Богд гэгээний хөргийг Батцагаан дуганд заллаа

Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд намрын адаг сарын шинийн 8-нд буюу өчигдөр VIII Богд Жавзандамба хутагтын хөргийг залж, мандал өргөлөө. Тус хийд болон Богд хааны ордон музейн захиргаа хамтарч хааны мэлмий гийсний 150 жилийн ойг тохиолдуулан ийнхүү хүндэтгэл үзүүлж, сүсэгтэн олны хөл тасардаггүй тус дуганд ёслол зохион байгуулсан юм. Үүний дараа эрдэм шинжилгээний хурал болов. Хааны намтар, түүхтэй холбоотой, төвөд хэлээр бичсэн цадиг түүх, өөрийнх нь зохиол бүтээлүүдээс сурвалжилж, судалсан эрдэмтдийн 13 илтгэлийг хэлэлцэхээр зэхсэн байлаа.

Эдгээрийн дотор “Богдын сүмбүм” хэмээх, Богд гэгээний өөрийнх нь зохиосон нэг боть номыг Идэрбаяр, Мягмарсүрэн гэдэг хоёр лам тус тусдаа судалж олон нийтийн хүртээл болгожээ. Мөн Гандантэгчэнлин хийдийнхэн Богдын лүндэн сургаал, нийтэд мэдэгдээгүй төвөд хэлээрх олон зохиолыг нь анхлан танилцуулахаар суудлаа эзлээд байлаа. VIII Богд Жавзандамба хутагтын мэлмий гийсэн өдөр ийнхүү хөргийг нь залж, өмнө нь нийтийн хүртээл болж байгаагүй баримт сэлтийг дэлгэв.

1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, Монголыг тусгаар улс хэмээн дэлхий дахинд тунхаглах үйлсэд гавьяа байгуулсан төр, шашны нэрт зүтгэлтэн түүний түмэн өлзий гийсний 150 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд зохион байгуулах олон ажил бий бөгөөд энэ оны арванхоёрдугаар сарын 29 хүртэл үргэлжлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)