БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх пуужин туршлаа

БНАСАУ Вонсан боомтоосоо хөлөг онгоц эсэргүүцэх хэд хэдэн пуужин харвасан нь 200 орчим км зам туулаад, Япон тэнгист унажээ. Тэдгээр нь баллистик биш, далавчит пуужин аж. Энэ тухай Өмнөд Солонгосын БХЯ-ны эх сурвалжаас эш татан “Yonhap” агентлаг мэдээллээ.

Японы телевизийн NHK сувгийн мэдээлснээр, Засгийн газрын эх сурвалжууд нь БНАСАУ-аас пуужин харвасныг нотлоод, улсынх нь аюулгүй байдалд шууд аюул учруулаагүйг уламжилжээ. Туршилтын дараа Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулсан аж.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ээлжит тогтоолоо баталсан, Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Сингапурт болсон “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” бага хурлын үеэр Пхеньяныг шүүмжилснийг эсэргүүцэн пуужин туршсан байж мэдэх юм гэж телевизийн TBS суваг таамаглажээ.

БНАСАУ энэ удаагийн туршилтаараа цэргийн том хөлөг онгоц руу өндөр нарийвчлалтай пуужин харвах чадалтайгаа харуулж байна гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн үзэж байна.

АНУ сүүлийн хэдэн долоо хоногт Солонгосын хойг дахь цэргийн хөлөг онгоцныхоо тоог нэмж байгаа билээ. Хамгийн сүүлд зургадугаар сарын 5-нд Америкийн Сан-Диего хотоос нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц болох “Нимиц” БНАСАУ-ын эргийг зорьсон. Түүнээс өмнө “Карл Винсон”, “Рональд Рейган” хөлөг онгоц Солонгосын хойгт очсон юм.

Үүнээс өмнө БНАСАУ өнгөрсөн сарын 29-нд пуужин туршсаны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсад авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)