БНАСАУ-ын төлөөлөгчид АНУ-д айлчилна

БНАСАУ-ын өндөр албан тушаалтнууд АНУ-д айлчилж, тус улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй албан ёсны бус хэлэлцээ хийхээр бэлтгэж байна. Хэрэв ийм арга хэмжээ болбол сүүлийн таван жилийн хугацаан дахь анхны уулзалт болох юм гэж эх сурвалжуудаасаа эш татан “Washington Post” сонин мэдээллээ.

Сүүлийн найман жилийн хугацаанд Пхеньян баллистик пуужин туршиж байгаа болон Малайзад Умард Солонгосын удирдагчийн ах Ким Жөн Намын амийг хөнөөсөн хэрэг гарсны улмаас тус хоёр орон хооронд яриа хэлэлцээ зохион байгуулах ажил эрс хүндэрсэн юм. Айлчлал болбол Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай яриа хэлэлцээ хийж эхлэх бодолтой байгаагийн илэрхий дохио болохыг уг сонинд тэмдэглэжээ.

Пхеньяны төлөөлөгчдийг БНАСАУ-ын ГХЯ дахь АНУ-ын хэрэг эрхлэх газрын дарга Чхве Сон Хи тэргүүлж магадгүй. Хэлэлцээ хэдэн долоо хоногийн дараа Нью-Йорк хотноо болох аж.

Үүний сацуу Пхеньяны талаар баримталдаг бодлогоо өөрчлөх талаар зоригтой алхам хийхийг АНУ-ын засаг захиргааны уриалсан тайлбар БНАСАУ-ын “Нодон синмун” сонинд нийтлэгджээ. Умард Солонгосыг өөрчлөх, эсвэл сүйрүүлэхийг мөрөөдөж байсан АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн алдааг давтахгүй байхыг БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хороо уриалсныг уг сонинд эш татсан байна.

Тус улсын хэвлэлд Д.Трампын нэрийг өнгөрсөн сарын 20-нд тангараг өргөснөөс хойш анх удаа дурдсан нь энэ аж. БНАСАУ аль эртнээс АНУ-тай харилцаагаа хэвийн болгох, найрамдлын гэрээ байгуулахыг хүсэж байгаа ч Вашингтон өнөөг хүртэл тийм боломжийг хэлэлцэхээс зайлсхийсээр буй юм.

Солонгосын хойгийн өмнөд хэсэгт АНУ-ын 28 мянга гаруй цэрэг байнга байрлаж, тус улс Умардын халдлагаас хамгаалахаар Сөүлд зэвсэг нийлүүлж байгаа билээ. Нөгөө талаар, БНАСАУ АНУ-ыг заналхийлж байна хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг үл харгалзан пуужингийн болон цөмийн хөтөлбөрөө хөгжүүлсээр байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)