Б.Лхагважав: Татварыг нэмэгдүүлбэл бизнес эрхлэгчид ямар ч татвар төлөхгүй

МҮХАҮТ-ын удирдах зөвлөл болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ. Энэ үеэрээ тэд бизнес эрхлэгчид бол “саалийн үнээ” биш хэмээн хатуу мэдэгдсэн юм. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр нэмэгдсэн өртгийн албан татварын орлого өмнөх оны гүйцэтгэлээс 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелжээ. Мөн энэ оны эхний гурван сард татварын орлого 30 хувиар давж биелсэн байна. Ийнхүү татварын суурь өргөжиж, татварын орлого бүрдүүлэхэд нааштай үр дүн гарч буй өнөө үед Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх, мөн өнгөрсөн оны намрын чуулганаар хэлэлцэгдэж байсан татвар нэмэх асуудлыг ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийн дор 2017 оны төсвийн тодотголоор УИХ-д өргөн барьж байгааг эсэргүүцэж байгаа аж. Иймд:

  1. Төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байх,
  2. Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувь, үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар бууруулах,
  3. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх,
  4. Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх,
  5. Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор зах зээлийн зарчмаар тэгш, шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үзүүлэхгүй байх,
  6. Онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байх,
  7. Төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх,
  8. Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо, судалгаатай хандан шийдвэр гарах зэрэг шаардлагыг тавьжээ.

Хэрэв эдгээр шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав “Бизнес эрхлэгчид жилд гурван их наяд төгрөгийн татвар төлдөг. Энэ оны эхний гурван сарын байдлаар 800 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 400 сая ам.долларын татвар төлсөн байгаа. Гэтэл ийм хэмжээний урьдчилгааг ОУВС-гаас авсан. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад хийгдсэн мөнгөний том бодлогууд дээр бид ямар муу менежер гэдгээ харуулсан. Одоо тэрнийхээ өр зээлэнд баригдаад, барьцаанд нь татвар төлөгчид, компаниудаа тавьчихаад байгаа юм. Өмнө дурдсанчлан бидний татварын бүх орлого биелсэн. Зөвхөн эхний гурван сард 800 тэрбум төгрөгөөр татварын орлого биелүүлсэн байхад яагаад татвар төлөгчдөө барьцаалаад байгаа юм бэ. Зардлаа дээд зэргээр танахад л шийдэгдэх асуудал юм.

Үүнээс гадна тэтгэврийн насыг нэмэх асуудал дээр сайн судалгаа тооцоолол хийх хэрэгтэй. Төрийн алба хаагчдын ажлын байр 25 жилдээ баталгаатай байдаг бол хувийн хэвшлийн ажилчдынх тийм биш. Судалгаагаар нэг компанийн дундаж наслалт 9-10 орчим жил байна. Компани нь 25 жил наслах баталгаа байхгүй байхад тэнд ажиллаж буй ажилчдын ажлын байр баталгаатай байх нөхцөл үгүй.

Нэмж хэлэхэд, ОУВС бол зөвхөн балансыг тэнцвэржүүлж, туслалцаа үзүүлдэг болохоос хөгжлийг авчирдаг байгууллага биш. Нөгөө талаас тухайн байгууллагын нэрийг ашиглаж судалгаа, тооцоололгүй ажлуудыг хийж байна. Тиймээс энэ сарын 15-н гэхэд шийдэлд хүрэхгүй бол ямар ч татвар төлөхгүй гэдгийг мэдэгдэж байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)