Бодлогоор бэлтгэсэн анхдагчдын нэгэн

Консерваторын “аймаар” багш нарын нэг Ш.Дуламсүрэнг “чихдэж” авчрав. “Завгүй, нуруу өвдсөн, гадаадын уралдаанд шавь нараа дагуулж явахаар бэлтгэж байна, дараа болох уу” гэсээр лав гурван жил бултсан түүний ажил үйлс, амжилтын тухай мэдээлэх цаг нь болсон.

Тэр яагаад аймаар багш вэ. Шавь нартаа хатуу шаардлагатай. Сурагч ч бай, оюутан ч бай магтах гэж бараг үгүй, “Болоогүй байна” л гээд байдаг. “Хөгжим сайн тоглох гэдгийг хурдан, техник сайтай гүйцэтгэхийг хэлэхгүй. Хэн ч нүд эрээлжлэм өндөр хурдтай тоглож чадна шүү дээ. Тэглээ гээд тэндээс хөгжим сонсогдохгүй, өөрөөр хэлбэл, сэтгэлд хүрэхгүй байвал яах вэ. Зүрх эзэмдэхгүй бол тэр хөгжим биш. Манайхан хөгжмийн талаар буруу ойлголттой байх юм. Гэсэн ч энэ эрүүл бус нийгэмд хүүхдээ хөгжмийн сургуульд оруулахаар хөтлөөд ирж байгаа ээж, аавуудад үнэхээр их баярладаг” хэмээн ярих нь хөгжмийн урлагийг нийтэд хүртээхийн төлөөх үйлсэд амьдралаа зориулсан мэргэжилтний үг гэлтэй.

Хаа хаанаа сүр дуулиан болгоогүй ч багш энэ хавар амжилтаар арвин байсан юм. Тэрбээр БНЧУ-ын Усти над Орлиц хотод болсон олон улсын залуу хөгжимчдийн 25 дахь уралдаанд гурван шавиа дагуулж очиход нэгдүгээр ангийн сурагч Ч.Цэцэн тэргүүн, хоёрдугаар ангийн сурагч Ж.Нарансоёмбо гурав, наймдугаар ангийн сурагч Ө.Мишээл насны ангилал ахиулж өрсөлдөөд гуравдугаар байр эзэлсэн. 

Энэ нь Монголын сонгодог хөгжмийн, тэр дундаа виолончелийн сургалт дэлхийн түвшинд байгааг нотолсон үйл явдал болсон юм. Шүүгчид уралдаанд байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал урамшууллыг нь гардуулсны дараа Ш.Дуламсүрэн багштай уулзаж, тусгайлан баяр хүргэжээ. “Монгол хүүхдүүдэд хөгжимчин хүнд байх ёстой өнгө байна, насаар бага ч хөгжмийг мэдэрч тоглож чадлаа, хөгжмийн зохиолын утга санааг зөв илэрхийлсэн” гэж тэд хэлжээ. Хөгжим хэрхэн тоглохыг зааж байгаа багш, эрдмийг нь сурч буй шавь нарын хэн хэнд ийм дүгнэлтээс илүү урам, шагнал гэж үгүй биз ээ.

Ш.Дуламсүрэн багш “Чехийн энэ уралдаанд 2009 оноос хойш тав дахь удаагаа сурагчдаа авч очлоо. Өнгөрсөн хугацаанд таван сурагч нэг, хоёрдугаар байр эзэлсэн. Шавь нар маань хөгжмийн урлаг өндөр түвшинд хөгжсөн Герман, Франц, Польш, Чех, Серб зэрэг орны өсвөрийн хөгжимчидтэй өрсөлдөөд түрүүлэхэд, хоёрдугаар байр эзлэхэд үнэхээр баярладаг. Сая хамгийн сүүлд явахад Ч.Цэцэн маань тэргүүлсэн нь үнэхээр бахархалтай байлаа. Энэ хүүхдэд шүүгчдийн хэлснээр нэг л жил виолончель заагаад хөгжим хэрхэн тоглохыг ойлгуулж чадсандаа сэтгэл хангалуун байна. Аливаа юм хоёр талтай. Хүүхэд өөрөө дурлаж хөгжим сурахаар сонгох, хөгжмийн сургуульд орохоор зүтгэх нэг хэрэг. 

Харин эцэг, эх нь хүүхдэд нь авьяас, боломж байгаа, эсэхийг харгалзалгүй өөрсдийн хүслээр хүүхдээ хөгжмийн сургуульд хүчээр оруулах ондоо. Одоо Францад Консерваторт сайн сурч байгаа шавь Г.Чингүүнийг жишээ авахад тэр бол хөгжимд үнэхээр дурласан хүү. Мөн Швед улсын Радио, телевизийн дэргэдэх симфони найрал хөгжимд ажиллаж байгаа Ц.Бэхбат маань бас хөгжим тоглохын төлөө төрсөн мэт санагддаг юм. Түүнд виолончель тоглохоос өөр юу ч сонирхолтой биш байх. Ингэж дурласан хүмүүс хөгжмийг жинхэнэ тоглодог.

Бэхээгээ зорилгоо биелүүлж яваа гэж хардаг. Ер нь Европт бол хөгжимчдийн гол зорилго оркестрын хөгжимчин болох байдаг. Яагаад гэвэл симфони найралд хөгжимчнөөр ажиллах гэдэг бол мөрөөдөл нь ч, амьдралын баталгаа нь ч юм. Оркестрт сууж бусад хөгжимчний хамт хамгийн гоё хөгжмүүдийг жинхэнэ утгаар нь тоглож, мэдэрч амьдрах нь туйлын хүсэл нь. Германд мэргэжил дээшлүүлэхээр сурч байхад багш маань оркестрт ажилладгаараа бахархдаг гэж ярьж байлаа. 

Виолончель хөгжимчин найрал хөгжимчдийн эгнээнд элсэхийн тулд А.Дворжакийн, энэхүү зэмсэгт зориулсан концерт, Й.Гайдны D dur концертыг заавал тоглосон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эдгээр зохиол нь хөгжимчин хаана ч нүүр бардам байх “эрх олгодог” хөтөлбөр. Эдгээрийг тоглодог бол өндөр боловсролтой хөгжимчин, мэргэжилтэн гэж хэлж байсан юм” хэмээн сонгодог хөгжим хэмээх урлагийн нарийн ухааны учрыг тайлбарлаж байлаа.

Ш.Дуламсүрэн багш виолончель хөгжмийн чиглэл дэх манай улсын дээд боловсролтой үндэсний анхдагч боловсон хүчин юм.

Тэрбээр 1967 онд дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа Хөгжим бүжгийн дунд сургуулийн виолончель хөгжмийн ангид орж, Зөвлөлтийн мэргэжилтэн Ефимов багшийн шавь болжээ. Хичээлдээ сайн, аливаад хичээнгүй түүнийг 1972 онд тухайн үеийн Соёлын яамнаас Зөвлөлт Армен улсын нийслэл Ереван хотын Р.Меликяны нэрэмжит Хөгжмийн дунд сургуульд сургахаар илгээжээ. Түрүү жил нь хийлээр анхны дээд боловсролтой хөгжимчдийг бэлтгэхээр Ч.Чинбат, Ж.Баярсайхан, Л.Алтанцэцэг нарыг явуулаад байсан бол дараа жил нь сургуулийн сайн сурагч Ш.Дуламсүрэнг томилжээ.

Хөгжмийн дунд сургуульд дөрвөн жил онц дүнтэй суралцсан охиныг 1976-1981 онд тус хотын, Комитасын нэрэмжит Консерваторт элсүүлснээр охин дэлхийд нэр нь тодорсон таван виолончельчийн нэг, Армен улсын Ардын жүжигчин Геронтый Талаляны шавь болов. Профессор Г.Талалян бол Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторт дэлхийд домог болсон виолончельч М.Ростроповичтой нэг ангид суралцаж, нэг мэргэжлийн багшаар заалгаж төгссөн, тухайн цагтаа сонгодог хөгжимд дурлагсад шүтэн биширдэг хөгжимчин байжээ.

Тэрбээр дээд сургуулиа төгсөөд ажлын гараагаа Их театрын гоцлол хөгжимчнөөс эхэлсэн байна. Тухайн үед алдар нэр нь хэдэн жилийн турш Зөвлөлт даяар түгж байсан уран бүтээлч ид тоглож байх үедээ тархины хүнд мэс засал хийлгэж, улмаар Москваг орхин, эх нутаг Армендаа очиж, багшлах ажилд шуударсан түүхтэй юм билээ. Тухайн үеийн Засгийн газраас Монголын анхны дээд боловсролтой виолончельч болгохоор бодлогоор илгээсэн хөгжимчин Ш.Дуламсүрэнд виолончель хөгжим тоглох ур чадвараар, энэ урлагт эзлэх байр сууриар дэлхийд гарын таван хуруунд багтах багшийн шавь болох хувь заяа ногдсон нь Монголын ч заяа гэхээр. 

Яагаад гэвэл өнөөдөр манай улсын симфони найрал хөгжимтэй байгууллага болгонд Ш.Дуламсүрэн багшийн шавь нар ажиллаж буй. Виолончельчид мэргэжлийн өндөр ур чадвартай, хариуцлагатай, найдвартай уран бүтээлчид байдаг. Багшийн олон шавь гадаад орны тайзнаа амжилт гаргаж, улсынхаа нэрийг мандуулсаар ирэв.

Шавь нар нь АНУ, ОХУ, БНЧУ, Франц зэрэг оронд болсон виолончель хөгжимчдийн уралдаанд шагналт байраас дээш амжилт үзүүлсэн 70 гаруй тохиолдол байна. Тэдгээрийн 48 нь тэргүүн байр юм. Зөвхөн энэ үзүүлэлт багшийн сургах арга барил дэлхийн түвшинд буйн илрэл биз ээ.

1998 онд шавь Я.Бадамхатан нь суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцсон нь Монголын сонгодог хөгжимчин уг уралдааныг зориглон зорьсон анхны тохиолдол байлаа. Тухайн жилд дуурийн дуулаачдын төрөлд манай алдарт баритон, Гавьяат жүжигчин П.Ганбат уг уралдааны тусгай байрын шагнал хүртэж, Монголын дуучдын өнөөгийн амжилтыг түүчээлсэн түүхтэй.

Шавь Ц.Бэхбат нь 2006 онд төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн зохион байгуулдаг олон улсын уралдаанд оролцсоны дараа Испани улсын хотуудаар аялан тоглосон нь мөн л анхдагч амжилт байсан. Тэрбээр 2007 онд БНХАУ-ын ӨМОЗО-ы Хөх хотын Урлагийн их сургуульд гоцлол тоглолтоо хийсэн нь бас шинэлэг, анхдагч үйл явдал байлаа.

Багшийн шавь, өсвөрийн хөгжимчин Т.Энхмаа, Г.Чингүүн нарынх нь тоглолтыг ОХУ-ын Красноярск хотын Хөгжмийн академид зохион байгуулав. Хөгжимчин хүүхдүүд дэлхийн сонгодог бүтээлүүдээр уран бүтээлийн концерт тавьсан нь Монголын сонгодог хөгжимчдийн түүхэн дэх гадаадад хийсэн анхны бие даасан тоглолтуудын нэг байлаа. Г.Чингүүн олон улсын уралдаанаас анх удаа гран при шагнал авсан нь анхдагч “үзэгдэл”. Виолончельч хүү АНУ, ОХУ, БНЧУ, Франц улсад болсон уралдаануудад оролцож долоон удаа нэгдүгээр байрын шагнал хүртсэн.

Чухам энэ шавь нь өдгөө Парист мэргэжлээрээ суралцаж байна. Хүүгээ сайн хөгжимчин болгохын төлөө их хүчин чармайлт гаргадаг ээж нь өнгөрсөн өвөл “Манай хүү ээжээсээ илүү багшдаа хайртай юм шиг байна лээ. Компьютерынх нь нууц үг “Duka” гэж байх юм. Саяхан мэдлээ. Сэтгэл хөдлөөд уйллаа шүү дээ. Хүний нутагт явсан ч багшийгаа гэж явдаг хүүхэд юм байна” хэмээн ярьсан юм. Энэ мэтчилэн Дука багшийн шавь нарын амжилт, адал явдлын тухай дурдаад байвал барахгүй.

Багш хэд хэдэн удаа виолончельчдын олон улсын уралдаанд шүүгчээр ажилласан. ОХУ-ын Красноярск хотын Хөгжмийн академид түүгээр мастер класс удирдуулж, сургалтын арга барилаас нь орос багш нарын хүртээл болгосон.

Багш 2007 онд ХБК-ийн дэргэд виолончель хөгжмийн чуулга үүсгэн байгуулсан нь “ховрын бараа” байлаа. Тус чуулга төр, улсын чанартай тоглолтод 50 гаруй удаа тоглосон. 2010 онд Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод, үүнээс хойш хоёр жилийн дараа БНХАУ-д болсон Монголын соёлын өдрүүдээр Бээжин хотын “Сувдан театр”-т тоглосон юм.

Ш.Дуламсүрэн багштай олон удаа уулзаж, албан ажил ч хамтран хийж байсан ч түүний нөр их хөдөлмөрийн тухай төдийлөн сонирхож байгаагүй юм байна. Тэрбээр ийм олон шавийг ажил, амьдралын талбарт илгээжээ. Арменд Хөгжмийн дээд сургууль төгсөж ирээд Улсын филармонийн симфони найрал хөгжимд 1981-1984 онд гоцлол хөгжимчнөөр ажиллахдаа болон түүнээс хойш ХБДС-д багшлахдаа гадаадын олон орны тайзнаа уран чадварлаг тоглож, Монгол Улсынхаа сонгодог хөгжмийн урлагийн хөгжлийг тольдож явсан гоцлол хөгжимчин аж. 

1999 онд ХНБГУ-д суут хөгжмийн зохиолч Ф.Мендельсоны нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд профессор Вольфганг Веберийн удирдлага дор мэргэжил дээшлүүлсэн байна. Түүний сургах арга барилын онцлогийн талаар Консерваторын Сонгодог хөгжмийн сургуулиас тодорхойлжээ. Үүнд “Ш.Дуламсүрэн бол дэлхийн нэрт хөгжимчин Геронтый Талаляны удирдлага дор есөн жил суралцаж, шилдэг арга барилыг нь Монголд нэвтрүүлсэн үндэсний дээд боловсролтой анхны мэргэжилтэн юм. 

Мэргэжлээрээ 38 жил ажиллахдаа заах арга зүй, багшлах дадлага зэрэг хичээлийн стандарт хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулсныг дунд сургуулийн болон бакалаврын түвшинд мөрдөж байна. Багш энэ хөгжмийн мэргэжлийн сургалтыг дэлхийн стандартад хүргэж, Монголын хөгжмийн урлаг болон хөгжимчдийг дэлхийн тавцанд гаргахад онцгой хувь нэмэр оруулсан юм” гэжээ.

Удаан ярилцсаны эцэст багш “Монголын виолончель хөгжмийн сургалт, дэгийг зөвхөн надад хамаатуулж болохгүй. Намайг 1972 онд хойшоо сургуульд явсан жил Буриадаас Х.Дариймаа багш ирсэн. Бид олон жил мөр зэрэгцэн ажиллалаа” гэж байлаа.

Багш охин Д.Сарангаа яагаад ч юм виолончелийн ангид оруулаагүй. Охин ХБК-ыг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө Москвагийн Гнесиний нэрэмжит Хөгжмийн академид хөгжим судлаачаар суралцаж байгаа билээ.

“Виолончель бол хүний дуу хоолой мэт хамгийн гоё дуутай хөгжим” гэх багш нэг юм “гуйв”. Сэтгүүлчид морин хийл гэж биш, харин виолончель гэж ярьж, бичиж байгаарай. Тэгвэл олон түмэн хурдан зөв хэлдэг болно. Энэ бол морин толгойтой хөгжим биш. Үүсэл гарлаас нь үзвэл хийл рүү дөхнө. Тэгэхээр морьтой зүйрлүүлэх, дүйцүүлэх үндэс үгүй” гэсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)