Бодлого нэхсэн махны экспорт

“Мах экспортлох хэрэгтэй байна. Даанч шүлхий өвчин гараад “хар тамга” даруулчихлаа. Одоо мах экспортлохын тулд малаа эрүүлжүүлэх шаардлагатай” гэж шогширч байсан нь саяхан. Тэгвэл манай үмх махыг хилээрээ оруулахыг эрс цээрлэж байсан урд хөршийн бодлого өнгөрсөн жил гэнэт зөөлөрсөн. Ингээд дулааны аргаар хагас боловсруулсан мах импортлохыг зөвшөөрөв. Үүгээр зогсохгүй, адууг амьдаар нь авахыг ч дэмжив. Махны импортын бодлогоо зөөлрүүлсний дараа тэд дамнуурчдынхаа цүнхэнд мөнгө чихээд Монгол руу илгээлээ. Мөнөөх дамнуурчид нь Монголын хээр талаар зорчиж, мал худалдаж авав. Эмээлт орчмын мал нядлах, дулааны аргаар хагас боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулжээ. Ингээд махны зах зээлийн өнгийг хятадууд тодорхойлж эхлэв.

Хятадууд махаа шуурхай бэлтгэхийн тулд өндөр үнэ хаяж байв. Ингээд л малын үнэ гэрлийн хурдаар 50 хувиар өсчихсөн. Дагаад махны үнэ төдий чинээгээр нэмэгдэв. Бодит жишээ дурдахад, өнгөрсөн жилийн зун сарлагийн сувай үнээ Архангай аймагт 500 мянган төгрөг орчим үнэтэй байлаа. Гэтэл хүнд даацын ачааны машинтай хоёр хятад тэндээс намар нь сувай үнээг 800 мянган төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш тус нутагт ийм ханш тогтжээ. Энэ бол Монголын махны зах зээлд үүссэн үнийн өсөлтийн бодит жишээ. Махны үнэ өссөнд экспорт нөлөөлөөгүй гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ махны экспорт шинэ ханш тогтоосон нь гарцаагүй билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Килограмм мах 14 мянган төгрөгөөр худалдан авч идэж байгаа бол экспортлох ямар хэрэг байна вэ” гэж ярьсан. Хүнсний салбарынхан ухвар мөчид, бодлогогүй мэдэгдэл хийсэн гэж түүнийг шүүмжилж буй. Мах экспортлохгүй бол малчид мөнгөтэй болохгүй гээд шуугиад байсан. Махаа экспортлоод, малын үнэ өсөөд малчид мөнгөтэй болчихоор “Одоо мах гаргахаа больё” гэж байгаа нь ямар учиртай вэ.

“Монгол Улс 60 сая малтай. Энэ жил 20 орчим сая төл бойжуулаад 80 сая малтай болсон. Бэлчээрийн даац хэтэрлээ. Цаашдаа үүнээс олон мал бэлчээрлэх боломжгүй” гэж ярьж байна. 80 сая мал бол гурван сая хүнд том тоо. Харин Хятадын тэрбум хүнтэй зах зээлийг хэд хоног ч хангаж чадахгүй нөөц. Иймээс махны экспортод учиртай хандахаас өөр аргагүй. Авсан зоргоор нь зараад байвал сүргийн бүтэц өөрчлөгдөнө. Тиймээс тодорхой хязгаарын хүрээнд махаа экспортлох шаардлагатай.

Өөрсдийн хэрэгцээг бүрэн хангаад илүү гарсан махаа экспортолно гэсэн бодлого баримтлах нь зохилтой. Манай улс тэмээний мах экспортлох боломжгүй. Учир нь тоо толгой нь маш цөөн. Адуу, үхрийн мах бага хэмжээгээр л экспортлох боломжтой. Мөн тоо толгой нь тийм ч их биш. Харин хонь, ямаа тус бүр таван саяыг нядлахад сүргийн бүтэц өөрчлөгдөхгүй гэж судлаачид үздэг. Тоо толгойг нь ихээр өсгөж, бэлчээрийн даацад сөрөг нөлөө үзүүлж буй мал бол хонь, ямаа. Тиймээс хонь, ямааны махыг бусад төрлийнхөөс нь их хэмжээгээр экспортлох бодлого баримтлах нь зүйтэй.

Улс орнууд тухайн бүтээгдэхүүний экспорт болон импортыг хязгаарлахын тулд квот тогтоодог. Махны экспортод квот тогтоох цаг болжээ. Ингэхдээ өөрсдийн хэрэглээнээс илүү гаргасныг экспортолно гэсэн бодлогыг чанд баримтлах учиртай. Мөн сүргийн бүтцээ хамгаалах бодлогоо шингээх ёстой юм. Тухайн жилийн сүргийн өсөлтийг харж байгаад төдөн тонн үхрийн, адууны, хонины, ямааны мах экспортолно гэсэн квот тогтоох хэрэгтэй. Тэгээд дотоодын мах бэлтгэх үйлдвэрүүдэд экспортлох эрхийг өгөх шаардлагатай. Ингэвэл нэмүү өртөг нь Монголд үлдэнэ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас махны экспортод квот тогтоохоор ажиллаж байгаа сурагтай. Энэ талаар мэдээлэл авахаар тус яамныханд хандсан боловч мал аж ахуй болон хүнсний бодлого хариуцсан газрын дарга нар нь ажил ихтэй байсан тул уулзаж амжсангүй. Иргэд үнэтэй мах идэж байгаа учраас экспортыг нь зогсооно гэж муйхарлах биш, хэмжээ хязгаар, тооцоо төлөвлөгөөтэй гаргах нь зүйд нийцэх биз.

ГҮН БОЛОВСРУУЛАХЫН ТӨЛӨӨ

Адууг амьдаар нь экспортлохыг зөвшөөрснийг дээр дурдсан. Малыг амьдаар нь экспортлох нь хоцрогдсон хандлага. Дотоодын мах боловсруулах үйлдвэрүүд хөгжсөн өнөө үед малаа нядлаад, махыг нь хагас болон гүн боловсруулаад экспортлох нь зөв. Махаараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадаадын зах зээлд гаргавал нэмүү өртөг нь дотоодод үлдэнэ. Хөнгөн үйлдвэрхөгжинө. Одоогоор манай мах боловсруулах үйлдвэрүүд дэлхийн стандартаас хоцорчихсон байгаа. Эрүүл, аюулгүй хүнс боловсруулах стандартад нийцэж ажилладаг болоход эдийн засгийн хөшүүрэг чухал. Мах экспортлох нь үйлдвэрүүдэд эдийн засгийн боломжоо нэмэх нэг гарц юм.

Малаа нядлаад, махаараа гадаадын хэрэглэгчдийн шаардлагыг хангасан хүнс үйлдвэрлэх нь энэ салбарынхны туйлын зорилго байх учиртай. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн маань хөгжил дэлхийн жишгээс 20 шахам жилээр хоцорсон гэж мэргэжилтнүүд ярьдаг. “Мах импэкс” компани ирэх жилүүдэд томоохон хөрөнгө оруулж, дэлхийн жишигт нийцсэн өндөр технологитой үйлдвэр барихаар зэхэж байгаа гэнэ лээ. Энэ тохиолдолд мах, махан бүтээгдэхүүнээ олон улсад экспортлох чанар, стандартыг хангана. Тэгэхээр амьдаар нь гаргахыг дэмжих хэрэггүй, харин гүн боловсруулах үйлдвэрүүдээ дэмжих ёстой.

ҮНЭ ХОЁР ТАЛТАЙ

Улаанбаатарт амьдардаг иргэн махны үнэ өссөнд ихэд эгдүүцдэг. Ялангуяа орлого багатай иргэдийн амьжиргаанд махны үнийн өсөлт бодит дарамт болж буй нь гарцаагүй. Тэгвэл малчид махны үнэ өссөнд баяртай байгаа. Таван төгрөгөөр борлуулдаг барааных нь үнэ бараг хоёр дахин нэмэгдчихээр хэн ч сэтгэл тэнэгэр байх нь дамжиггүй. Махны үнэ өсчихөөр арав таван төгрөг нь амьдралд нэмэртэй юм гэж ярих малчинтай таарлаа. Хүн бүр амьдрал ахуйгаа өөд татаж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг зорьдог хойно махаа үнэтэй зарахыг бодож буй нь түүний буруу биш. Хямд үнэтэй мах худалдаж авахыг бодож буй нь суурин газрын иргэдийн буруу биш. Тэгэхээр зах зээлийн үл үзэгдэгч гар л үнийг зохицуулж таарах нь уу.

Махны экспортыг зогсоохоор үнэ нь хямдарчихна гэдэг нь юу л бол. Гагцхүү экспортын бодлогоо тодорхой болгочихвол дотоодын зах зээлийн эрэлт нийлүүлэлт эв зүйдээ орно гэж төсөөлж байна. Одоогоор бүх зүйл тодорхойгүй байгаа учраас малчид малаа зарах дургүй, нэгэнт авдартаа арав таван төгрөгийн хадгаламжтай болсон учраас тэнгэрт хандсан үнэ хэлж байгаа. Үнэ хоёр талтай. Давтан дурдахад, экспортын бодлогоо тодорхой болгох нь дотоодын махны зах зээлд бодит үнэ тогтоох боломжийг бүрдүүлэх болов уу. Бодлого нь тодорхойгүй тул зах зээлд ойлгомжгүй байдал үүсэх нь гарцаагүй.

МАЛЫГ НЬ АВАХ ХЯТАД АРГА

“Малын сугалаа” гээч бизнес хөдөө орон нутагт дэлгэрээд буй. Малаар мотоцикл, машин сугалуулна. “Хонины сугалаа”, “Хязаалан үхрийн сугалаа”, “Адууны сугалаа” гэх мэтээр сугалаанд оролцох эрх худалдаж авах малынх нь нас, төрлөөр мөнөөхөө нэрлэх аж. Ийм бизнес санаа олон хүнд яагаад төрсөн юм бол. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт удирдлагын түвшинд ажилладаг учир мэдэх хүн “Хөдөөгийнхөн малаа зарахгүй байна. Тиймээс сугалаа сугалуулж, малыг авах аргыг хятадууд сэдсэн юм. Ийм нарийн ухаан хятад хүнээс л гарна” гэж ярьсан. Сугалааны хонжворын мөнгийг хятадууд санхүүжүүлж буй гэсэн баталгаагүй мэдээлэл ч бий.

“Малын сугалаа”-ны бодит жишээг эш татъя. 50 хүнд хязаалан үхрээр сугалаанд оролцох эрхээ заржээ. Хонжвор нь таван ширхэг хятад мотоцикл байсан гэнэ. Мөн сугалаанд оролцсон хүн бүрт 200 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна. Хязаалан үхэр 800 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхээр нийт 40 сая төгрөг сугалаа гаргагч нөхөрт цугларна. Харин таван мотоцикл 10 сая төгрөгийн үнэтэй, хүн бүрт 200 мянган төгрөгийн урамшуулал олгохоор мөн 10 сая төгрөг болно. Энэхүү сугалаа нийт 20 сая төгрөгийн хонжвортой гэсэн үг. “Малын сугалаа” гэгчээр малыг нь тал үнээр л худалдан авчихаж байгаа биз. Малаа зарахгүй байхаар нь хөдөөгийнхнийг хөөргөж байгаад шоглож буй нь энэ. Малчид малаа зарахгүй болохоор нийлүүлэлт саарна гэсэн үг. Ингэхээр махны үнэ өснө. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого бас л дутуу бололтой. Ерөөс махны зах зээл, эскпортын орчинд тодорхой бодлого л дутаад байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)