БНСУ-д Америкийн цэргийг байрлуулах нөхцөлийг тохиролцов

Америкийн цэргийн байрлуулах нөхцөлийн тухай шинэ хэлэлцээрийн талаар БНСУ болон АНУ тохиролцож, ойрын хугацаанд баримт бичигт гарын үсэг зурах болсон тухай Өмнөд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалжаасаа эш татан “Yonhap” агентлаг мэдээллээ. Үүний өмнө талууд уг асуудлаар өдөр тутам холбоо барьж, байр сууриа үлэмж ойртуулсан тухай БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чон Ын Бо мэдэгдсэн аж. Хэлэлцээр хийгээгүйн улмаас Америкийн цэргийн баазуудад ажиллаж буй Өмнөд Солонгосын иргэдийг цалингүй амраасан байжээ. Өнгөрсөн сарын дундуур хоёр улсын төлөөлөгчид АНУ-ын Калифорни муж улсад ээлжит хэлэлцээгээ хийсэн ч Солонгосын хойгт байрладаг Америкийн цэргийн алба хаагчдын зардлаас Сөүлд ногдох хувийн талаар харилцан буулт хийж чадаагүй юм. Өмнөд Солонгосын талаас төлөх зардлыг дөрөв дахин буюу жилийн дөрвөн сая доллар болгож өсгөхийг АНУ шаардаж байв. Үүнийг бодит байдал нийцэхгүй хэмээн Сөүл үзсэн аж. Вашингтон 2018 оноос БНСУ дахь АНУ-ын цэргийн зардлаас хуваалцах хувиа өсгөхийг Сөүлээс шаардаж байжээ. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосоос гаргасан ийм зардал 8.2 хувиар нэмэгдэж, 915 сая долларт хүрсэн гэнэ. Солонгосын 1950-1953 оны дайнаас хойш АНУ-ын цэрэг БНСУ-д байрлаж буй. Тэдний амьдрах нөхцөлийг 1950 оны нэгдүгээр сарын 26-нд тус хоёр улс гарын үсэг зурсан хэлэлцээрээр зохицуулсаар иржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)