БОАЖЯ бодлогоосоо ухарлаа

-Ус бохирдуулсны төлбөрийг 60 хувиар багасгаж дэлхийн зарчмаас хазайв-

Бохирдуулагч нь төлдөг дэлхийн зарчмаас БОАЖЯ нүүр буруулав. Үйлдвэрлэл, уул уурхайн салбар хөгжсөн дэлхийн олон оронд уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай голын усны бохирдлыг өртөг зардал багатай ус цэвэршүүлэх технологи нэвтэрсэн. Бүр олон жилийн өмнөөс яригдаж, хэрэгжиж, үр дүнгээ үзээд байна. Ийм шийдэлд хүрэх шалтаг шалтгаан нь стратегийн бүтээгдэхүүн болох цэвэр усаа хэмнэх, байгаль орчин, экосистемийг бүхэлд нь хамгаалах төр, засгийнх нь бодлого, шахалт шаардлагын хүч байсан юм.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 оны тавдугаар сарын 17-нд батлагдсан боловч хэрэгжээгүй. Шалтгаан нь хаягдал усны эзлэхүүн болон усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцох аргачлал байхгүйтэй холбоотой. Уг нь тооцох аргачлалыг боловсруулаад хэдийн гаргасан боловч хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн яам батлахыг хүссэнгүй. Үүгээр барахгүй нэмэлт, өөрчлөлт оруулах нэрээр бохирдуулагчдыг хамгаалах бодлогыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх гэж байна.

Ус бохирдуулсны тухай хууль хэрэгжсэн бол жилд дунджаар есөн тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрөх боломжтой. Тодорхой хэлбэл, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 54 тэрбум төгрөг төсөвт орж, энэ хэрээр Монгол орны усны нөөцийг хамгаалах, хэмнэх, бохирдлоос сэргийлэх, дахин ашиглах ажлууд хийх байлаа. Түүнчлэн Туул, Орхон, Хараа, Хангал гээд олон голыг бохирдлоос, хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах монголчуудын чин хүсэл жинхэнэ утгаараа биелэх нөхцөл бүрдэх байв.

УИХ-ын хаврын чуулганы сүүлийн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл. Хэлэлцүүлгийн үеэр хуулийг хэрэгжүүлэх журам батлаагүй шалтгаан, хариуцлагыг хэрхэх талаар УИХ-ын зарим гишүүний асуултад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Эдийн засгийн хямралын үед аж ахуйн нэгжүүдээс төлбөр авахыг хойшлуулах шийдвэрүүдийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүнүүд гаргаж ирсэн. Тиймээс ус бохирдуулсны төлбөрийг нөхөж авах, хууль хэрэгжүүлээгүйн хариуцлагыг нэхэх шаардлагагүй гэж үзэж байгаа” хэмээн хариулжээ. Салбарын сайдын ийм тайлбараар байгаль орчны салбарт, тэр дундаа Монгол Улсын усны бодлогод чухал өөрчлөлт авчрах хууль хэрэгжээгүйн буруутан ингээд үгүй болоодохов. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой хариуцлага тооцдог тогтолцоо Монголд байдаггүйн нэг жишээ энэ.

Хууль бол засаг, төрийн дээд эрхийг барих байгууллагаас улсын хэмжээгээр бүх нийтийг заавал дагаж мөрдүүлэхээр баталсан албан ёсны дүрэм, журмыг хэлдэг. Энэ ч утгаараа эдийн засгийн хүндрэлийг эс тооцсон зарим төрлийн татварын өсөлтийг монголчууд үг дуугүй хүлээн авсаар байна. Гэтэл цэвэр усыг бохирдуулагчид, гол мөрнийг улаанаар нь эргүүлэн, хүн байтугай мал, амьтан уух аргагүй болтол нь бохирдуулдаг уул уурхайн салбарынхныг энэ төлбөрөөс чөлөөлсөн нь хачин биш гэж үү. Угаас хууль анх батлагдах үеэр иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлыг эсэргүүцээд хүчрээгүй билээ.

Ус бохирдуулсны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийнтөслөөр төлбөрийн доод хязгаарыг 50-60 хувиар багасгасан байдал:

Дэлхийн бусад оронд уул уурхайн компаниуд усаа цэвэршүүлэх, дахин ашиглах тал дээр онцгой анхаарч байна. “Anglo Coal”-ын Өмнөд Африк дахь нүүрсний уурхай бохир усаа цэвэршүүлэхийн тулд хэдэн арван саяар тоологдох мөнгөн дүнтэй томоохон төсөл хэрэгжүүлжээ. Ингэснээр хөрс, газрын гүний ус бохирдохоос хамгаалж, голын экосистем алдагдахаас бүрэн сэргийлж чадсанаа сайны жишиг болгон дэлхийд сурталчилж байна. Дахин нэг жишээ. Перу улсын Чили голоос ундны усны хэрэглээгээ хангадаг 300 мянга гаруй хүн амтай хотод бохирдлын асуудал хурцаар тавигдав. Учир нь уул уурхайн нэгэн компани голын ус ашиглаж эхэлснээр бохирдлын гол эх үүсвэр болж хувирчээ. Үйл ажиллагаагаа зогсоохдоо тулсан компани ус цэвэршүүлэх байгууламжийг өөрийн зардлаар барин өгч, Чили голын экосистемийг, оршин суугчдын эрүүл мэндийг хамгаалсан түүх бичигдэв.

Угаас уурхай бүхий орон нутагт хүнд металлын болон органик нэгдлүүдийн агуулга зөвшөөрөгдөх хэмжээнээс ихсэх, булингартах зэргээр гадаргын усны бохирдол байнга илэрдэг талаар мэргэжлийн хяналтынхан баталдаг. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үеийн ярилцлагаас эшлэе. “Монгол Улсад ус бохирдуулагч 50 гаруй мянган аж ахуйн нэгж байгааг тогтоолоо. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 140 гаруй аж ахуйн нэгж хаягдлын сантай болсон. Харин шороон орд угаадаг жижиг компаниудад цаашдаа хаягдлын сантай болох даалгавар өгсөн. Хаягдал усаа цэвэршүүлж чадалгүйгээр байгальд нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээс харьцангуй өндөр төлбөр авдаг болсноор хариуцлага нь дээшилнэ” гэж ярьсан нь бий. Ийм утга агуулгатай буюу бохирдуулагч нь төлдөг зарчим үйлчлэх талаар салбарын үе үеийн сайд нар үргэлж ярьсаар ирсэн. Гэтэл БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулганы үзэж буйгаар уул уурхайнхан бохирдуулагч биш гэнэ. Тэрбээр “Усаар алт угааж байгаа нь уурхайн технологийн нэг хэсэг учир бохирдуулагч биш” хэмээн бардам өгүүлэхийг олонтоо сонслоо.

Бас нэг асуудал. Олон улсын туршлагаас харахад, төлбөрийг бохирдуулагч нь гаргаж буй бохироо хянаж, бууруулахад нөлөө үзүүлэхүйц хэмжээнд өндөр тогтоодог юм байна. Тэгвэл дэлхийн зарчим Монголд хэрхэн үйлчлэхээр хуульд тусгагдсаныг сонирхъё. БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт болон Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрынхан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр төлбөрийн доод хязгаарыг 50-60 хувиар багасгахаар тусгажээ. Тухайлбал, хүнд металлаар бохирдсон усанд (кг) өмнөх хуулиар 1000 төгрөг байсныг даруй хоёр дахин буюу 500 болгоод бууруулчихаж. (Төлбөрийн хэмжээ хэрхэн буурсныг хүснэгтээс харна уу).

Аж ахуйн нэгжүүдээ “хайрлан хамгаалдаг” салбарын яамны бодлогын ачаар ийнхүү ус бохирдуулсны төлбөрөөс нэг тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх юм гэнэ. Өмнөх тооцооллоор гарсан есөн тэрбум төгрөг огцом багассан дүн энэ. “Ус бохирдуулсны төлбөрийг бууруулж байгаа нь бид байгаль орчныг хамгаалах бодлогоосоо ухарч байгаа явдал огтхон ч биш. Харин өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж чадаагүй хуулийг ААН-үүдэд эдийн засгийн дарамт багатайгаар нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм” хэмээн төсөл боловсруулагчид танилцуулгадаа дурджээ.

Хэрэв иймдээ тулбал, 2012 онд батлагдсан хууль хэрэгжсэнээр аж ахуйн нэгжүүдэд хэрхэн дарамт болж байгаа асуудал хөндөгдөж, үүний дагуу бодит байдлыг харуулсан судалгаа, тооцоолол дээр үндэслэн нэмэлт, өөрчлөлт хийх, эсэх асуудал тавигдах учиртай юм, Н.Цэрэнбат сайд аа. Түүнчлэн УИХ-ын эхний хэлэлцүүлгийн үеэр “Төлбөрийг тооцохдоо ус бохирдуулсан бодис, хэмжээг нарийвчлан тогтоосон аргачлалаар тооцоход нэг аж ахуйн нэгжид 3.3 сая төгрөгийн төлбөр ногдож байгаа” хэмээн УИХ-ын зарим нэг гишүүний амыг таглажээ.

Хамтдаа тоо бодъё. Салбарын яамнаас 2017 онд гаргасан судалгаагаар нийслэл хотод байнгын үйл ажиллагаатай 40,3 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэгджээ. Уул уурхайн компаниудыг хасаад гэсэн үг. Тэгвэл нэг аж ахуйн нэгжид дунджаар 3,3 сая төгрөг ногдоно гэсэн тооцоололд үндэслээд дээрх 40 мянгаар үржүүлбэл дүн нь талийчихаж байгаа юм. Бүр 132 тэрбум төгрөг болж байна. Тэгэхээр 3,3 сая гэдэг тун цөөхөн тооны томоохон аж ахуйн нэгжид ногдох төлбөр гэдэг нь харагдана. Дийлэх нь буюу аж ахуйн нэгж, байгууллагын бараг 90-ээд хувь нь ус бохирдуулсны төлбөрт маш бага мөнгө төлөх дүр зураг гарч байна. Тодорхой хэлбэл, бохирдуулсны төлбөрөөр улсын төсөвт 3,9 тэрбум төгрөг орно хэмээж буй. Тэгвэл энэ дүнг мөнөөх 40 мянган аж ахуйн нэгж, байгууллагадаа хуваахад нэг компанид дунджаар 97 мянга 500 төгрөг ногдож байна. Бүтэн жилийн турш төлөх мөнгө шүү дээ.

Хуулийг хэн нэгний эрх ашигт нийцүүлж засаж, өөрчилдөг, баяр наадам, амралт цэнгэлийн өдрүүдтэй давхцуулан баталдаг байдал өдгөө бүр ил цагаандаа гарсан. Яг үүнтэй адил улс төрийн их үймээний үеэр, усны бохирдлыг ард түмэн өдийд огт ярьдаггүй улиралд нэн яаралтай батлуулах хэрэгтэй гэсэн үүрэг өгсөн талаар ч элдэв шивнээ дуулдах болов...

“Өнөөдөр” сонин энэ сэдвийг үргэлжүүлэн хөндөнө.

Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)