Богд хааны ордон музейн газарт барьсан барилга, байгууламжийг нураахыг шаарджээ

УИХ-ын нэр бүхий гишүүд Богд хааны ордон музейн газарт барьсан барилга, байгууламжийг нураахыг шаардсан бичигийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт хүргүүлэх болжээ.

Хурлын үеэр Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийн 5.7 га газраас 2.3 га-г нь 2010-2013 онд хууль зөрчин иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосныг дурдаад “Сүүлийн үед Засгийн газрын тогтоол, Соёлын тухай, Соёлын өвийн тухай хуулийг зөрчин Богд хааны ордон музейн орчимд хууль бусаар барилга, байгууламж барьсан тухай мэдээлэл гарах болсон. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, 1921 оны Ардын хувьсгалд чухал үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин, төрийг хослон баригч Богд хаан Жавзандамба хутагтын орд өргөө бол Монгол төрийн түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнолын ариун гал голомт юм. Энэ музейд Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Ногоон дарь эхээс эхлээд Жавзандамба хутагтын хэрэглэж байсан баринтаг тэргүүтэй 9000 гаруй нэн ховор үзмэр бий. Уг музейг Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, Богд хааны ордон музейн орчимд түүхийн үнэт өв, дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулах үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Мөн тус музейн хамгаалалтын бүсийг 5.7 га газар байхаар тогтоосон байдаг. Гэвч уг тогтоолыг зөрчиж тус хамгаалалтын бүсэд барилга барих, ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх, шар айраг борлуулах асар барих зэрэг асуудал үүссэн. Тиймээс Ерөнхий сайд болон БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлж байна” хэмэнн Ж.Мөнхбат гишүүн ярилаа.

Гишүүдийн зүгээс Ерөнхий сайд болон БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт дараах дөрвөн заалт бүхий шаардлага хүргүүлж байгаа юм.

  1. Засгийн газрын 2001 оны 96 тоот тогтоол, Соёлын тухай хууль зөрчин Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулж, барилга барьж буй асуудлыг нэн даруй зогсоож, тухайн газрыг нөхөн сэргээлгэх.
  2. Богд хааны ордон музейн газарт хууль, тогтоол зөрчиж барьсан байгууламжуудыг нураах, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах.
  3. Богд хааны ордон музейн газарт байнгын харуул хамгаалалт бүхий түүх соёлын цогцолбор барих, орчин үеийн стандартад нийцсэн музей, сонгодог урлагийн болон Үндэсний урлагийн их театр барих шийдвэрийг нэн даруй гаргаж, хэрэгжүүлэх.
  4. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Шарга морьтын аманд байрлах Монгол Улсын сүүлчийн Их хатан Дондогдуламын бунхан, гэрэлт хөшөөг эвдэн зайлуулж, зуслангийн байшин барих зөвшөөрөл олгосныг яаралтай цуцлан, тус газрыг тусгай хамгаалатад авч, соёлын өвд бүртгэх асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)