Бодлогын хүүг бууруулсан нь холыг харсан шийдвэр үү

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “Төсөвт тодотгол хийхгүй” гэсэн хариулт олон хүнд нэг л ойлгомжгүй байгаа бололтой. Сэтгүүлчид тодруулга авах бүртээ түүнээс энэ талаар асуудаг. Сангийн сайд мөнөөх л хариултаа хэлнэ. Тодотгол хийхгүй байх шалтгаанаа тоймтой, тодорхой тайлбарлахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байж ч мэднэ.

“Ковид-19” вирусийн тархалтаас шалтгаалаад эдийн засгийн идэвх суларлаа. Экспортын орлого эхний хоёр сарын хугацаанд 410 сая ам.доллароор буурав. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосноор худалдаа, үйлчилгээний зарим газар хаалгаа барьсан. Заримынх нь орлого хумигдав. Нүүрс олборлогч болон экспортлогч компаниуд, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, тээврийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын орлого буурах нь тодорхой. Ингэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан болон нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ буурна гэсэн үг. Татварын орлого буурахаар төсвийнх ч багасаж таарна.

...Үйл ажиллагаагаа зогсоож, санхүүгийн хүндрэлд орсон компаниудад эргэж хөл дээрээ тогтохын тулд зээл хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд ч хэвийн үйл ажиллагаандаа шилжинэ, бодлогын хүүгийн нөлөө ч гарч эхэлнэ. Яг л энэ үед мөнгөний нийлүүлэлтийг нэмэх бодлогын шийдвэр гаргажээ...

Орлого багасаж байхад төсөвт тодотгол хийхгүй гэх нь хачирхалтай нь мэдээж. Төсвийн зардлыг хасахгүй хэвээр үлдээе гэж бодъё. Тэгвэл орлого нь буурах учраас төсвийн алдагдал нэмэгдэнэ. Алагдлыг нөөцөөсөө санхүүжүүлж болно. Мөн зээл авч санхүүжүүлж болох юм. Улсын төсвийн орлого 11.7, зардал 13.8 их наяд төгрөг байхаар баталсан. Тэгэхээр төсвийн алдагдал одоо мөрдөж буй хуулиар 2.1 их наяд төгрөгтэй дүйж буй юм. Ирээдүйн өв санд 620 тэрбум төгрөг төвлөрөөд байгааг Сангийн сайд дуулгалаа. Тэрбээр хуримтлалаас төсвийн алдагдлыг нөхөх бодлого баримтлахаар болжээ. Ингэвэл ч өөр хэрэг. Төсвийн орлого 620-иос бага дүнгээр буурлаа гэхэд хуримтлалаасаа нөхөх юм байна. Ч.Хүрэлбаатар сайд эдийн засгийн хүндрэлтэй үед төсвийн зардлыг хасаж, хумих бодлого баримтлах нь буруу гэж тайлбарласан. Ингэвэл эдийн засгаа борцолно гэж айлдлаа. Эдийн засгийн хүндрэлтэй үед тэлэх бодлого явуулах нь давж гарах нэг арга болдог нь туршилтаар батлагдсан зүйл. Тиймээс Сангийн сайдын бодлого зөв.

УИХ-ын ээлжит сонгууль гурван сарын дараа болно. Сонгуульд ялж, төрийн эрх авсан улс төрийн хүчин шинэ Засгийн газраа байгуулна. Сөрөг хүчин сонгуульд ялбал Засгийн газрын бодлого эрс өөрчлөгдөж таарна. Энэ тохиолдолд төсвийн тодотгол хийхээс өөр аргагүйд хүрэх юм. Юутай ч энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг дуустал төсвийг тодотгохгүй нь тодорхой боллоо.

Төсвийн дийлэнхийг төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, төсөвт байгууллагын үйл ажиллагааны зардалд зарцуулдаг. Төсвөөр дамжиж, эдийн засаг руу мөнгө урсдаг ч бодит сектор буюу бизнест дорвитой нөлөө үзүүлдэггүй. Төсвийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийн дорвитой өсөлт бий болгож, нэмэгдсэн өртөг шингээж чаддаггүй. Иймээс төсвийн зардлаа хязгаарлаад, зах зээлийн бодит сектороо дэмжих нь зөв гэж олон эдийн засагч номлодог.

Зах зээлийн бодит секторыг мөнгөний бодлогоор дэмждэг. Гэхдээ бодит сектороо дэмжиж байна гээд баруун, солгойгүй төгрөг хэвлэж цацаад байвал буруудна. Ингэвэл эдийн засгаа элгээр нь хэвтүүлж мэднэ.

Тэгэхээр “орц”-ыг нь тохируулах хэрэгтэй. Гэнэт их мөнгө нийлүүлбэл инфляц, валютын ханш өсөх эрсдэлтэй. Тиймээс Төвбанк бодлогын хүүгээр мөнгөний нийлүүлэлтийг удирдаж, зах зээлд эргэлдэж буй төгрөгийн хэмжээг зохицуулдаг. Төвбанк бодлогын хүүгээ өсгөхөөр банкууд үнэт цаасыг нь худалдан авч, зээл олгохоо зогсооно. Ингэхээр зах зээлд бага мөнгө эргэлдэнэ гэсэн үг. Харин бодлогын хүүгээ бууруулбал Төвбанкны үнэт цаасыг худалдаж авах нь зээл олгохоос бага ашигтай болдог. Иймээс банкууд зээл олголтоо нэмэгдүүлдэг юм. Ингэснээр зах зээл рүү их хэмжээний мөнгө орно.

“Ковид-19” вирус тархаж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Монголбанк эдийн засгийн идэвхжил суларч буй энэ үед мөнгөний бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, 10 болгов. Мөн банкуудын заавал байлгах нөөцийг хоёр хувиар бууруулан, 8.5 хувьд хүргэлээ. Зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд ийм хос арга хэмжээ авч байна. Монголбанкныхан мөнгөний бодлогын хүүг аажмаар бууруулах бодлого баримтлах гэнэ. Мөнгөний бодлогын хүү нэг хувиар бууруулсан нь эдийн засагт хүчтэй нөлөөлж чадах уу гэдэгт эдийн засагчид эргэлзэж буй. Зарим нь бодло гын хүүг нэг хувиар багасгасан нь далайц муутай шийдэл гэж дүгнэсэн.

Банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр хувиар бууруулсан нь бодлогын хүүгээс хурдтайгаар эдийн засагт нөлөөлнө. Манай томоохон банкуудын жишгээс жишээ болгон тайлбарлая.

Банк зургаан их наяд төгрөгийн активтай гэж бодъё. Үүний 10.5 хувийг заавал байлгах нөөцөд хадгалах ёстой. Ингэхээр 612 тэрбум төгрөг болно. Үүний хоёр хувь нь 12 тэрбум төгрөг юм. Монголбанк шийдвэрээ өнгөрсөн лхагва гарагт гаргасан. Тэгэхээр нэг томоохон банкны 10 гаруй тэрбум төгрөг суларч, зээлүүлэх боломж бүрдсэн гэж ойлгож болно. Банкуудын нийт 100 орчим тэрбум төгрөг заавал байлгах нөөцөөс суларч, зээл олгох боломжтой болсон гэж таамаглаж байна.

Харин бодлогын хүүг бууруулсан шийдвэрийн эдийн засагт үзүүлэх нөлөө 3-6 сарын дараа тодорхой болно. Тэгэхээр бодит эдийн засагт ирэх зургадугаар сараас хойш нөлөөлж эхэлнэ гэсэн үг. Тухайн үед төсвийн тодотгол хийж зардлаа танаж мэднэ. Шинэ коронавирусийн тархалт ирэх зунаас зогсоно гэж эрдэмтэд таамаглаж буй. Хорио цээрийн дэглэм удаан үргэлжилбэл жижиг аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд орно. Эдийн засагчид жижиг компаниуд үйл ажиллагаа гурван сар зогсооход санхүүгийн хүндрэлд орно гэж тооцож байна. “Ковид-19” вирусийн тархалтаас үүдсэн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг тааварлахад бэрх. Гэвч одоогийн төсөөллөөр зургадугаар сар гэхэд цар тахлын хүрээ хумигдаж, улс орнууд тогтоосон хорио цээрийн дэглэмээ цуцлан, байгууллага, аж ахуйн нэгжүүд хэвийн ажиллаж эхэлнэ гэж төсөөлж буй.

Үйл ажиллагаагаа зогсоож, санхүүгийн хүндрэлд орсон компаниудад эргэж хөл дээрээ тогтохын тулд зээл хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд ч хэвийн үйл ажиллагаандаа шилжинэ, бодлогын хүүгийн нөлөө ч гарч эхэлнэ. Яг л энэ үед мөнгөний нийлүүлэлтийг нэмэх бодлогын шийдвэр гаргажээ. Төсөвт тодотгол хийхгүй байх нь зөв ч байж магадгүй. Эдийн засагт их хэмжээний мөнгө эргэлдэх хэрээр идэвхжил нь нэмэгдэнэ.

Зөвхөн экспорт буураад зогсохгүй импорт их хэмжээгээр багасаж буй нь ам.долларын ханш өсөх дарамтыг хязгаарлалаа. Мөн дэлхийн зах зээлд газрын тосны ханш өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин хямдарсан нь ханшийн дарамтыг хөнгөлж байна. Зах зээлд үүссэн энэ нөхцөл нь мөнгөний зөөлөн бодлого явуулж, эдийн засгаа тэтгэх боломж олгов. Мөнгөний бодлогын хүүг бууруулсан нь холыг харсан шийдвэр гэж дүгнэж болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)