БНХАУ-ын зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтөд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдаар томилогдсонд ахин баяр хүргэе гээд өөрийн оронд айлчлахыг урилаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, бодит хамтын ажиллагааг урагшлуулахад чухал түлхэц болно гэж итгэж байгаагаа хэлээд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад Хятадын Засгийн газрын ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв. Монгол, Хятадын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

Хэлэлцээний үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг эдийн засаг, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

БНХАУ-ын зүгээс хөдөө аж ахуйн боловсруулах болон барилгын материалын үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулах чиглэлд манай улстай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байв. Түүнчлэн уг хэлэлцээний үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр салбарт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх саналыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааг тодорхойлсон саналуудаа хэрэгжүүлж, харилцаа хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана гэв.

Мөн БНХАУ-ын Засгийн газраас олгож ирсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын хөгжилд чухал дэмжлэг болж ирснийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлон тэмдэглээд Хятадын талд төлөх Монгол Улсын хугацаа хэтэрсэн өрийг бүрэн чөлөөлж байгаад талархал илэрхийллээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)