Б.Обама Афганистанд айлчлав

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаагаа Афганисатанд айлчиллаа. Хэдхэн цаг үргэлжилсэн айлчлалынхаа үеэр тэрбээр Кабулаас холгүй орших “Баграм” цэргийн баазад цугларсан дайчид болон энгийн иргэдэд хандан үг хэлжээ. Мөн Афганистаны Ерөнийлөгч Х.Карзайтай уулзаж, ирэх тавдугаар сард Цагаан ордонд айлчлахыг урьсан байна. “АНУ цаашид ч Афганистаныг дэмжиж, авлига, мансууруулах бодисын тариалан, тээвэрлэлтийн эсрэг хамтын тэмцэл явуулах болно” гэж Б.Обама мэдэгдсэн байна.
Б.Обама 2008 онд Сенатын гишүүн байхдаа Афганистанд хүрэлцэн ирж байдалтай танилцаж байсан удаатай. Тухайн үед тэрбээр Афганистаны удирдлагуудад ихээхэн шүүмжлэлтэй хандаж байв.
Афганистанд алба хааж байгаа цэрэг дайчдын төлөөллийн өмнө хэлсэн үгэндээ тэрбээр “Миний өнөөдөр энд Америкийн бүх ард түмний өмнөөс та бүхэнд хандан “баярлалаа” гэдэг үгийг хэлэхээр ирсэн юм. Энд ирсэн гол зорилго энэ. Афганы ард түмэн олон арван жилийн турш дайны хөлд нэрвэгдэн шаналж байна. Бид тэдэнд тусалж энхийг тогтоохоор ирсэн. Харилцан ашигтай, биенийгээ хүндэтгэсэн харилцаа тогтоохыг бид хүсч байна. Та бүхэн энд байгаа учраас энэ зроилго биелнэ гэдэгт миний бие итгэлтэй байгаа” гэсэн байна. Товчхондоо Афганистанд аюулгүй байдал тогтож, “Аль-Каида”, “Талибан” хөдөлгөөнөөс цэвэрлэгдсэний дараа АНУ аюулгүй болно гэсэн утгатай үг хэлжээ.
Б.Обама бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 14 сар өнгөрөхөд Афганистан дахь цэргийнхээ тоог бараг нэг дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Хамгийн сүүлд 30.000 цэрэг илгээх тушаал өнгөрсөн арванхоёрдугаар сард өгсөн. Одоогоор хэдхэн мянган цэрэг нэмэгдэн ирээд байгаа агаад ирэх зун нэмэлт хүчний гол ангиуд ирэх юм.
Өнгөрсөн жил Афганистанд болсон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой будлианы улмаас Х.Карзай Цагаан ордонтой түнжин хагарч, харилцаа бага зэрэг муудсан ч дахин дэмжлэг хүлээх боллоо. Аюулгүй байдлын улмаас урьдчилан зарлаагүй энэ айлчлалын үеэр болсон Ерөнхийлөгчдийн уулзалт ердөө цаг хүрэхгүй үргэлжилжээ.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)