БНСУ-тай хараа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын асуудал дээр хамтарч ажиллаж байна

БНСУ-ын “Green teachers” төрийн бус байгууллага нь 2018 оноос БСШУСЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд тусгай боловсролын багш нарыг чадваржуулах сургалтыг БНСУ-ын тусгай боловсролын их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, тусгай боловсролын зөвлөх  багш нараас бүрдсэн мэргэжлийн баг наймдугаар сарын 06-наас 14-ний хооронд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг багш нарт сургалт зохион байгуулж байна. Тус сургалтын нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гарди, Тэгш хамруулан суралцуулах боловсролын бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, Нийслэлийн боловсролын газрын тусгай боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Амарсанаа, МУБИС-ийн Тусгай боловсролын тэнхимийн эрхлэгч Ц.Батцэнгэл нар оролцлоо.

Сургалтад  116-р сургуулийн 25 багш, 29-р сургуулийн 25 багш, Өмнөговь аймгаас 1 багш, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын ангийн 5 оюутан нийт 56 хүн хамрагдаж байгаа бөгөөд харааны бэрхшээлтэй 3 багшид сургалтын гарын авлагыг брайлаар хэвлэж, сонсголын бэрхшээлтэй 5 багшид дохионы орчуулагчаар дамжуулан сургалтын дэмжлэг үзүүлж байна. Сургалтанд хамрагдсан 56 багш 2019 оны нэгдүгээр сард хоёр дахь шатны буюу ахисан түвшиний сургалтад хамрагдаж батламжаа гардан авах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)