Бодитоос ч илүү БОДИТ

Яг л бодит мэт, гэрэл зураг гэмээр зурсан гайхалтай хөрөг, бүтээлүүдийг харсан хүмүүс “Энэ үнэхээр уран зураг мөн үү” гэж эргэлзэхэд хүрэх нь бий. Ямар нэгэн төхөөрөмж, аппаратын тусламжтай буулгаагүй, зураачийн гараар бүтээсэн “хэтэрхий” бодитой эдгээр зураг нь фотореализмын гайхамшиг юм.

Суперреализм, гиперреализм ч гэж нэрлэдэг эл урсгалыг америк уран бүтээлчид дэлхийн уран зургийн түүхэнд 1960-аад онд бий болгожээ. Урлагийн бүтээл, уран зураг цуглуулагч, борлуулагч (арт дилер) Луиз К.Мейзел хэмээх эр 1968 онд фотореализм гэдэг нэршил бий болгосон бөгөөд эл урсгалын бүтээлүүдийг анх удаа 1970 онд Уитни музейд зохион байгуулсан “Хорин хоёр реалист” үзэсгэлэнд дэлгэжээ. Уран зураг цуглуулагч Стюарт М.Спейзерийн хүссэний дагуу 1973 онд Луиз К.Мейзел фотореалист бүтээлчийн урлахуйн арга барил, ер нь энэ нь чухам ямар урсгал вэ гэдгийг ерөнхийлөн тодорхойлжээ. Тэрбээр фотореалист зургийг гэрэл зургаас ангид авч үзэх боломжгүй гэдгийг онцлоод “Фотореалист зураач бүтээлийнхээ мэдээллийг камер болон гэрэл зураг ашиглан авдаг. Зураач зотон дээр “гэрэл зураг” буулгахдаа механик, цахилгаан хэрэгсэл ашигладаг. Зураач эцсийн үр дүнг гэрэл зураг шиг харагдуулахын тулд ур техникийн өндөр чадвартай байх ёстой. Фотореалист гэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд энэ чиглэлээр таваас доошгүй жил туурвисан байх” гэж тодорхойлжээ. Тэгэхээр энэ урсгалаар бүтээгчид үндсэн судалгаандаа камер, гэрэл зураг ашигладаг гэсэн үг. Францын судлаач Иса Брахот фотореализмыг илүү өргөн хүрээтэй томьёолохыг санал болгож, гиперреализм (hyper¬realism) гэсэн байна.

РичардЭстес “Хоёр тусгал” уран зураг

Америкийн зураач Ричард Эстес, Ральф Гоингз, Чак Клоуз, Чарльз Белл, Жон Баедер Одри Флэк, Дон Эдди, Роберт Бечтли, Том Блэквэлл, Дик Зиммерман, Ричард МакЛеан нарыг эл урсгалын анхдагч мастер гэдэг аж.

1970-аад онд Европт эрчтэй хөгжиж эхэлсэн фотореализм хэмээх урсгал уран баримлын урлагт ч хүчтэй нөлөөлжээ. Үүний гол төлөөлөгч нь Америкийн барималч Дуэйн Хансон, Жон Андреа нар юм. 1990-ээд он гэхэд энэ урсгал дэлхий нийтэд эрчимтэй тархаж, фотореалист уран бүтээлч олширчээ. Түүнчлэн технологийн шинчлэлүүдийг ашигласнаар боломж нь өргөжсөн нь фотореализмын хөгжилд том алхам болсон аж. Сүүлийн үед залуучууд түлхүү сонирхох болсныг урлаг судлаачид онцолжээ. Өнөөдөр Английн Рафаэлла Спенс, Клайв Хэд, Францын Бертран Мениел, Италийн Роберто Бернарди, Кьяра Альбертони, Испанийн Бернардо Торренс, Америкийн Тони Брунелли, Стивен Шори, Даффи Шеридан, Ираны Иман Малеки гэхчлэн гарамгай уран бүтээлчийг олон улсад андахгүй.

Жон Андреа, “Үргэлжлэл”уран баримал

Фотореализм бол поп арт, хийсвэр экспрессионизмын эсрэг урсгал бөгөөд орчин цагийн шаардлагаар бол яг л гэрэл зураг шиг бодит байх ёстой гэж үздэг. Хөгжлийн эхэн үедээ уран бүтээлчид дэлгүүрийн цонх, машин, метроны буудал, өндөр барилга, шил, толинд туссан хүмүүсийн тусгалыг өөрөөр хэлбэл, шил, хуванцар, өнгөлгөөтэй, гялалзсан гадаргуутай зүйл зурахыг эрмэлзэж байв. Гэрэл, сүүдрээр “тоглохын” гайхамшгийг харуулахыг хүссэн хэрэг. Америкийн Ричард Эстес, Ральф Гоингс нарын бүтээлээс үүнийг харж болно. Өнөө цагт фотореализмын гол төлөөлөгчдөөс Педро Кампос, Янни Флорос, Иман Малеки нарыг олон улсын судлаачид онцолдог байна.

“АМЬД ЮМ УУ”

Ричард Фотореализмын чиглэлээр уран бүтээл туурвидаг онцгой нэгэн хүн бол Дуэйн Хансон. Тэрбээр эл урсгалыг гурав хэмжээст урлагт “амилуулсан” юм. 1925 онд Америкийн Флорида муж улсад төрсөн тэрбээр “Өнөөгийн хүмүүс” цуврал баримлаараа илүү алдаршсан нэгэн. Эрх чөлөөний орон гэгддэг, XX зууны Америкийн нийгмийн дундаас доош давхаргынхны амьдралыг харуулахыг зорьжээ. Германы уран барималч Георг Григотой танилцаж, хуванцар-резин материалаар бүтээл хийх аргаас суралцсан нь түүний уран бүтээлийг илүү гайхалтай болгосон гэдэг. Дуэйн Хансон 1960-аад оны сүүлч үед үс, арьс, нүд, хөмсөг гээд яг л амьд мэт “хүн” урлаж шуугиан тарьжээ. Энэ нь хуванцар-резин материалаар хийсэн анхных нь бүтээл байлаа. “Гудамжны хүмүүс”, “Мансуурагчид”, “Туйлдсан бүсгүй” зэрэг баримлаараа тэрбээр Вьетнамын дайн, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, Мартин Лютер Кингийн үхэл, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гээд 1960-1980-аад онд Америкийн нийгэмд тулгамдсан асуудлуудыг хөндсөн аж. Гиперреализмын мастер барималч 130 бүтээл туурвисан бөгөөд АНУ-ын Уран бүтээлчдийн алдрын танхимд залагдсан эрхэм юм. Тэрбээр 1996 онд 70 настайдаа хорвоог орхижээ.

ГЭРЭЛ ЗУРГААС Ч ИЛҮҮ

Испанийн зураач Педро Кампос тосон будгийг илүүд үздэг бөгөөд түүний зурах техникийг бишрэхээс аргагүй. Гэрэл зургаас ч илүүтэй тухайн зүйлийг тодруулан харуулдаг зураач гэж түүнийг судлаачид тодорхойлжээ. Тэрбээр бага, залуугаасаа л янз бүрийн ажил хийж, зар сурталчилгааны агентлагуудад ажиллаж байжээ. 30 настайдаа бие даасан зураач байхаар шийдсэн гэнэ. Өдгөө 46 настай түүнийг гиперреалист бүтээлүүдээр нь олон улсад мэддэг болжээ. Педро Кампос гялалзсан бөмбөлөг, шилэн ваар, хальсан уут, тугалган цаас зэргийг бүтээлдээ түлхүү тусгадаг юм байна.

Бэлтгэсэн: Э.Хана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)