БНСУ гадаадын иргэдийг төлбөргүй эмчлэхгүй

БНСУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа болон Засгийн газар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан гадаадын иргэдээс эмчилгээний төлбөрийн хамгийн бага хэсгийг төлөхийг үүрэг болгохоор хуульдаа өөрчлөлт оруулах гэж буй тухай KBS телевиз мэдээллээ. Тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэд өнөө болтол төлбөргүй эмчлүүлж байгаа юм. Гэтэл энэ сарын

6-20-ны хооронд халдвар авсан 381 хүний 250 нь гадаадын иргэн байсан учраас хуульдаа өөрчлөлт оруулах болжээ. Засгийн газрынх нь мэдээлснээр нэг өвчтөнд 6300 орчим ам.долларын эмчилгээ хийдэг. Төлбөргүйн сацуу эмнэлгийн чанартай үйлчилгээ авах зорилгоор Өмнөд Солонгосыг зорих гадаадын иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй хэмээн эрх баригчид болгоомжилж буй аж. Тэд эл асуудлаар 21 улсын байдлыг судлахад ердөө найм нь л гадаадын иргэдэд төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг болох нь тогтоогджээ.

Тайландын Засгийн газар цар тахлын улмаас улсад нь байгаа гадаадын иргэдийн визийг гурав дахь удаагаа автоматаар сунгахаар боллоо. Тодруулбал, энэ сарын 31-нд хугацаа нь дуусах визийг есдүгээр сарын 26 хүртэл сунгах аж. Харин мөн хугацаанд оршин суух хаяг нь баттай тохиолдолд 90 хоногийн виз гадаадын иргэдэд олгох үйлчилгээгээ түр цуцалжээ. Тус улс өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд гадаадын иргэдийн визийг сунгаж байгаа юм.

Шинжлэх ухаан, утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналын эздэд хүндэтгэл үзүүлэх Нобелийн хүлээн авалтыг цар тахлын улмаас энэ оны арванхоёрдугаар сарын 10-нд Шведийн нийслэл Стокхолмд хийхгүй байх шийдвэр гарсныг уг шагналын сангийн гүйцэтгэх захирал Ларс Хайкенстен “Dagens nyheter” сонинд ярилцлага өгөхдөө мэдээллээ. Ийм хүлээн авалтад хааны гэр бүл, шагналтнууд, тэдний ойр дотныхон, Нобелийн хорооны гишүүд, улс орнуудын удирдагчид, улс төрийн том намуудын дарга нар, Шведийн их сургуулиудын 200 оюутан гээд 1300 орчим хүн уригдан, оролцдог аж. Анхны хүлээн авалт 1901 онд “Гранд” зочид буудалд болоход 133 эрэгтэй оролцжээ. II Оскар хаан таалал төгссөний улмаас 1907 онд Нобелийн шагналтнуудын хүлээн авалтыг цуцалж байв. Харин жил бүрийн аравдугаар сарын эхээр зарладаг Нобелийн шагналтнуудад шагнал гардуулах ёслол энэ онд болох, эсэх нь тодорхойгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)