БНХАУ зуучийн үүрэг гүйцэтгэж магадгүй

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай хэлэлцээнд БНХАУ-аар зуучийн үүрэг гүйцэтгүүлэх боломжийг АНУ-ын эрх баригчид үгүйсгэхгүйг тус улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн туслах Жон Болтон радио нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 

“Умард Солонгосын эрх баригчид зөвшөөрвөл тус улстай хийх хэлэлцээнд Хятадыг оролцуулах асуудлыг бид ярилцахад бэлэн” гэж Ж.Болтон тайлбарласан байна. “Эдийн засгийн өсөлтөд нь хохирол учруулахаар тогтворгүй байдал үүсгэх учраас Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй болохыг хүсэхгүй байгаагаа Хятадын тал удаа дараа мэдэгдсэн. Онолын хувьд Хятад улс бидний адил байр суурь баримталж байна. Хятад улс энэ чиглэлээр маш чухал үүрэг гүйцэтгэж болох ба үүнд эргэлзэх явдалгүй” гэж тэрбээр тэмдэглэжээ.

“ОХУ ОРОЛЦОХ ЁСТОЙ”

Үүний сацуу АНУ БНАСАУ-тай хэлэлцээ хийхэд БНХАУ-ыг оролцуулах боломжийг ОХУ дэмжиж буйгаа ч үүнд Москва оролцох ёстой хэмээн үзэж буйгаа Оросын парламентын дээд танхимын Олон улсын харилцаа хариуцсан хорооны нэгдүгээр орлогч Владимир Жабаров мэдэгджээ. Вьетнамын нийслэлд өнгөрсөн сарын 27-28-нд АНУ, БНАСАУ-ын түүхэн дээд хэмжээний хоёр дахь уулзалт болсон ч талууд тохиролцоонд хүрч чадаагүй билээ.

Хэд хэдэн удаагийн уулзалт, тэр дундаа нүүр тулан хэлэлцээ хийсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар хамтарсан баримт бичигт гарын үсэг зураагүй юм. Дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсон хэдий ч тус хоёр улсын удирдагчид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон хэмээн БНАСАУ-ын хэвлэлд урьд нь бичсэн юм.

МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ

Тэгвэл Японы “Asahiсо” сонин БНСУ дахь эх сурвалжаасаа эш татан мэдээлснээр Ханойн дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Жөн Ун Йонбён дахь цөмийн төвөө устгахад бэлэн буйгаа илэрхийлэхдээ ямар объектоо ашиглалтаас гаргахаа тодруулахаас татгалзжээ. Энэ нь Вьетнамын нийслэлд болсон хэлэлцээ амжилтгүй болох шалтгаануудын нэг болсон гэнэ. 

Йонбёны цөмийн төвд БНАСАУ дахь цөмийн ажиллагаатай цорын ганц реактор бүхий, уран баяжуулж, зэвсгийн плутони бэлтгэдэг үйлдвэр байдаг. Үүнийг иргэний зориулалттай хэмээн тус улсын эрх баригчид тайлбарладаг. Гэхдээ үүнээс гадна Йонбен орчимд зэвсгийн уран боловсруулах, газар доор байрлалтай олон объект бий гэсэн мэдээлэл АНУ, БНСУ-д байдаг аж. 

Тэрчлэн АНУ-ын мэдээлснээр Пёньяны ойролцоо Кансон гэдэг, ураны нууц үйлдвэр байгаа гэх мэдээллийг БНАСАУ-ын төлөөлөгчид үгүйсгэдэг байна. Солонгосын дайны үеэр салан тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийг дүрс бичлэгээр уулзуулах тухай ажлын түвшний хэлэлцээ хийх саналыг БНАСАУ-ын талд тавихад бэлэн болсон гэж БНСУ-ын Улс үндэстнээ нэгтгэх яам мэдэгдлээ.

ХИЛЭЭР ХУВААГДСАН ГЭР БҮЛҮҮДИЙГ УУЛЗУУЛАХ АРГА ХАЙЖ БАЙНА

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг түр зөөлрүүлж, тус улс руу дүрсээ харж дуудлага хийх техник хэрэгслүүд илгээх шийдвэрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон АНУ саяхан гаргасан байна. Мөн хилээр хуваагдсан гэр бүлүүдийг камерын тусламжтайгаар уулзуулах асуудлыг БНАСАУ-тай хэлэлцэхээр болж буй тухай Нэгдлийн яамнаас мэдээлжээ. 

Дэлгэц болон бусад төхөөрөмжийн сацуу уулзалт зохион байгуулах 13 газрыг бэлтгэх ажил удахгүй эхлэх гэнэ. Өнгөрсөн сарын эхээр болсон Цагаар сарын баярын үеэр ийм уулзалт хийх санал БНСУ-аас тавьсан ч БНАСАУ техникийн боломжгүй байсан юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн оны есдүгээр сард уулзахдаа хилээр хуваагдсан гэр бүлүүдийг камерын тусламжтайгаар уулзуулах, дүрстэй зурвас илгээх боломжоор хангах талаар хүчин чармайлт гаргахаар тохиролцсон аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)