БНХАУ-ын талд 30 мянган хонь хүлээлгэн өглөө

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сарын 27-нд айлчлах үеэрээ Монголын ард түмний бэлэг болгон 30 мянган хонь тус улсад өгөхөө мэдэгдсэн. Үүнийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумд боллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, БНХАУ-ын Худалдааны туслах сайд Рэнь Хунбинь, ӨМӨЗО-ы Ардын засгийн тэргүүлэгч Бү Шяолинь, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, тус улсаас Монголд суугаа Элчин сайд Цай Вэньруй нар арга хэмжээнд оролцов. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ үеэр “Монголын ард түмнээс хандивлаж буй 30 мянган хонийг БНХАУ-ын талд өнөөдөр (өчигдөр) хүлээлгэн өглөө. Бүгдийг нь үзлэг, шинжилгээнд хамруулсан” хэмээв. Ерөнхий сайдын 25 дугаар захирамжийн дагуу холбогдох ажлын хэсгийг байгуулж, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас тэдгээр хонийг худалдан авчээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга 30 мянган хонины хамт монгол бичиг бүхий илгээлт явуулсан байна. Үүнд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэсэн монгол ардын зүйр цэцэн үг бий. Шинэ коронавирусийн халдварт цар тахлын эрсдэлт нөхцөл байдлыг хоёр орны ард түмний чин сэтгэлийн харилцан дэмжлэг, хамтын хүчин дор эв санаа нэгтэйгээр даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)