүн учраас үсээ ороож, сэнсэддэг болохоор гэмтэх гээд байдаг. Харин цаг зав гарах л юм бол үсэндээ маск, тэжээлийн тос түрхэж арчлахыг боддог юм.

-УДЭТ-ынхан “Хэлж зүрхлээгүй хайр“ жүжиг тоглохоор бэлтгээд завгүй байна уу?

-Тийм шүү. Бид тоглолтын бэлтгэлдээ шаргуу орсон. Н.Наранбаатарын бүтээл “Хэлж зүрхлээг үй хайр” уянгын драмын жүжгээ гэгээн хайрын баярт зориулан тоглох гэж байна. Хамгийн анх 2006 онд “Нууц амраг чинь болъё” нэртэйгээр тайзнаа амилуулж “Гэгээн муза” наадмын шилдэг жүжгийн шагнал хүртэж байсан. Миний хувьд энэ жүжигт анх удаа тоглох гэж байгаа юм.

-Яагаад жүжгийн нэрээ өөрчилсөн юм бол?

-Жүжиг маань залуусын хайр дурлалын ээдрээ, гунигийг харуулсан гэхээс илүү ухаарал хайрласан бүтээл юм. Нэрний хувьд бол хайртай залуугаа хилс хэргээс аврахын тулд сэтгэлт бүсгүй нь их сургуулийн багшдаа “Нууц амраг чинь болъё” гэж хэлдгээс үүдэн энэ жүжгийг нэрлэсэн юм билээ. Жүжгийн агуулгад тийм ч хүнд хэсгүүд байдаггүй. Гэтэл зөвхөн жүжгийн нэрнээс болж хүмүүс хэт хүндээр хүлээн авч байсан учраас найруулагч маань нэрийг нь өөрчилсөн. Жүжгийн утга агуулгад өөрчлөлт ороогүй. Анх тоглож байх үеийнх нь уран бүтээлчид дахин тоглож буйгаараа онцлог. Жүжгээ энэ сарын 13, 14-нд тоглох юм.

Г.ОЮУНТОГТОХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)