Богд хааны музейг шилдгээр шалгарууллаа

Дэлхийн нэр хүндтэй “Tripadvisor” сайт “Аялагчдын сонголт-2020”-ийн шилдгээр Монголын Богд хааны ордон музейг онцолжээ. Цахим сүлжээнд иргэдийн нийтэлсэн сэтгэгдэл, шүүмж, мэдээлэлд үндэслэн жуулчдын сонирхлыг хамгийн их татсан газруудыг шалгаруулдаг уламжлалтай аж. Жуулчид Богд хааны ордон музейн тухай хамгийн олон сэтгэгдэл бичжээ. Түүнчлэн тус сайтад байршуулсан эл музейн танилцуулга, үзмэр, сан хөмрөгтэй холбоотой мэдээллийг цөөнгүй хүн үзсэн байна. АНУ-ын Калифорни муж улсын Марин хотод амьдардаг, “Dnale¬ciz” хэмээх цахим хуудсаараа влог хөтөлдөг аялагч “Улаанбаатарын хамгийн гайхалтай газар нь Богд хааны музей. Богд нь Монголын сүүлчийн хаан бөгөөд түүний амьдарч байсан сууцыг музей болгох шийдвэрийг нас барснаас нь хоёр жилийн дараа буюу 1926 онд гаргасан. Түүх, урлагийн үнэт зүйлс, шашны шүтээн, хөрөг, ёслолын хувцас, хэрэгсэл, чихмэл амьтдын цуглуулга гээд хаан болон түүний гэр бүлийнхэн эзэмшиж, ашиглаж байсан 8600 гаруй үзмэр тэнд бий. Хэрвээ та Монголд очвол энэ музейд заавал зочилж, Богд хааны талаар илүү ихийг мэдээрэй. Би музейд 3-4 цаг болсон ч зарим үзмэртэй тухтай танилцаж амжаагүй. Эл музейд нэвтрэхэд хүүхэд 0.54, оюутан 1.09, насанд хүрэгч 2.92 ам.доллар төлдөг. Камертай нэвтрэх бол 18.28 (50 мянга), дүрс бичлэг хийвэл 25.59 ам.доллар (70 мянган төгрөг)-ын хураамжтай” хэмээн бичжээ. Сакроменто хотын өөр нэг иргэн “Монголын шашин, түүх, урлаг, төрт ёсыг сонирхох, судлах, илүү нарийн мэдээлэл авахыг хүссэн хүмүүст энэ музей хангалттай зүйл “хэлнэ” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)