БНХАУ уйгаруудын эрхийн тухай хуультай холбогдуулан АНУ-д эсэргүүцэл илэрхийлэв

Уйгарын асуудлаарх хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим баталсантай холбогдуулан БНХАУ АНУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.“Уйгартай холбоотой хүний эрхийн салбар дахь бодлогын тухай хуулийн төслийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим баталжээ. Энэ баримт бичиг нь Шинжаан Уйгарын өөртөө засах орон дахь хүний эрхтэй холбоотой нөхцөл байдлыг зориуд гутааж, БНХАУ-ын терроризм, хэт давруу үзэлтэй тэмцэх хүчин чармайлтыг элдэв аргаар харлуулж, Засгийн газрын засаг захиргааны бодлогод хар санаа өвөрлөн халдаж буй явдал бөгөөд олон улсын харилцааны олон улсын эрх, үндсэн зарчмуудыг ноцтой зөрчиж байгааг Хятадын тал ихээхэн жигшин зэвүүцэж, эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. “Шинжааны асуудал нь хүний эрх, үндэстэн, шашны асуудал огт биш бөгөөд терроризм, салан тусгаарлах үзэлтэй тэмцэх асуудал юм. Маш ноцтой нөхцөл байдалтай тулгарсан Шинжаан Уйгарын өөртөө засах орны эрх баригчдын хууль тогтоомжтой нийцүүлэн террорист ажиллагаатай тэмцэх арга хэмжээнүүд болон террорист ажиллагаанаас урьдчилан сэргийлэх алхмуудыг Шинжааны олон угсаатны бүлгийн 25 сая төлөөлөгч дэмжиж, эерэг үр дүнд хүрээд байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд Шинжаанд нэг ч террорист халдлага болоогүй” гэж Хуа Чуньин тэрбээр цохон тэмдэглэсэн байна. “Уйгартай холбоотой хүний эрхийн салбар дахь бодлогын тухай” хуулийн төслийг Сенат баталж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурж байж албан ёсны хууль болох юм. Өмнө АНУ “Хонконг дахь хүний эрх ба ардчиллыг хамгаалах тухай” хуулийг баталж, хүчин төгөлдөр болсон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)