БНАСАУ-ын удирдагч Ким Жон Иртэй уулзсан анхны Монгол хүн

1988 оны тавдугаар сарын 4. Жирийн нэг ажлын өдөр. Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсээс Элчин сайдын яамны утсаар надтай ярьлаа. Намын төв Хорооноос ярьж байна гэж сүрхий албаны өнгө аястай ярьж байснаа дорхноо дуу хоолой нь өөр болж Элчин сайд таны ойрын өдрүүдийн нэгэнд Төв хороонд чухал уулзалтанд урихаар төлөвлөж байна. Таныг хотоос хол явахгүй, ойр байгаарай гэж дамжуулаарай гэлээ. Хэн уулзах нь тодорхой бус, битүү хатуу яриад байгаа нь тун ойлгомжгүй байлаа. Тэр болтол Ким Жон Ир гадны Элчин сайдтай уулзсан тохиолдол байгаагүй болохоор надтай уулзах нь гэж бодоход нэг л эргэлзээтэй байлаа. Өргөн харилцаатай улс гэвэл Хятад, ЗХУ байлаа. Хоюул Солонгосын холбоотон боловч энэ хоёр улсын Элчин сайдтай ч уулзаагүй байж намайг юу л гэж дуудаж уулзав гэж бодож байлаа.

1988 оны тавдугаар сарын 8. Зүсэрч орсон бороо үүрээр зогсож нар ээсэн тогтуун сайхан өдөр угтав. “Солонгос – Монголын найрамдал” хоршооллынхон манай ЭСЯ-ны хашаанд алим, тоорын мод суулгасан нь зөөлөн бороонд сүрхий сэргэж ургах янз орсонд бид урамшиж мод бутаа тордож байлаа. Тэр үеэр Гадаад харилцааны хэлтсийн ажилтан намайг эрж сураглаж “Ким Жон Ир дарга 11.00  цагт тантай уулзана. Таныг Гадаад харилцааны хэлтсийн ажилтан очиж авна. Та бэлтгэлтэй байна уу” гэдэг юм байна. Тийнхүү 11. 40 цагийн орчим хоёр хар Бенз машин ирсний нэг нь НТХ-ны тасгийн дарга, миний танил Жөн Юн Хве байв. Тэр сэтгэл нь их хөдөлсөн бололтой “Ким Жөн Ир дарга уулзах гэж байгаа юм байна. Баяр хүргэе” гэлээ.

Тийнхүү би Итгэмжлэх жуух бичгээ барих гэж байгаа шинэ Элчин сайд аятай, өмнөө хоёр хөтөчтэй, ёслол хүндэтгэлтэй хөдлөв. Хурц өнгийн зузаан хивс дэвссэн дугуйрсан шатны баруун жигүүрээр өгсөж хоёр давхрын уулзалтын өрөөнд оров. Төдхөн Ким Жон Ир хавтас дүүрэн цаас барьсаар орж ирэв. Бичиг цаасны ажилтай сууж байгаад орж ирэх шиг санагдав. Түүний араас нилээд зайдуу Намын төв Хорооны гадаад харилцааны тасгийн дарга Ким Ха дагажээ. Бид харилцан мэндчилж нүсэр хүрэн ширээ тойрч суув. Тэр өрөөнд миний нүдэнд тусах гойд юм юу ч байсангүй. Ким Жон Ир тэр өдөр ч нөгөө гимнастёрк маягийн зах, ханцуйтай, хормой нь хар ногоон цамц, өмдтэй байлаа. Их энгийн хүн гэсэн бодол зурсхийв. Харин энэ хүнтэй нүүр нүүрээ харж ярьж суух боломж гарч байгаа нь ердөө энэ. Ким Жон Ир барьж ирсэн хавтастай материалаа өмнөө тавьж нүдний шилээ тэгшлэнгээ хэзээний танил нэгэнтэй уулзаж байгаа аятай их чөлөөтэй найрсаг байдлаар ам нээж “Манай Намын хорооны Улс төрийн хороо хуралдаж их жолоодогч нөхөр Ким Ер Сенийг БНМАУ-д айлчлуулахаар шийдсэн. Энэ тухай Элчин сайд танд мэдээлж ярилцая гэж тантай уулзаж байна” гэлээ. Тэрбээр уулзалтыг ажил төрлийн яриагаар эхлүүлэв. Айлчлалын хугацааг албан ёсоор бидэн санал болгож Ерөнхийлөгчийн цагийн боломж ийм байгааг ойлгож өгөхийг хичээнгүйлэн хүсэв.

Ким Жон Ир-тай ийн уулзсан нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Ажил хэрэгч, илэн далангүй байдал бол өөртөө үлэмж итгэлтэй, шийдэмгий удирдагч хүнд байдаг нэгэн чанар. Ийм байдал түүнээс мэдрэгдэж байлаа. Энэ уулзалт миний хувьд дурсгалтай явдал байлаа. Би Монгол хүнийхээ хувьд түүнтэй уулзсан анхны хүн төдийгүй Пхеньян дахь Дипломат корпусын анхны элч төлөөлөгч байсан юм даг.

П.Үржинлхүндэв. “Ойр дайдын оронтой түншилсэн түүхээс” дурсамж дурьдатгалын номноос.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)