Богд хаант Монгол Улсын Засгийн газрын гишүүдтэй уулзсан нь

ГЭРЭЛ ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ

Герман улсын иргэн, судлаач, жуулчин Херман Констен хэмээх эрхэм 1907-1913 онд Монгол орны нутгаар хөндлөн гулд аялж, гар болон гэрэл зураг, газар зүйн нарийвчилсан зураглал, археологийн олдвор зэрэг маш их мэдээлэл цуглуулжээ. Х.Констений аян замын тэмдэглэлийг Элчин сайд асан, орчуулагч, хэвлэн нийтлэгч Б.Баярсайхан “Цөвүүн цагийн эрчлээс дундах Монгол орноор” нэртэй хоёр боть номоор монголчуудад танилцуулж буй. Уг бүтээлийн нээлт саяхан болсонтой холбогдуулан бид номын зургийн дээжээс хүргэж байна.

Х.Констен 1912-1913 онд Ховд, Улиастайгаар дайран Нийслэл хүрээнд ирээд, буцах замдаа тухайн үеийн Монголын ноёд, удирдагчидтай уулзаж, тэдний талаар номдоо дэлгэрэнгүй өгүүлжээ. Хамгийн чухал нь тэр хүмүүсийн гэрэл зургийг авсан байна. Жишээ нь, Нийслэл хүрээнд байхдаа Богд хаант Монгол Улсын Засгийн газрын бүх гишүүнтэй уулзаад, гэрэл зургийг нь авчээ. Энэ утгаараа Х.Констений гэрэл зургийн өв өдгөө маш үнэ цэнтэйд тооцогдож буй аж.

Дээрх зургийг Х.Констен 1913 онд Өргөө хотод авчээ. Зургийн арын эгнээнд зүүн гар талаас Онцгой үүрэгт түшмэл Эльтеков, Монголын Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны түшмэл Москитин, буриад хэлмэрч Церенпилов, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайд Түшээт ван Чагдаржав, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайд Намсрай ван, түүний туслах Удай нарын дүр уг зурагт үлджээ. Өвөр эгнээнд зүүн гар талаас Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайд Далай ван Гомбосүрэн, Өргөө дэх Их хүрээний тэргүүн да лам Цэрэнчимэд, Хаант Оросын элч Коростовец, Монголын Засгийн газрын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, Хаант Оросын ерөнхий консул Люба, Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны сайд Чин ван Ханддорж, Хаант Оросын Консулын газрын нарийн бичгийн дарга Попов нар зогсож буй юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)