Богд хаант Монгол Улсын Төрийн дууллыг чех хүн зохиожээ

Монголын хөгжим судлаачдын форум өнгөрсөн оны сүүлчээр болсон билээ. Үүгээр сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн бөгөөд сонсогчдын анхаарлыг гойд татсан нь манай улс Богд хааны үед Төрийн дуулалтай байсан, түүнийг чех хүн зохиосон тухай яриа байсан юм. 

Үүнийг нотлох баримтыг сонирхуулъя. 1910-аад оны сонинд энэ талаар бичсэнийг дээрх зургаас харж болно. “Оросын тусламжаар дарлалаас чөлөөлөгдсөн Монгол гүрэн тусгаар тогтносон улс болох шинж нь алхам алхмаар бүрэлдсээр байна. Монголын Засгийн газрын тусгай захиалгаар Оросын хөгжмийн зохиолч Монгол Улсын Төрийн дууллыг зохиов. Монгол аялгууг Дорно дахины факультетаас сонгож өгчээ. Хөгжмийн зохиолч нь Мариинский театрын симфони найрал хөгжмийн нэгдүгээр хийлчээр ажиллаж К.Кадлец юм” гээд зурагтай нь нийтэлжээ. Хөгжмийн зохиолч Онржей Карел Кадлец 1859 онд Австри-Унгарын эзэнт гүрэнд, одоогийн Чехийн нутаг дэвсгэрт Вацлав хэмээх мужааны гэр бүлд төрсөн бөгөөд хуучин Гуть хэмээх газар эцэг, хойт эхийн хамт амьдардаг байжээ. 

Хүүхэд байхад нь хөгжмийн авьяастай болох нь мэдэгдсэн бөгөөд хожим Прагын Хөгжмийн дээд сургуульд суралцаж төгссөн аж. Тэрбээр XIX зууны 80-аад оны эхээр Орос орон руу цагаачлан ирж, элэг нэгт хөгжмийн авьяастан олноор амьдардаг Петербург хотод суурьшжээ. Залуу Кадлец юуны учир, хэний санаачилгаар цагаачлан эх орноо орхих болсон нь тодорхойгүй. Тухайн үед буюу 1879-1894 онд Петербургийн Мариинский театрын даргаар түүний нутаг нэгт К.Кучер ажиллаж байсан бөгөөд тэрбээр К.Кадлецын гэр бүлийн танил байсан болов уу, улмаар хөгжмийн авьяастай хүү Орос орныг зорих шийдвэр гаргахад нөлөөлсөн байх магадлалтай гэж урлаг судлаачид таамагладаг аж. 

Залуу хөгжимчин оросуудад өөрийгөө Андрей Вячеславович хэмээн танилцуулсан тул түүнийг найз нөхөд болон сонсогчид нь гадаадад гарсан оросуудын нэг эргэж ирсэн хэмээн боддог байсан гэнэ. Хөгжимчин Санкт-Петербургийн Консерваторт үргэлжлүүлэн суралцсан бөгөөд 1887 оны есдүгээр сарын 1-нээс 1907 оны нэгдүгээр сарын 1 хүртэл Мариинский театрын симфони найрал хөгжмийн нэгдүгээр хийлчээр ажилласан түүхтэй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)