БНАСАУ баллистик пуужин харвах шинэ талбайтай болж байна

БНАСАУ-ын Пёньяны олон улсын нисэх буудлын орчимд барьж буй шинэ байгууламжийн барилгын ажил дуусах шатандаа оржээ. Үүнийг тив хоорондын баллистик пуужин харвахад ашиглаж болзошгүй гэж АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвөөс мэдээлэв. “Нисэх буудлын өмнөд хэсэгт орших шинэ байгууламж нь пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлэх хүчин чармайлттай нь холбоотой байх өндөр магадлалтай. Эл байгууламж дотор барьж буй дэд бүтцэд тив хоорондын баллистик “Хвасон-15” болон бусад пуужинг байрлуулах боломжтой” хэмээн Америкийн мэргэжилтнүүд үзэж байна. Ийм дүгнэлтийг тэд хиймэл дагуулуудаас авсан зургуудад үндэслэн хийжээ.

БНАСАУ 2017 оны арваннэгдүгээр сард АНУ-ын нутаг дэвсгэр дэх байг устгах чадалтай, тив хоорондын баллистик “Хвасон-15” пуужинг туршсан билээ. Үүнээс хойш ийм ангиллын пуужин харваагүй. Шинжээчдийн үзэж байгаагаар Пёньян Вашингтонтой хийж буй хэлэлцээний уур амьсгалыг эвдэхгүйн тулд ийм алхам хийжээ. Өнгөрсөн онд хоёр улсын хэлэлцээнд ахиц дэвшил гараагүй. Тухайлбал, хоёрдугаар сард нь Вьетнамын Ханой хотод болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалт амжилтгүй болсон билээ.

ЦЭРГИЙН ШАРИЛ ХАЙХАД РОБОТ АШИГЛАНА

БНСУ-ын зэвсэгт хүчний командлал 1950-1953 оны Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн шарилаа эрэн хайх ажилд автомат робот ашиглахаар болжээ. KBS телевизийн мэдээлснээр БНСУ-ын БХЯ-ны “Дөрвөн стратеги ба арван даалгавар” хөтөлбөрийн хүрээнд ийм шийдвэр гаргав. Уг хөтөлбөр нь амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг хайх ажлын үр дүнг дээшлүүлэх зорилготой юм. Тодруулбал, эрэл хайгуулыг бие даан явуулах чадвартай роботууд бүтээж, ашиглахаар төлөвлөжээ. Тэдгээрийн тусламжтайгаар цэргүүд жил бүр 500 орчим шарил олохоор төлөвлөж, тусгай анги нэгтгэл байгуулах гэнэ.

БНАСАУ-тай залгаа хил орчмын цэрэггүй бүсэд Солонгосын дайны үед амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг хайх ажлыг БНСУ-ын тал дөрөвдүгээр сарын 20-нд сэргээжээ. Уг ажиллагааг гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас хойшлуулсан аж.

ЗАРДЛЫН ТАЛААР ЦААШИД БУУЛТ ХИЙХГҮЙ

Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн зардлыг хуваах тухай АНУ-тай хийж буй хэлэлцээнд БНСУ цаашид буулт хийхгүйг “Yonhap” агентлаг уламжиллаа. Тус агентлагийн дипломат эх сурвалж Сөүлээс төлөх мөнгөний хэмжээг тодруулахаас татгалзаад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва хамгийн боломжит хувилбар гэж хэлснийг тэмдэглэжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр парламентдаа үг хэлэхдээ Сөүл өнгөрсөн оны төлбөртэй харьцуулахад татварын хэмжээгээ 13 хувиар нэмэхэд бэлэн байгааг мэдэгдсэн юм.

Эх сурвалж АНУ-ыг хэлэлцээний үеэр уян хатан байж чадаагүйг онцлоод, энэ оны дөрөвдүгээр сар гарснаас хойш болсон яриа хэлэлцээний үеэр ямар ч ахиц дэвшил гаргаагүйг дурджээ. Вашингтон 2018 оноос хойш БНСУ дахь АНУ-ын 28 мянган цэргийн зардлаас оногдох хувиа өсгөхийг Сөүлээс шаардаж буй юм. Хамтарсан батлан хамгаалах ажиллагааны зардлаас Өмнөд Солонгост ногдох хэмжээ 2019 онд 8.2 хувиар нэмэгдэж, 915 сая доллар болсон билээ. Хэвлэлүүдэд мэдээлснээр Вашингтон Сөүлийн зардлыг таван тэрбум доллар хүргэхийг шаардаж байгаа аж. Энэ сэдвээрх тус хоёр улс хоорондын хэлэлцээ мухардмал байдалд оржээ. Учир нь АНУ-ын шаардсан дүнг Өмнөд Солонгос хэт их гэж үзэж буй юм.

Солонгосын дайны үеэс хойш БНСУ-д АНУ-ын цэрэг байрлаж байгаа. Тэдний зардлыг 1950 оны нэгдүгээр сарын 26-нд дээрх тус хоёр улс хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу зохицуулдаг аж.

“Чанжэн-5B”-гээр шинэ хөлөг хөөргөжээ

БНХАУ мягмар гарагт хамгийн сүүлийн үеийн “Чанжэн-5B” зөөгч пуужингаараа сансрын шинэ хөлгийн загварыг хөөргөсөн тухай Жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас нь мэдээлжээ. Пуужинг Хайнань арлын Вэньчан сансрын буудлын “LC-101” хөөргөх цогцолбороос нисгэсэн байна. “Чанжэн-5B” пуужингаар сансрын жолоодлогот хөлгийн болон ачааны буцах капсулын загварыг хөөргөсөн бөгөөд нислэг найман минут 15 секунд үргэлжлэн, сансрын хөлөг урьдчилан тогтоосон тойрог замдаа оржээ.

Энэ удаагийн нислэг шинэ зөөгч пуужин төдийгүй сансрын жолоодлогот шинэ хөлгийн загварыг анх удаа туршсанаараа онцлог юм. Сансрын хөлгийн загвар тойрог замд хэр удаан байх, тойрог замаас хэдийд гарах нь тодорхойгүй байна. Харин CGTN телевизийн мэдээлснээр хөлөг тойрог замд хоёр хоног байх аж.

Шинэ зөөгч пуужингийн хөөрөх үеийн жин нь 849 тонн бөгөөд өндөр нь 53.7, диаметр нь таван метр гэнэ. Энэ нь Хятадын хамгийн хүчтэй пуужинд тооцогдож байгаа “Чанжэн- 5”-ын шинэчлэн сайжруулсан хувилбаруудын нэг юм. “Чанжэн-5B” зөөгч пуужин нь 22 хүртэл тонн жинтэй ашигтай ачааг дэлхий орчмын тойрог замд хүргэх хүчин чадалтай.

Сансрын шинэ хөлгийг тойрог замын сансрын станц байгуулах хөтөлбөрийн хүрээнд, Зөвлөлтийн “Союз” хөлгийн загвараар бүтээсэн Шэньжоу хөлгийн сайжруулсан хувилбар аж. Сансрын уг хөлөг нь хуучин загвар шиг гурав биш, сансрын зургаан нисэгчийн багтаамжтай гэнэ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)