БНАСАУ-ын эдийн засгийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун өнгөрөгч ням гарагт Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны хуралдааныг даргалан явуулж, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх асуудал хэлэлцсэнийг Төв цахилгаан мэдээний агентлаг нь уламжиллаа.

Хуралдааны гол сэдэв нь химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал байсан бөгөөд намын удирдлага химийн болон төмөрлөгийн үйлдвэрлэлийг бие даасан эдийн засгийн хоёр тулгуур багана хэмээн үзжээ. Ким Жөн Ун энэ салбарыг тогтвортой хөгжлийн замд хөтлөхийн тулд БНАСАУ-ын химийн аж үйлдвэрийн салбарыг жүчэ үзэл санааны зарчим, цаг үеийн шаардлагын дагуу өөрчлөн шинэчлэх чиглэл, арга замыг цохон заасан гэнэ.

Үүний сацуу нийслэлийн оршин суугчдын аж байдлыг сайжруулах зорилгоор Пёньяны орон сууцны барилгын асуудал хөнджээ. Тэрчлэн хуралдаанд оролцогчид Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажилд анхаарлаа хандуулсан байна. Эл ойг аравдугаар сарын 10-нд тэмдэглэх юм.

ӨМНӨД СОЛОНГОСЫН УТАСНЫ ДУУДЛАГАД ХАРИУ ӨГСӨНГҮЙ

Кэсон хот дахь хоёр Солонгос хоорондын холбооны газар луу Өмнөд Солонгосын төлөөлөгчид өчигдөр залгасан боловч БНАСАУ хариу өгөөгүй тухай БНСУ-ын Нэгдлийн яамны албан ёсны төлөөлөгч сэтгүүлчдэд зориулсан хурлын үеэр мэдээлжээ. “Урьд нь холбоогоо шалгах болон үүссэн асуудлуудаа шийдэхийн тулд хоёр тал өдөр бүр утасддаг байсан. Утасны дуудлагад хариу өгөөгүй анхны тохиолдол боллоо” хэмээн төлөөлөгч тэмдэглэжээ.

Өмнөд Солонгосын талаас Умард руу ухуулах хуудас илгээсний хариуд Кэсон дахь холбооны газраа хаахаар төлөвлөж буйгаа БНАСАУ-ын эрх баригчид энэ сарын 5-нд мэдэгдсэн юм. Үүний хариуд БНАСАУ руу тус улсын эсрэг чиглэсэн ухуулах хуудас илгээхээ зогсоохыг олон нийтийн байгууллагууддаа Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас уриалж, тийм үйлдлийг хуулиар хориглохоор амлажээ.

Солонгос хоорондын холбооны газар БНАСАУ-ын нутаг дэвсгэрт, хилийн Кэсон хото 2018 оны есдүгээр сард нээгдсэн юм. Тус газар нь хоёр улсыг байнгын холбоотой, иргэд солилцоогоо хөгжүүлэх ажлыг дэмжих зорилготой. Эхлээд Умард, Өмнөд Солонгосын төлөөлөгчид Кэсон хотод өдөрт хоёр удаа уулзаж байхаар тохиролцсон ч цар тахлаас хойш утсаар харилцдаг болсон аж.