БНХАУ-ын 83 иргэнийг нутаг буцаалаа

Монголчууд баяр наадмаа тэмдэглэн Төв цэнгэлдэх рүүгээ анхаарал хандуулан өндөлзөж байх хооронд БНХАУ-ын 83 иргэн ЭСЯ-ндаа ханджээ. Үүний шалтгаан нь ажлынхаа хөлсийг авч чадаагүйтэй холбоотой гэнэ. Тэд өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай “Вэйнань” компанийн барилгад ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан хоёр сарын өмнө Улаанбаатарт ирсэн юм байна.

Тавдугаар сараас Монголд ажиллаж эхэлсэн ч нэг ч удаа цалин аваагүй аж. Тэдний гомдолд дурдсанаар бол хоёр сарын цалин болох гурван сая гаруй юань авах ёстой гэнэ. Нутаг нэгтнүүдээ хуурч, хүч хөдөлмөрийг нь мөлжиж байсан “Вэйнань” компани нь Хятадын Шэньси мужид бүртгэлтэй бөгөөд үл хөдлөх хөрөнгө зуучлал болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Дээрх хүмүүс “Бид ямар ч цалингүйгээр хоёр сар гаруй хугацаанд ажиллалаа. Анх гэрээ байгуулсан хятад төлөөлөгч бидний бичиг баримтыг авсан. Эрэл сурал болж байж түүнтэй уулзахад бидэнд 5000 юань өгсөн ч бичиг баримтыг маань аваад зугтсан. Тэр 5000 юань бол зөвхөн Монголд амьдарч байсан зочид буудлын хөлс. Тиймээс бид хаашаа ч явах аргагүй болж Улаанбаатарт гацчихлаа.

Энэ асуудлыг шийдвэрлэж биднийг нэн даруй буцахад тусална уу” гэсэн хүсэлтийг ЭСЯ-ндаа гаргасан аж. Ийн гомдол гаргасан хүмүүс нь БНХАУ-ын Хөбэй, Шэньси, Сычуань муж болон ӨМӨЗО-ы иргэд гэнэ. Тус улсын ЭСЯ-ныхны өгсөн мэдээллээр “Гомдол гаргасан иргэдийг энэ сарын 14-нд нутаг буцаасан. Харин “Вэйнань” компани нь хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг байсныг тогтоогоод байгаа.

Хятад улсын иргэд Монголд хөдөлмөрийн гэрээгээр ирж ажиллах нь олширсон. Тиймээс гэрээ байгуулж буй компаниа сайтар судалж, анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Бидний зүгээс энэ компанийг Хятадын хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн” гэв.

Тэгвэл Монголын компаниуд ч гэсэн Хятад компаниар барилгын ажил гүйцэтгүүлэх бол сайтар судлах шаардлагатай нь эндээс харагдаж байна. Хууль бусаар үйл ажиллагаа явуулахын хажуугаар гэрээт ажилчдынхаа цалинг завсраас нь “идээд”, ажилчид нь Улаанбаатарт ийнхүү жагсаал дахин хийхийг үгүйсгэхгүй.

Х.АЗЖАРГАЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)