БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хамтран ажиллана

Япон, БНХАУ, БНСУ-ын удирдагчид БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо. АНУ, БНАСАУ-ын хэлэлцээний эрчийг хадгалах хэрэгтэйг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тэмдэглээд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэх нь чухлыг онцолжээ. Солонгосын хойгийн асуудлуудыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ хэмээн найдаж буйгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Япон, БНХАУ, БНСУ-ын удирдагчдын гурван талын дээд хэмжээний уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсэн байна. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Чэнду хотод болсон уулзалтад ороцогчид эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, гурван талын худалдааны хэлэлцээрийн талаарх яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр тохиролцжээ. Үүний сацуу 1970, 1980-аад оны үед Пёньянд хулгайлагдсан иргэдийнх нь асуудлыг зохицуулах талаар хамтран ажиллахыг Японы Ерөнхий сайд хүссэн байна. Япон, БНХАУ, БНСУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт 1999 оноос хойш найм дахь удаагаа боллоо.

ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН ХУРАЛ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурал эхлэхийн өмнө тус улсад болж буй үйл явдлыг БНСУ анхааралтай ажиглаж байна гэж тус улсын Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч хурлын үеэр мэдэгджээ. Тус бүгд хурал энэ оны эцсээр болох юм. БНСУ-ын шинжээчдийн үзэж буйгаар эл хурлын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар АНУ-тай хийж буй хэлэлцээгээ тасалж, пуужин болон цөмийн туршилтаа сайн дураар хойшлуулснаа зогсоохоо мэдэгдэж, үндэсний батлан хамгаалах салбарыг цаашид бэхжүүлэх бодлогоо зарлаж магадгүй аж.

БНАСАУ-ын эрх баригчдад ойр эх сурвалжуудын мэдээллээс эш татан СNN телевизээр мэдээлснээр БНАСАУ Америкийн талаар шинэ хатуу бодлого батлахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэхээс татгалзахыг гол заалтаа болгох нь. Шинэ бодлого нь АНУ-д зориулсан Зул сарын бэлэг байж болох юм. Ямар бэлэг авах нь АНУ-аас шалтгаална гэж БНАСАУ-ын эрх баригчид энэ сарын эхээр мэдэгдсэн билээ. БНАСАУ мөн эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлуулах тэмцлээсээ татгалзаж, цөмийн гүрний статусаа, түүнчлэн улс орноо өөрөө хамгаалах боломжийг бэхжүүлэхээр төлөвлөжээ. АНУ хориг арга хэмжээг цуцлах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаарх хоёр талын хэлэлцээний мухардлаас гарах харилцан хүлээн зөвшөөрсөн төлөвлөгөөг энэ онд багтаан боловсруулах саналыг БНАСАУ тавьсан билээ.

УМАРД СОЛОНГОС АЖИЛТНУУД ОРОСООС ОЛНООРОО ЯВЖЭЭ

Умард Солонгосын ажилтнууд олноороо Оросоос явж байна. Энэ нь БНАСАУ-д НҮБ-аас авсан хориг арга хэмжээтэй холбоотой юм. Сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ дахь умард солонгосчуудын ажилладаг барилгын компаниуд, оёдлын үйлдвэрүүд, ресторанууд хаалгаа барьжээ. Урьд нь ОХУ дахь БНАСАУ-ын ажилтнуудын тоо 40 мянга орчим байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 8000 болтлоо цөөрсөн гэнэ. Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захаровагийн мэдээлснээр Умард Солонгосын иргэдэд ажил эрхлэхийг зөвшөөрсөн хугацаа энэ сарын 22-нд дуусгавар болж, тэд ОХУ-д орлого олох боломжгүй болсон байна.

БНАСАУ-ын ажилтнуудыг албадан гаргах талаар хүлээсэн үүргийнхээ хэрэгжилтийн тухай тайлангаа ирэх оны гуравдугаар сарын 22-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд ОХУ тайлагнах ёстой аж. Гэхдээ тус зөвлөлийн 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ны тогтоол БНАСАУ-ын тухайлбал, оюутан болон жуулчдад үйлчлэхгүй. Умард Солонгос иргэдийнхээ хилийн чанадаас гуйвуулсан мөнгийг цөмийн хөтөлбөртөө ашигладаг гэж НҮБ үзэж, хориг тавьсан юм. ОХУ-ын их, дээд сургуульд БНАСАУ-ын 146 оюутан байдгийн 141 нь өдрийн, тав нь эчнээгээр сурдаг гэнэ. Өнгөрсөн онд 84 оюутан байсны 82 нь өдрийн ангийнх байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)