БНАСАУ Өмнөд Солонгостой цаашдын хэлэлцээ хийхээс татгалзжээ


Умард Солонгосын Эх орноо энх тайвнаар нэгтгэх хорооны төлөөлөгч Өмнөд Солонгосын эрх баригчдыг Ерөнхийлөгч Мун Жэ Инийн хэлсэн үгтэй холбогдуулан шүүмжилжээ. Ерөнхийлөгч өчигдөр /2019.08.15/ Солонгосын хойгийг Японы колоничлолоос чөлөөлсний 74 жилийн ой тохиолдуулан ард түмэндээ хандаж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ Дэлхийн II дайны дараа хуваагдсан хоёр Солонгосыг 2045 он гэхэд энхийн замаар нэгтгэх боломжтой тухай тэмдэглэжээ. Мун Жэ Инийн энэ үгийг Пхеньян тун таагүй хүлээж авсан бөгөөд хариу мэдэгдэл гаргасан байна. Умард Солонгосын Төв Телеграф Агентлагийн нийтэлсэн уг мэдэгдэлд Өмнөд Солонгосын эрх баригчид Пхеньян ба Вашингтоны хооронд хийсэн шинэ хэлэлцээрээс ашиг хүртэх сонирхолтой байгаа гэж бичжээ. “Манай зэвсэгт хүчний ихэнх хэсгийг 90 хоногийн дотор устгах төлөвлөгөөтэй Сеул, Вашингтоны хамтарсан байлдааны сургуулилалтын дараа Байгалын улирал солигдох мэт АНУ,БНАСАУ –ын хоорондын хэлэлцээр аяндаа болно гэж Өмнөд Солонгосын эрх баригчид мөрөөдөн түүнээс ашиг олж авахыг хүсэж байна” гэж тодорхойлсныг РИА Новости агентлаг иш татсан байна. “Өмнөд Солонгосын талтай ярилцах зүйл бидэнд огт байхгүй” гэж Пхеньян мэдэгдлээ дуусгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)