Б.Наранхүү яагаад хурлаа тасалдаг вэ

УИХ-ын гишүүн Б.Наранхүү ажлаа хамгийн их тасалдгаараа “айргийн тав”-д багтдаг. Өмнөх парламентад ч тэрбээр ийм л байсан, эгчтэйгээ нэг ангид суугаад ч засарсангүй. Уг нь эгч эрхбиш хэлж, сануулах байгаа хэмээн иргэд “найдаж” байв. Гэвч насанд хүрсэн эр эгчийнхээ сануулгыг ч тоодоггүй биз.

Тэрбээр саяхан телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцож, яагаад ажлаа таслаад байдаг тухайгаа тайлбарлажээ. “УИХ-ын гишүүн гээд бүх юмыг мэдэхгүй. Тиймээс мэддэг асуудлынхаа хэлэлцүүлэгт суугаад, мэдэхгүйдээ орохгүй байсан нь дээр” гэсэн шүү. Мэдэхгүй байх нь гутамшиг биш, мэдэхийг хүсэхгүй байх нь гутамшиг гэсэн үг бий.

Мэдээж УИХ-ын гишүүн төгс хүн биш. Тэгсэн хэдий ч сонгогчдын эрх ашгийг төлөөлж буй хүн бүх л салбарын хууль, тогтоол хэлэлцэхэд тодорхой ойлголттой байж, тэдний өмнөөс оролцох үүрэгтэй. Гэтэл мань эр “Бүгд тэнд хуралдаад байвал хэн ажил хийх болж байна, тиймээс мэдэхгүй асуудал хэлэлцэхэд суудаггүй” хэмээн шулуухан хэлэх юм. УИХ-ын гишүүний цалингаа тэр бүтэн авдаг ч ажлаа ийнхүү дутуу хийдэг нь шударга бус.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)