Б.Мөнхцэцэг: Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог дүүргийнхээ хөгжилд чиглүүлнэ

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Юун түрүүнд ИТХ-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэе. ИТХ-ын Төлөөлөгч орон нутгаа хамгийн сайн мэддэг байх ёстой. Тэгэхээр хурлын дарга дүүргээ гарын арван хуруу шигээ мэддэг байх ёстой болов уу. Таны хувьд дүүрэгтээ  бас чамгүй удаан ажиллаж байгаа юм  билээ.

-Баярлалаа. Тэгэлгүй яахав ИТХ-ын Төлөөлөгч гэдэг бол иргэдийг төр захиргааны байгууллагад төлөөлөх хамгийн ойрын төлөөлөл юм шүү дээ. Тэр ч утгаараа маш хариуцлагатай ажил. Миний хувьд энэ дүүрэгтээ 2006 оноос дүүргийнхээ 7 дугаар хорооноос ажлын гараагаа эхэлж, дараа нь 2009 оноос 25 дугаар хорооны Засаг даргаар 2016 оны 7 дугаар сар хүртэл ажилласан.

Түүнээс хойш дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байна. Тэр ч утгаараа дүүргийнхээ ажил амьдралыг сайн мэддэг хүмүүсийн нэг. Тиймээс манай дүүрэг 120.6 мянган га газар нутагтай, 82.9 мянган өрх, 307.2 мянган хүн ам, засаг захиргааны 32 хороотой. Тус дүүрэгт улсын нийт хүн амын 10% буюу 10 хүн тутмын нэг нь амьдарч байгаа бол нийслэлийн 22.8%  буюу нийслэлийн 4 хүн тутмын нэг нь оршин суудаг гэх мэт тоог хэлж болно.

Түүнчлэн дүүргийн газар нутгийн 77.0 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 19.4 хувийг ойн сав газар, 3.6 хувийг зам, шугам сүлжээ бүхий барилгажсан газар тус тус эзэлдэг. Нийт өрхийн 27.1 хувь нь нийтийн орон сууцанд, 72.9 хувь нь хувийн байшин, монгол гэрт амьдарч байгаа. Мэдээж хүн ам ихтэйн улмаас иргэдийн амьжиргааны түвшин доогуур гардаг.

Үүнийг хамгийн энгийнээр тайлбарлавал хотын баруун захын дүүрэг учраас баруун таван аймгаас хот руу нүүдэллэх их хөдөлгөөн тэр чигтээ манайд ирдэг гэхэд болно. Ер нь хараад байхад хөдөөнөөс хот руу ирж байгаа иргэдийн дийлэнх нь мал хуйгаа барчихсан эсвэл хот руу арай илүү амьдралыг хайж ирдэг төлөв ажиглагдаад байгаа. Тэд маань их хотод ирээд эхэндээ хөлөө олох гэж хэсэг хэцүүхэн замыг туулдаг. Энэ мэт шалтгаан манай дүүргийн иргэдийн амжиргааны түвшин, эдийн засгийн үзүүлэлтүүд доогуур гарах үндэс болдог.

Яахав Сонгинохайрханд 6 мянга гаруй тог цахилгаангүй өрх байна худаг усны хүрэлцээ муу байна, ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын 40 гаруй хувь нь 3 ээлжээр хичээллэж байна гэх мэт зовлон манайд их л дээ. Гэхдээ зовлон тоочоод манай дүүрэг л нийслэлээс татаас авдаг гээд гараа хумхиад суугаад байвал энэ тоо улам л өснө шүү дээ.

-Сурагчид гэснээс сүүлд танай дүүрэг бага сургууль, цэцэрлэгийн зориулалтаар баригдаж байсан барилгыг бүтэн цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар болсон гэсэн. Энэ талаар та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. Ингэснээр цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хэр шийдэгдэж байгаа вэ?

- СХД 2009 онд 240 гаруй мянган хүн амтай байсан бол энэ тоо 7 жилийн дотор 70 мянгаар нэмэгдсэн байгаа юм. Ингэхээр иргэдэд хүргэх ёстой төрийн болоод нийгмийн талын үйлчилгээ маань мөхөсдөх асуудал үүсч байгаа.

Харин сургууль, цэцэрлэгийн тухайд бол сүүлийн жилүүдэд нийслэлд нэлээд хэдэн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон. Дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих хүүхдийн 62 хувьнь хамрагдаж байгаа гэсэн тоо бий. Харин таны асуугаад байгаа энэ цэцэрлэг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр манайхны нэрлэдгээр Зүүн салаанд 170 дугаар цэцэрлэг болон саяхан нээлтээ хийсэн.

170 дугаар цэцэрлэгийн хувьд хуучин байрандаа 5 бүлэг хичээллүүлж байсан бол 240 сурагч, цэцэрлэгийн 120 хүүхэд хичээллэхээр баригдсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын статусыг өөрчилж, бүтэн цэцэрлэг болгосноор тус цэцэрлэг өргөтгөлийн шинэ байрандаа 640, нийт 700 гаруй хүүхэд хүмүүжүүлж байна. Энэ цэцэрлэг ашиглалтад орсоноор бид байр савны хувьд улсын хэмжээнд жишиг цэцэрлэгтэй болсон гэж үзэж болно.

Учир нь иж бүрэн спорт залтай тул сургуулийн өмнөх насны хүүхдүүддээ урлаг, спортоор хичээллэх сууриа зөв тавих нөхцлийг нь бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн дан ганц 25 дугаар хорооны хүүхдүүд бус хөрш зэргэлдээ 9 дүгээр хорооны багачууд ч мөн 170 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ачаар сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдаж байна. 

-Сонгинохайрхан дүүргийн “зовлон”-гийн талаар танай дүүргийн удирдлагууд болон дүүргээс Сонгогдсон УИХ-ын гишүүдийн ярианаас олон удаа сонсож байсан. Харин үүнээс гарах гарц нь юу юм бэ. Олонх болсон та бүхний хувьд үүнийг шийдвэрлэх ямар алхмууд хийхээр төлөвлөж байна?

-Тэгэлгүй яахав. Яг энэ асуудлыг ярих гэхээр бид нийслэлээс санхүүгийн хувьд тусламж авдаг төвийн ганц дүүрэг гээд л эхэлнэ шүү дээ /инээв/. Дээр дурьдсанчлан шилжилт хөдөлгөөн зэргээс үүдсэн амьжиргааны түвшин мэдээж маш доогуур.

Тодруулбал хүн амынхаа тоонд хуваагаад, нэг хүнд нэг жилд ногдох орлогын хэмжээг аваад үзвэл бусад дүүргээс 10 дахин, багадаа 7 дахин бага орлоготой байна гэдэг энд амьдрал ямар байгааг илхэн харуулах байх. Тиймээс ДИТХ анхдугаар хуралдаанаараа үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлээ баталж, 4 чиглэлээр ажлын хороо байгуулж, 43 зорилтыг хэрэгжүүлэхээр зориод байна.

-Үйл ажиллагааны үндсэн чиглэлээ мэдээж орон нутгийн сонгуулийн дүнгээр танай дүүрэгт иргэдийн итгэлийг авч, үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөртөй уялдуулж гаргасан байх. Түүнийг төрийн захиргааны байгууллагын бодлоготой уялдуулж, орон нутгаа хөгжүүлэх том ажил ирэх дөрвөн жилд хүлээж байна. Ажлын төлөвлөгөөгөө цухас танилцуулахгүй юу?

-Тэгэлгүй яахав. Мэдээж үйл ажиллагааны үндсэн чиглэлээ боловсруулахдаа нэн тэргүүнд Монгол Улсын Засгийн газрын  болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, өмнөх Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс үйл ажиллагаандаа баримталж байсан үндсэн чиглэлийн залгамж чанарыг хадгалан, хоёрдугаар хуралдаанаараа батлаад байна.

Түүнчлэн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын оновчтой бүтцийг бий болгож, ялангуяа Хорооны Иргэдийн Нийтийн Хурлыг бэхжүүлэх, дүүргийн хилийн цэсийг тодотгох, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор хүн ам, өрх олонтой хороог хуваах улмаар дүүрэг хуваах саналыг дээд шатны холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудтай ажлаа уялдуулан хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар иргэд рүү нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, салбар тус бүрээр дэд хөтөлбөр боловсруулан ажиллахаар болоод байна.

Гэр хороолол давамгайлсан дүүрэг учраас нэн тэргүүнд гэр хорооллын гудамжнуудаа гэрэлтүүлэгтэй болгох, тог цахилгаангүй байгаа иргэдээ амьдралын наад захын хэрэглээ болсон цахилгаанаар бүрэн хангах болон дэд бүтцийн хүрээнд авто замын ажлуудыг ч мөн шат дараатайгаар хийхээр төлөвлөөд байна. 

-Баярлалаа таны болон танай баг хамт олны цаашдын ажилд амжилт хүсье.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)